Даатгалын компаниуд ипотекийн зээлтэй иргэдийг ингэж мөлжжээ


Монголд хүн амьд явах баталгаагүй гэдгийг Засгийн газар 2018 онд хүлээн зөвшөөрчээ. “Чи амьд явна, ядаж 60 насална гэсэн баталгаа байхгүй учир ипотекийн зээл авъя гэвэл амь насаа даатгуул” гэж Санхүүгийн зохицуулах хороо зээл хүсэгчдийг 7 жил шахаанд оруулж байна. Орон сууцны зээл авсан хүн бүр зээлээ төлж дуустал амиа даатгуулдаг. Ипотекийн зээлийг ихэнх банк 30 жилийн хугацаатай олгодог тул наанадаж 30 жил амиа даатгуулах шаардлагатай болдог. Орон сууцны, амь насны, эрүүл мэндийн даатгал уг нь сайн дурынх байтал СЗХ, МИК, банк, даатгалын компани хамтран, иргэдийг хүчээр даатгалд хамруулж байгаа юм.

А, Ш нар 6%-ийн хүүтэй зээлээр 2020.05.15-нд байртай болж, амь нас, эрүүл мэнд, авсан байраа даатгуулжээ. Тэд 2043.04.25-ныг дуустал 23 жил даатгуулахаар нэгэн компанитай гэрээ байгуулав. Гэтэл А 2022.05.28-нд зүрхний цочмог шигдээсээр нас барлаа. Түүний хамтран зээлдэгч Ш нөхөн төлбөр гаргуулахаар даатгалын компанид ханджээ. Тэд 80 сая төгрөгийн зээл төлөх үлдсэн байв. Түүний тал буюу 40 сая төгрөгийг А хариуцаж байсан гэж Ш үзээд, уг мөнгийг гаргуулахаар даатгалын компанидаа хандсан байна. 

Харин даатгалын компани “Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас амиа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана” гэж гэрээнд заасан. “Өвчнөөр нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан бол нөхөн төлбөр олгохгүй” гэж гэрээнд тусгайлан заасан” гэж хэлээд даатгалын компани талийгаачийн зээлийг төлөхөөс татгалзжээ. Үнэхээр уг гэрээнд тэгж бичсэн байлаа.  

СЗХ ипотекийн зээлийг урт хугацааны даатгалд хамруулахаар зааж өгсөн бол ийм асуудал үүсэхгүй, иргэд хохирохгүй байх байлаа. Үүнийг даатгалын компаниуд ашиглан, сул ашиг олжээ

Гэсэн ч тэр Санхүүгийн зохицуулах хороонд хандав. Тус хороо түүнд “Талууд даатгалын эрсдэлийг гэрээндээ тохиролцсон. Уг эрсдэлд ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсхүл хөдөлмөрийн чадвараа алдсан гэх үндэслэл тусгагдаагүй. Даатгуулагчийн нас барсан шалтгаан нь гэрээнд заасан гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй” гэсэн хариу өгчээ. Тиймээс тэр шүүхэд ханджээ. 2 жил хөөцөлдсөний эцэст 2024.03.01-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх даатгалын компаниас 40 сая төгрөг гаргуулж, түүнд олгуулахаар шийдвэрлэсэн байна. Гэсэн ч тус компани зөвшөөрөлгүй, “Өвчний эрсдэлийг манай компани даатгах боломжгүй. Гэнэтийн ослыг л даатгадаг” хэмээн давж заалдав. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024.04.26-нд “Даатгалын гэрээний төрөл нь амь нас, эрүүл мэндийн даатгал гэж тодорхойлогдсон. Талийгаач А зүрхний шигдээс өвчнөөр нас барсан учир түүний гэнэт нас барсантай холбоотой эрсдэлийг хариуцагч хүлээнэ” гэж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Даатгалын компани бас л эсэргүүцэн, Улсын дээд шүүхэд хандлаа.

Ипотекийн даатгал бол сайн дурынх. Даатгуулж ч болно, даатгуулахгүй ч байж болно. Гэтэл банкууд орон сууцны зээл авахыг хүссэн хүн бүрийг ипотекийн даатгалд даатгуулахыг шаардан, албан хүчээр даатгалд хамруулж байна. Энэ нь банк өөрийгөө эрсдэлээс хамгаалж байгаа мэт боловч нөгөө талаас зээлдэгчээ улам санхүүгийн дарамтад оруулан, цаг, мөнгийг нь үрж байгааг Ш-д тохиолдсон энэ баримт харуулж байна. Эцэстээ энэ нь даатгалын компаниудад л ашигтай зүйл болж хувирч байна.

Ипотекийн даатгал нь барьцаа хөрөнгийн даатгал, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн 2 тусдаа даатгалаас бүрдэнэ. Харин даатгалын компаниуд дотроо ердийн, урт хугацааны гэсэн 2 ангилалтай байдаг аж. Ердийн даатгалын компани үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (гэнэтийн осол)-ыг даатгадаг. Харин урт хугацааны даатгалын компани аливаа шалтгааныг даатгадаг юм байна.

Банкууд орон сууцны зээл авахыг хүссэн хүн бүрийг ипотекийн даатгалд даатгуулахыг шаардан, албан хүчээр даатгалд хамруулж байна

А, Ш нарын даатгуулсан компани ердийн даатгалаар үйлчилдэг ажээ. Тэд энэ ялгааг мэдээгүй байна. Даатгалын компани ч энэ тухайгаа тэдэнд тайлбарласангүй. Даатгалд хамруулаад, мөнгийг нь авахыг л бодсон хэрэг. Уг нь тэд урт хугацааны даатгалын компанид даатгуулсан бол ямар ч маргаангүйгээр нөхөн А, Ш нарын даатгалын компанитай байгуулсан гэрээнд өвчин, эрүүл мэндийн эрсдэлийн талаар дурдаагүй байна. Гэсэн ч тус компани өөрийн даатгалын онцлог, ялгаа, заалтыг тайлбарлаж өгөх ёстой. Тэр үүргээ биелүүлээгүй. Тиймээс “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам” зөрчсөн гэж үзэх үндэслэл бий. Уг журмын 5.4.2-т “Даатгагч энэ журмыг зөрчиж, ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлнэ” гэж заажээ. Гэвч УДШ “Журам зөрчсөн нь даатгуулагчид илт хохиролтой байдал бий болгосон, даатгагчийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл үүнд шууд нөлөөлсөн бол журам зөрчсөн гэж үзнэ” гээд тоосонгүй. Ингээд УДШ 2024.10.01-нд өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна. Ийн Ш 2 жил гаруй шүүхээр яваад, хоосон хоцров.

“Адгийн зарга 10 хоног” гэдэг энэ. Хоёулаа хамт төлдөг байсан зээлийг ганцаараа төлөх нь түүнд хэцүү тул ханийнхаа хариуцсан хэсгийг даатгалаар төлүүлэх нь түүнд чухал. Тэгэх гэж л тэд даатгуулсан. Банк ч, даатгалын компани ч анх тэдэнд тэгж ойлгуулан, хүчээр даатгалд хамруулсан. Даатгалын нэр нь ч амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн нэртэй юм чинь. Гэвч тэр одоо бүх зээлээ ганцаараа төлж байна.

Банк, даатгалын компани, МИК, Санхүүгийн зохицуулах хороо гээд олон байгууллага үүнд буруутай. СЗХ хэрвээ “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам” гаргахдаа ипотекийн зээлийг урт хугацааны даатгалаар үйлчилдэг компаниар хийлгэхээр зааж өгсөн бол ийм асуудал үүсэхгүй, иргэд хохирохгүй байх байлаа. Үүнийг даатгалын компаниуд ашиглан, сул ашиг олжээ. Даатгалын компани ч буруутай. Ердийн даатгалаар үйлчилдэг байлаа ч гэнэтийн осол гэдэгтээ цус харвалт, зүрхний шигдээсийг нэмж оруулах боломжтой байв. Гэсэн ч тэгсэнгүй. Бусдаас авахаа л бодов. Өгөхийг хүссэнгүй. Банк ч үүнд буруутай. Банк, даатгал хоёр санхүүгийн салбар гэх нэг л малгайн дотор үйл ажиллагаа явуулдаг. Аль алиныхаа онцлогийг мэднэ. Ердийн, урт хугацааны даатгалын ялгааг мэдсээр байж банкууд ердийн даатгалын компанитай хамтран ажиллаж, зээлдэгчээ “Энэ компанид даатгуулаад ир”, “Манайх энэ компанитай гэрээтэй”, “Даатгуулахгүй бол 6%-ийн хүүтэй зээлийг чинь цуцалж, банкныхаа өндөр хүүтэй зээл рүү шилжүүлнэ”  гэх зэргээр дарамталдаг тухай зээл авсан хүмүүс ярилаа. Даатгалын компанийн нэр цохон явуулж, банкууд иргэний сонгох эрхийг зөрчин, шахаанд оруулж байна. Ш-ийг ч ингэж аргагүй байдалд оруулсан байна. Тэр энэ тухайгаа “Зээл авахын тулд аргагүйн эрхэнд даатгуулсан” хэмээн шүүхэд мэдүүлжээ. 

Түүн шиг хохирсон хүн зөндөө. Зарим нь шүүхээр заргалддаг. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2018.04.05-ны өдрийн 550, 2019.01.15-ны өдрийн 56, 2019.03.12-ны өдрийн 330, 2020.10.27-ны өдрийн 724, 729, 2020.12.16-ны өдрийн 813, 2021.10.05-ны өдрийн 1158, 2023.02.14-ний өдрийн 29 дугаартай тогтоолоор ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын маргааныг шийдвэрлэжээ. Хамгийн гол нь энэ 8 хүн заргаа авсан байна. Энэ бол УДШ хүртэл заргалдсан хүмүүсийн маргаан. Явцын дундаас залхсан, больсон хүн олон байна. Даатгалын компаниуд гэрээ байгуулахдаа амь нас, эрүүл мэндийн даатгалын эрсдэл гэж юуг хэлэхийг  ойлгомжгүй тусгасан, гэрээний нөхцөлийн утга санааг бүрхэг бичдэг, мэдүүлгийн маягтыг даатгуулагчаар баталгаажуулаагүй, даатгуулагчид эрсдэлээ сонгох эрхийг нь эдлүүлээгүйг шүүх тогтоожээ.

Ийм асуудал үүсэж, олон хүн хохирсны дараа СЗХ даатгалын үйл ажиллагааг зохицуулж байсан хэд хэдэн журмаа нэгтгэн, 2024 оны 11-р сард “Даатгалын багц дүрэм” гаргажээ. Үүгээр ипотекийн зээлдэгчийн амь насыг даатгах эрхийг зөвхөн урт хугацааны даатгагчид олгосон байна. Ингэснээр даатгуулагч ямар ч шалтгаанаар амиа алдсан, хөдөлмөрийн чадваргүй болсон ч даатгалаас нөхөн төлбөр гаргуулах эрх үүсэв. Хамгийн гол нь үүнийг зээл авсан хүмүүс мэдээгүй явна. 2025 оноос өмнө орон сууцны зээл авсан бүх хүн ямар даатгалд даатгуулснаа нягталж, ердийн даатгал байвал гэрээгээ цуцлан, урт хугацааны даатгалд хамрагдахыг сануулъя.

Монгол Улсад даатгалын 19 компани бий. Үүний 16 нь ердийн, 2 нь урт хугацааны, 1 нь давхар даатгалын үйлчилгээ үзүүлж байна.


3 responses to “Даатгалын компаниуд ипотекийн зээлтэй иргэдийг ингэж мөлжжээ”

  1. ипотекийн зээл авсан иргэнд банк заавал даатгал хийлгэ гэсэн шаардлага тавьдаг . уг нь байр нь барьцаанд байгаа шүү дээ эрсдэл гарахгүй. байраа алдахгүйн тулд төлж л таардаг . жилд 280,-370,0 к давхар төлж санхүүгийн дарамтанд орж байна. одоо бүр өссөн жинхнээсээ сайн дурийн бол биш байгаа

  2. Ха ха. ингэж бичиж болохгүй ээ. шинэ шатанд гарган эрсдэлийг бүрэн хаая гэж бичиж болдоггүй юм уу,

  3. Тм шүү ипотек авхад нэг даатгал тэр нь сар бүр өндөр татаастай, дахиад энгийн нөхцөлөөр зээл авахад дахин даатгалд хамруулна ерөөсөө тэгээд мөнгө л гэж харахаас бидэнд ямар нэг юм боллоо гэхэд үр дүн нь иймэрхүү л юм хүлээж бнадаа тэрэндээ хэдэн хүн хэдэн төгрөг төлөхийг таашгүй зүгээр л иргэд ашгын бай болчихсон бн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *