Японы эзэн хаан Нарухито ням гарагт 65 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. Тэрээр төрсөн өдрийнхөө өмнө Токио хотын төвд орших Эзэн хааны ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ.
Эзэн хаан Нарухито мэдэгдэлдээ энэ жил Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ой тохиож байгаа явдалтай холбогдуулан дайны аюул, хор хөнөөлийн талаар хэзээ ч мартаж болохгүй гэдгийг онцолсон байна. Тэрээр хөнөөлт дайны тухай дурсамж бүдгэрч магадгүй учраас дайныг биеэрээ туулж өнгөрүүлсэн хүмүүс хойч үедээ дайны талаарх дурсамж болон мэдэрсэн зүйлсээ хойч үедээ үлдээж, ямар хор хөнөөлтэй болох талаар хэлж ойлгуулахын чухлыг тодотгожээ.
Японы эзэн хаан өөрөө дайны дараа төрсөн боловч өөрийн эцэг, эх болох Эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нараасаа дайны хор хөнөөл болон энх тайвныг сахиулахын ач холбогдлын талаар үргэлж сонсож, мэдэрч ирснээ тодотгож, эцгийнхээ захисан хүслийг бүрэн гүйцэд биелүүлэхээ амлаж байгаагаа нэмж хэлсэн байна.
Мөн тэрээр төр засаг болон ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаараа хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж, ард түмнээ бодож, тэднийхээ төлөө бүхий л чадлаараа ажиллах болно гэжээ.
Сэтгүүлчид түүнээс хунтайж Хисахито-гийн талаар мөн асуусан байна. Хунтайж Хисахито нь эзэн хаан Нарухито, гүнж Акишино нарын цорын ганц хүү бөгөөд хаан ширээний өв залгамжлагч юм. Тэрээр өнгөрсөн оны 9-р сард 18 нас хүрсэн бол ирэх 4-р сард Цүкүба их сургуульд элсэн орж суралцахаар болжээ. Японы эзэн хаан хүүгийнхээ талаар ярихдаа өөрийн хүссэн мэргэжлээрээ сайн суралцаж, төрөл бүрийн хүмүүстэй уулзаж, өөрийн ирээдүйгээ бүтээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.
Нарухито мөн 2025 он хүн бүрийн хувьд зүрх сэтгэлдээ амар амгаланг олж, энх тайвныг бэлгэдсэн жил байх болтугай хэмээн хүсжээ. Сэтгүүлчидтэйгээ уулзсаныхаа дараагаар Японы эзэн хаан түүнд төрсөн өдрийн мэнд хүргэхээр Эзэн хааны ордонд ирж, цугласан олон нийттэй мөн мэндчилэн, уулзсан байна.