АНУ-д тоглож буй С.Ган-Эрдэнэ гэж хэн бэ?


Америкт тоглож буй С.Ган-Эрдэнийн талаарх нийтлэл “Yahoo” дээр гарчээ. Энэхүү нийтлэлийг спортын сэтгүүлч Б.Энх-Амгалангийн орчуулгаар та бүхэнд хүргэе.

Солонгын Ган-Эрдэнэ, Энсвортын ахлах сургуулийн сагсан бөмбөгийн хөвгүүдийн багийн 7 тохой өндөр төвийн тоглогчийн хувьд өөрийнхөө бие шиг том намтар түүхтэй нэгэн.

Энэ улирал бол түүний хувьд Теннеси мужийн дунд сургуулийн тамирчдын холбоонд харьяалагдан тоглож буй анхны улирал төдийгүй ахлах сургуулийн түвшингийн багт багтан сагсан бөмбөг тоглож буй анхных нь улирал. 17 настай Монгол хүүгийн хувьд эх орондоо аль хэдийнээ мянга мянган үнэнч хөгжөөн дэмжигчтэй болоод амжсан.

The Tennessean сайт байнгын уншигч нартаа зориулан энэ 7 хоногт түүний талаар төлбөртэй нийтлэл бичсэнээс эш татан, түүний талаар мэдвэл зохих 4 баримтыг та бүхэнтэй хуваалцаж байна.

Ган-Эрдэнийг асран хамгаалах эрх нь Вандербилтийн их сургуулийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багийн хүчний дасгалжуулагч Жон Сандерсонтой холбогддог.

Хагас Ирланд цустай (энийг орчуулагч Энх-Амгалан сайн ойлгосонгүй) Ган-Эрдэнэ нь анх 15 насандаа Америкт аяллын визээр зорчиж Охайо мужийн Дэйтон дахь The Flyght академитай холбогдсон юм. Академийн зүгээс түүнийг орон байраар хангаж байсан хэдий ч 1 жилийн дараа түүнд байнгын оршин суух эрх нээгдээгүй байлаа.

Түүнийг анх нэгдсэн улсад хөл тавихад тусалж байсан Цэрэнжанхарын Шаравжамц тухайн үед үүсээд буй нөхцөл байдлыг 1999 оны Final 4-д шалгарсан Охайо мужийн их сургуулийн багийн гишүүн асан, саяхныг болтол Мичиганы сагсны  багийн хүчний дасгалжуулагчаар ажиллаж байсан Сандерсонд шууд тайлбарлаж ойлгуулсан байна.

Сандерсон болон түүний гэргий Жэнн нар өөрсдөө 3 хүүхэдтэй хэдий ч Ганааг гэр бүлийнхээ бас нэг гишүүн болгож авчрахаар тусламжийн гар, халуун сэтгэл дэлгэжээ. Ингээд 2023 онд Сандерсоны гэр бүлийн 2 түүний хууль ёсны асран хамгаалагч нар болсон байна. Улмаар Ганаа төд удалгуй Мичиган дахь Сандерсоны гэр рүү нүүж, оюутны виз авснаар тогтохгүй, Энн Арбор дахь Салаян ахлах сургуульд элсжээ.

Харин өнгөрөгч зун Сандерсон Мичиганы их сургуулийн ажлаа орхиж Вандербилтийн их сургуульд дасгалжуулагч Марк Брайтоны удирдлага доор ажиллах болсноор гэр бүлийн хамтаар Нэйшвилл руу нүүсэн юм.

Жон Сандерсоны хүү, 2025 оны Ноён Сагсан бөмбөг шагналын сүүлийн шатанд өрсөлдөгч Жонатон Сандерсон ч гэсэн Энсвортын ахлах сургуулийн багт тоглодог билээ. Түүний хувьд 2026 оны ахлах сургууль төгсөгчдийн ангидаа хэдийнээ үндэстний хэмжээний чансаанд эрэмбэлэгдэж эхлээд зогсохгүй Мичиганы их сургууль, Иллиной, Индиана, Мичиган мужийн их сургууль, Нотр Дам, Айовагийн их сургуулиудаас тэтгэлэг авахаар санал авсан авьяаслаг сагсчин юм. Харин одоо ах дүүс шахам болсон Ганаа тэр хоёр нэг гэрт амьдрахаас гадна нэг багт ч мөн хамтдаа тоглож байгаа юм.

Ганаагийн ээж Хүрлээгийн Солонго ч гэсэн хүүгийнхээ амьдралд том орон зайг эзэлдэг нэгэн. Солонгын хувьд Монгол улсад амьдардаг хэдий ч хүүтэйгээ өдөр бүр утсаар ярьдаг ажээ.

Сандерсон саяхан Ганаагийн өндрийг хэмжихэд 7 тохой хүрсэн байв. Ганаа харин 54 размерын пүүзтэйгээ зогсоход 7 тохой 1(216 см орчим) инчийн өндөртэй болдог ажээ.

Ганаа бол яг одоогоор бидэнд мэдэгдэж буй Монголын хамгийн өндөр хүн.

14 насандаа анх тоглож эхэлсэн Ганаагийн сагсан бөмбөгийн богино бичлэгүүд хэдийнээ сошиал медиад түгж, олны анхаарлын төвд орсон юм. Тэр үед Ганаа 6 тохой 11 инчийн өндөртэй байлаа

Өдгөө 51 настай (нийтлэл дээрээ л тэгчихсэн байсан шүү) Шинэ Зеландад амьдарч буй спортын сэтгүүлч, тайлбарлагч Ганбатын Идэр-Ууган энэ улиралд Ганаагийн 2 тоглолтыг өөрийн YouTube сувгаар олон нийтэд хүргэсэн нь даруй 27000 үзэгчийн хүртээл болжээ. Эдгээр үзэгчдийн дийлэнх нь түүний сувгийг дагадаг монгол үзэгчид юм.

“Тэр бол манай улсын сагсны шигшээгийн ирээдүй” гэж Шаравжамц цохон тэмдэглээд “түүхэндээ манай улсад 7 тохой өндөртэй хүн их ховор. Надаас хойш сагсны талбайд ийм гоц биеийг ашиглаж чадах цөөхөн хүмүүсийн нэг нь Ганаа. Түүний энэ биеийн өгөгдөл нь манай шигшээд үеийн үед хүн хүч хэрэгтэй байдаг төвийн  байрлалын дутууг нөхөх болно” хэмээн үргэлжлүүлэн ярьсан юм.

Ghana нэрээр нь мэдэх болсон Ганаагийн хувьд энэ улиралд Энсвортын ахлах сургуульд 12.5 оноо, 9.5 самбар, 1.2 хаалтыг дунджлахдаа 67 хувьтай довтолж байгаа юм.

Арьсан бөмбөгөөр тоглож сураад дөнгөж гуравхан жил болж байгаа ч гэлээ түүнд аль хэдийнээ Охайо мужийн их сургууль, Иллинойн их сургууль, Аризона мужийн их сургууль, Индианагийн их сургууль, Нотр Дамын их сургууль, Батлэрын их сургуулиудаас тэтгэлэг (сагсны багт нь тоглосноор их сургуульд нь суралцах тэтгэлэг авах) санал болгоод байгаа юм.

Ганаа 247Sports, Rivals мэтийн залуу тоглогчдын мэдээллийг цуглуулдаг сайтад бүртгэгдсэн ч гэлээ хараахан үндэстний хэмжээнд чансаанд эрэмбэлэгдэж одтой (тамирчдын бие бялдар, ур чадвар, нөөцийг үнэлж 1-ээс 5 одоор үнэлдэг) болж амжаагүй байгаа. Учир нь Америкын хувьд тэр бол судлагдаж амжаагүй тамирчин учраас тэр биз. Мичиганы ахлах сургуулиудын тамирчдын холбооны дүрмийн дагуу Ганаа өнгөрсөн улиралд ямар нэг багт тоглоогүйгээс гадна Америкт байнга оршин суух зөвшөөрөлгүй байсантай нь холбоотой биз ээ.

Нийтлэлийг: Reach Sports-ын нийтлэлч Tyler Palmateer

Орчуулсан, эх сурвалж: Б. Энх-Амгалан


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *