“1хbet”-ээр дамжин, Монголоос жил бүр 1.7 их наяд төгрөг гадаад руу урсаж байна


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар байгуулсан Төлбөрт таавар, цахим мөрийтэй буюу бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй зохион байгуулж буй асуудлыг шалгах, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна. Ажлын хэсгийн анхны хурал 2025.02.21-нд Төрийн ордонд боллоо.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал” Цахим мөрийтэй тоглоомоос шалтгаалан иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирох явдал өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Айл бүрт 1xbet-ийн хохирогч байна. 1xbet-ээр дамжиж. Монгол Улсад жилд 1 сая ам.доллар орж ирдэг ч гадагшаа жил бүр 1.7 их наяд орчим төгрөг (500 сая ам.доллар)-ийн валют урсаж байна. Энэ нь монгол хүн бүр 480 мянган төгрөгөөр хохирч байгаа гэсэн үг юм. Гэтэл олны танил хүмүүс 1xbet-ийг хөхиүлэн дэмжсээр байна. Энэ асуудлыг зүгээр хараад суугаад байж болохгүй. Зөвхөн хуульд өөрчлөлт оруулаад орхих асуудал ч биш. Бүх талын оролцоотойгоор цахим мөрийтэй тоглоомын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах, Монгол Улсаас “1xbet” гэсэн саит, аппликэйшн рүү хандах хандалтыг хязгаарлах зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстой. Тиймээс холбогдох эрх бүхий бүх байгууллагын төлөөллүүд оролцсон ажлын хэсэг байгууллаа. Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудалд зайшгүй хяналт тавих ёстой” гэлээ.

Зөвшөөрлийн тухай хуулиар цахимаар бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулдаг компани цахим хаяг, тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. 1xbet нэртэй цахим хаяг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Манай улсад 1xbet-ийн агентын үйл ажиллагаа явуулдаг 110 гаруй этгээд байж болзошгүй аж. Эдгээр агент пирамид хэлбэрээр салбарлаж, бүлгийн зохион байгуулалттайгаар ажилладаг. 1xbet нь гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах хэрэгсэл болжээ. 1xbet гэсэн зар сурталчилгаа хаа сайгүй байдаг. Олны танил хүмүүс, контент бүтээгчид үүнийг сурталчилсаар байгаа юм. Гэтэл энэ нь Зар сурталчилгааны хуулиар хориотой. Тиймээс агентын үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдэд хийж буй санхүүгийн хяналт шалгалтын үр дүнг үндэслэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж цагдаагийнхан үзэж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны газрын дарга Т.Батболд “Хяналт-1”, “Хяналт-2” нэгдсэн арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран 2022-2023 онд зохион байгуулсан. Энэ хүрээнд цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан 5241 домэйн хаягт Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан. Монополын эсрэг газрын улсын байцаагчийн дүгнэлт болон холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу 2018-2024 оны хооронд 1xbet -тэй холбоотой 25 домэйн хаягт Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан” гэв.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ажлын хэсгийн гишүүдэд цахим мөрийтэй буюу бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй зохион байгуулж буй асуудлыг шалгах, холбогдох санал, дүгнэлт боловсруулах чиглэлээр үүрэг өгч, энэ асуудлыг Засгийн газарт танилцуулна гэсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *