Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд хэн хүнгүй ажил албаа зохицуулж, бэлтгэлээ базааж байна. Жилдээ ганц болдог, монгол түмний уламжлалт баяраараа ижий аавдаа золгох гээд өгөх бэлэг, өмсөх дээлээ бэлдсэн ч явах эсэх нь тодорхойгүй хэвээр.
Учир нь Цагаан сарын баярын амралтыг сунгах асуудлыг төр, засаг маргааш шийдэх юм. Баяр болохоос хоёрхон хоногийн өмнө гэсэн үг. Хол явж ураг төрөлтэйгээ золгодог зарим иргэд “Ах дүү, амраг садандаа очихгүй гэдгээ хэлсэн. Зарим нь таслаад ч болтугай очно” гээд л шуугьж байна. Хэрэв маргааш амралтын хугацааг сунгавал хөдөө явахгүй гээд юмаа бэлдээгүй хүмүүс яах бол? Олон хүн ирэхгүй гээд цомхон тэмдэглэх санаатай суугаа хөдөөгийн айлууд ч сандарна. Энэ мэтчилэн иргэдээ хааж боосон, хооронд нь хагаралдуулсан, Засгийн газрын таамаглал үүсгэсэн шийдвэрүүд жилдээ ганц болдог Цагаан сарын баярыг хэрүүл шуугиантай болгож байна.
Бодоод байхад дан ганц Цагаан сар ч бус, олон үйл ажиллагаа төр, засгийн тулгуу шийдвэрээс болж, олны хэл ам дагуулжээ. Жишээ нь: Машины дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр. Иргэд дугаараар хязгаарлуулахгүй гээд байхад л заавал хязгаарлах гэсээр байгаад, хязгаарлачихсан. Иргэд дэмжсэн гэх боловч үнэндээ тэгж харагдахгүй байгаа юм л даа.
УИХ, Засгийн газрын гишүүд энэ улс оронд эмх цэгц тогтоон, болохгүйг болгож, цэгцлэх ёстойг цэгцлэх үүрэгтэй. Тэд өөрсдөө сайн дураараа ийм үүрэг хүлээж, энэ өндөр албанд очсон. Хэн ч тэднийг албадаагүй. Харин ч бүр тэр албан тушаал руу үхэн хатан зүтгэдэг. Гэтэл тэд нийгэмд талцал үүсгэхээс цаашлахгүй байгааг нийтээрээ, нийгмээрээ бид харж байна. Ямар ч албан байгууллага, хувь хүн байсан хугацаа нь тодорхой, болох ёстой зүйлд эртнээс бэлддэг. Ажил албаа зохицуулдаг. Цагаан сар болох нь угаас тодорхой байсан. Гэтэл хоёрхон хоногийн өмнө шийдвэр гаргадаг нь юуны учир вэ?
Цагаан сарын амралтыг нөхөж олгох болов уу гэж иргэд хүлээгээд байдаг. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Цагаан сараар амрахгүй. Төрийн байгууллагууд 3-р сарын 3-наас ажилдаа орно” гэж мэдэгдсэн ч иргэд Засгийн газрын амыг харсаар байна. Үүнийг мэдсээр байж Засгийн газар нэг бол Цагаан сарын баярын амралтыг нөхөж олгох, үгүй бол нөхөж олгохгүй гэдгээ түс тас мэдэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй бүлх залгисан мэт байх нь иргэдээ тодорхойгүй байдалд оруулж, талцахад хүргэлээ. Эсвэл Засгийн газарт иргэд нь талцаж байх нь таалагдаад байгаа юм уу?
Угаас түгжирдэг хотод тэгш, сондгой дугаараар явуулна, явуулахгүй гэж санал хурааж байхаар эрх бүхий байгууллага шууд л шийдвэр гаргаад, эртнээс зарлавал биелүүлэхгүй гэж хашхирах хүн байхгүй бус уу.
Ер нь төр, засгаас гаргаж буй нийтийг, нийгмийг хамарсан шийдвэрүүд иргэндээ ээлтэй бус, халтай байгааг бодолцох цаг хэдийнэ болсон.