Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд өнгөрсөн 55 жилийн хугацаанд шинэчлэл хийгээгүй. Тус төвийн Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчиллээ. Үүгээр шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэх, шинэ технологи, шилдэг инновациудыг эх орондоо нутагшуулах нөөц бололцоо бүрдэж байна.
Анх 1970 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл томоохон засвар үйлчилгээ, технологийн шинэчлэл хийлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан Арьс ширний төв лабораторийн тоног төхөөрөмжийг Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-ийн 1.1 сая ам.долларын санхүүжилтээр бүрэн шинэчилжээ.

Үүнээс өмнө арьс, ширэн түүхий эд, хагас болон гүн боловсруулсан савхи, бэлэн бүтээгдэхүүнд 22 нэр төрлийн хими, физик механикийн шинжилгээ хийж ирсэн байна. Шинэ тоног төхөөрөмж суурилуулснаар олон улсын стандартын дагуу 60 гаруй үзүүлэлтийн шинжилгээг шинээр хийх боломжтой болжээ. Эдгээр шинжилгээг “Химийн шинжилгээний”, “Арьс ширний физик, механик шинжилгээний”, “Гутлын чанарын шинжилгээ”, “GMPстандартын шаардлага хангасан багажит анализын шинжилгээ”, “Бохир усны шинжилгээ”-ний гэсэн үндсэн таван лабораторит хийх юм. Лабораторид суурилуулагдсан агаар, хөрсний бохирдол үүсгэхгүй, байгаль орчинд ээлтэй орчин үеийн агааржуулалтын болон ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжүүд нь лабораторид тавигдах ISO 17025 стандарт шаардлагад нийцсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус лабораторид арьс ширний салбарт нэн чухал эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтуудыг хийх, экспортын болон дотоодын зах зээлийг стандарт шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүнээр хангах, салбарын тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэгүүдийг үзүүлэх юм. Энэ хүрээнд импортоор орж ирж буй арьс ширэн бүтээгдэхүүн, тухайлбал хүүхдийн гутал эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хүртэл шинжилгээ хийх чадвартай болжээ.