Олон улсын стандарт хангасан мэс заслын тасгийг Төв аймагт байгуулав


Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг өнөөдөр мэс заслын вакум ариун өрөө, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасагтай боллоо. Эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний мэс засал, өндөр эрсдэл бүхий мэс засал, мэдрэлийн мэс засал гэх мэт бүх төрлийн мэс заслыг тус эмнэлэгт хийх нөхцөл үүгээр бүрдлээ.
Аймгуудын Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-үүдээс “Олон улсын Class 1000 стандарт” шаардлага хангасан анхны тасаг Төв аймагт ашиглалтад орж байна.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгуудын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, орчин үеийн стандартад нийцсэн мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасаг шинээр байгууллаа. Энэ тасаг Олон улсын Class 1000 стандартын Мэс заслын 2 вакум ариун өрөө, 1 энгийн мэс заслын өрөөтэй. Бүх тоног төхөөрөмж, өрөөний тусгай тоноглолууд нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн. Энд эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний мэс засал, өндөр эрсдэл бүхий мэс засал, мэдрэлийн мэс засал зэрэг нарийн мэргэжлийн бүх мэс заслыг хийх боломжийг бүрдүүлсэн байна.
Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй тус барилгын ажлыг “Мед буян” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 2024 оны 07 дугаар сард ажлаа эхлүүлж, өнөөдөр хүлээлгэн өгч байгаа нь энэ юм. “Мед буян” ХХК-ийн зүгээс нэмэлтээр тасгийн бүх тохижилтыг хийсэн байна.

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг жилд 155 мянган иргэнд амбулаторийн тусламж үйлчилгээ, 13 мянган иргэнд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн 5 жилийн дунджаар 1330 хагалгаа, мэс ажилбарыг жилд гүйцэтгэж байгаа бөгөөд хагалгааны нэр төрлийг жилд 1-2-оор нэмэгдүүлэн ажиллаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *