Вьетнам улсад аялаад ирсэн хүнээс улаанбурхан өвчний сэжиг илэрч, лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан байна. Ун өвчтөнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа аж. Түүнтэй нийлээд, улаанбурхан өвчтэй 3 хүн манай улсад бүртгэгдлээ.
Гадаадаас ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандаарай. Улаанбурхан өвчнийг вирус үүсгэдэг, амьсгалын замаар халдварладаг. Өмнө нь уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр тусах эрсдэлтэй. Хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэл өндөр.
Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй. 9 сартай, 2 настай хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.
Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг зөвлөж байна. Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хийлгэх боломжтой.