Улаанбаатар хотод амьдарч буй иргэд “ЭРХ”-ээрээ боомилуулж байна


Монгол Улсын иргэн би эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх, улсынхаа нутагт дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй. Эдгээрээс миний нэн тэргүүний эрх бол “Амьд явах” юм.

   Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод амьдарснаараа Үндсэн хуулиар олгогдсон дээрх эрх, эрх чөлөө минь боомилогдож байна. Хэрхэн зөрчигдөж байгааг баримттайгаар өгүүлье.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна

    Нэг жилийн өмнө буюу 2024.01.23-24-нд шилжих шөнө “Дүнжингарав” худалдааны төв орчимд зорчиж явсан автомашинууд дэлбэрэлтэд өртөж, онцгой байдлын албан хаагч болон тэр хавиар явж байсан иргэд амиа алдан, “Эдү-Апарт” хотхоны 207-р байрны оршин суугчид орох оронгүй болж, гудамд гарсан билээ. Тус дэлбэрэлтээс нийгэм даяараа эмзэглэсэн. Энэ дэлбэрэлт хотын хаана ч болох эрсдэлтэй. Стандартгүй, хот төлөвлөлтгүй, осол, дэлбэрэлт болсон үед хойшлуулшгүй арга хэмжээ авч чаддаггүй төр, засагтай хотод эрүүл, аюулгүй амьдрах ээдрээтэй байна.

    Улаанбаатарын утаанд ураг ч амиа алдаж байна. Манай улс 2008-2023 оны хооронд утааны эсрэг 1.7 их наяд төгрөг зарцуулсан гэх тоо баримт утааны сонсголын үеэр ил болсон. Тэгвэл 2017 оноос 2025 он хүртэл 800 хүн угаарын хийн улмаас амь насаа алдаад байна. Үүнээс гадна утааны хор занал хэвлийд бүрэлдэж буй ураг, утаагаар амьсгалж буй иргэн бүрийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Мөн утаа нь уушгины хатгалгааны 18%, уушгины архаг бөглөрөлт өвчний 13%, тархины судасны өвчний 31%, зүрхний ишемит өвчний 32 хувьд нөлөөлж, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа талаар судлаач, докторууд хэлсэн. Иймээс бид өвлийг масктай давах тухай ярих болсон.

Эмнэлэгт ор бүү хэл шал олдохгүй, угаартаж нас барах иргэдийн тоо хоног өнжин бүртгэгдэж, уушгины үрэвсэл, хатгаа, хорт хавдар, хүхэрлэг хийн үнэрт толгой өвдөж, унтаж чадахгүй сэрэх, утаа гэхээр л уур хүрдэг болж угтаа хатуугаар хэлэхэд биднийг “Үхэж л байг” гээд орхиж байгаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг минь зөрчиж байгаа юм.

Улсынхаа нутагт дэвсгэрт чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж байна

Улаанбаатарынхан түгжрэлд түгжигдээд удаж буй. Жил бүр түгжрэлийг бууруулна, түгжрэлийн эсрэг гэж олон арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг НИТХ баталсан. Ингээд импортоор орж ирсэн автомашинд улсын дугаар олгохгүй байх тогтоол хэрэгжиж эхэлсэн билээ. Үр дүн нь тэдний хэлсэн шиг түгжрэлийн эсрэг оновчтой шийдвэр биш байлаа.

Харин шинэ машин худалдсан авсан иргэд дугаар авч чадахгүй хохирч, дагаад шагийн дугаарын үнэ тэнгэрт гарч, улсынхаа нутагт дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхээ хаалгуулав. Мөн аливаа баяр ёслолын үеэр замын ачаалал нэмэгдэж, хот даяараа 0 зогсолт хийдэг. Үүний эсрэг авах арга хэмжээ нь нөгөө л нэг 2013 оноос хэрэгжиж эхэлсэн тэгш, сондгойгоор зорчих. Одоо ч Цагаан сар дөхөж буйтай холбоотойгоор тэгш, сондгойгоор зорчих эсэх талаар иргэдээс санал авсан. Санал хураалтыг 68% дэмжсэн гэсэн судалгаа гарсан. Ингээд энэ Бямба гарагаас эхлэн тэгш, сондгойгоор зорчихоор болов.

Ямартай ч Үндсэн хуульд заасан улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрх хязгаарлагдаж, цаашлаад шударгаар өмчтэй болох эрхийг маань зөрчиж байна. Шинэ машин аваад уная гэхэд 5 шалгуураар дугаар авах, авчихвал тэгш, сондгойгоор зорчино гээд эрхээрээ нэг тоглуулах шиг л болж байна даа.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боомилж байна

Монгол ардчилсан улс. Хүн бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ сүүлийн үед энэ эрх рүү халдаж, дарангуйлах үзэгдэл ихэслээ. Зун болж, бороо орохоор хот тэр чигтээ усанд автдаг. Үер буух эрсдэлтэй нөхцөлд буусан захын айлууд аадрын улмаас үе үе усанд автдаг байсан бол одоо төв, зах гэж ялгахгүй Усанбаатар болсон. Зуныг ямар дүр зурагтай, зутруухан давдаг билээ, та бүхэн мэдэх байх. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч У. Хүрэлсүх усанд автагдсан хотод сэлж яваа мэт мийм (Meme) хийсэн “Содном гуайн миймдэлт” хуудсыг хаасан хэрэг өнгөрсөн зун гарсан.

 Ингээд тус хуудасны админ М.Содномдаржаагаас ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба мэдүүлэг авсан байдаг. Энэ талаар тэрээр “Орой 22:00 цагийн үед очоод, 02:30 цаг хүртэл мэдүүлэг өгсөн. Би хүнийг гутаан доромжилж, худал мэдээлэл тараагаагүй” хэмээсэн билээ.

Алхам тутамд саад бартаатай, өвөлдөө утаатай, зундаа үертэй, ард түмнээ боддоггүй агаарын шийдвэр гэнэт гаргадаг төр, засагтай “ардчилсан” улсдаа бид нээлттэйгээр үзэл бодлоо хэлж, шүүмжлэх эрхээ ч хаалгасаар байна.

Энэ мэт эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх, улсынхаа нутагт дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхээ 100% эдэлж чадахгүй, хорьж хаалгуулж, хязгаарлуулж байна. Ерөөсөө энэ Улаанбаатарт иргэн нь эрхээ эдлэн амьдарч хөгжих боломж, орчин нөхцөл алга. Хөдөө гарч, тал нутагтаа очиж амьдардаг юм уу, яадаг юм билээ…


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *