Дундговь аймаг XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн барилдааныг өчигдөр зохион байгууллаа. Барилдаанд улсын начин Ц.Чимэддорж, улсын начин Д.Амарсайхан тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглов. Тэднээс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, улсын начин Ш.Дарханбат, Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат нар шалгарав.

Тус барилдааныг “Дашгэнпэллин” хийд, “Амгалан дэлгэрэх” төв хамтран зохион байгуулж, уран гараатай бөхийн шагналыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, аймгийн заан Б.Баянсүх, уран барилдааны шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн заан Х.Чойжилсүрэн, өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нарт гардууллаа.

Энэ үеэр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, цогт гарамгай харцага Л.Пүрэвжав ахмад бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм.
