Шинэ Зеланд улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Эндрю Бэйли өнгөрсөн долоо хоногт ажилтныхаа гарт хүрсэн гэх шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон байна. Эндрю Бэйли даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ болсон зүйлд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, “Тухайн үед хэрүүл маргаан болоогүй. Харин гараа хөдөлгөн ярилцаж, мэтгэлцэж байхдаа ажилтныхаа гарт хүрсэн” хэмээн болсон үйл явдлыг тайлбарлажээ.
Сайд ажилтантайгаа ажил хэргийн талаар маргалдах үедээ биед нь хүрсэн гэгдэж байгаа тэрхүү үйл явдал энэ сарын 18-ны өдөр болж, 3 хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт түүнийг сайдын албан тушаалаасаа огцорсон болохыг Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Луксон мэдэгджээ.
Эндрю Бэйли сайдын албан тушаалаасаа огцорсон ч парламентын гишүүн хэвээрээ үлдсэн байна. Тэрээр албан тушаалаасаа огцорч буй мэдэгдэлдээ “Та бүхэн намайг сайдын албан тушаал хашиж байхдаа биеэ барьж тэвчилгүй, эвгүй үйлдэл гаргасан гэдгийг мэдэх байх” хэмээн хэлсэн нь өнгөрсөн оны сүүлээр дарс үйлдвэрлэгчидтэй уулзах үеэрээ тэднийг “Азгүй амьтад” хэмээн дуудаж, духан дээрээ эрхий болон долоовор хуруугаараа англи хэлний “loser” буюу “азгүй амьтан” хэмээх үгийн эхний L үсгийг үзүүлж, үйлдвэрийн ажилтнуудыг доромжилсноо дурдсан байна.
Тэрээр анх 2014 онд Шинэ Зеландын парламентын гишүүнээр сонгогдож байсан бол 2023 оны сүүлээр явагдсан сонгуулийн дараа Ерөнхий сайд Кристофер Луксоны Засгийн газарт Худалдаа, аж үйлдвэр, хэрэглэгчдийн асуудал эрхэлсэн сайд, Жижиг бизнес болон үйлдвэрлэлийн сайд, Статистикийн сайдын албан тушаалд томилогдож байсан ажээ.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Луксоны хэлснээр Худалдаа, аж үйлдвэр, хэрэглэгчдийн асуудал эрхэлсэн сайдаар Үндэсний намын гишүүн Скотт Симпсоныг томилохоор болсноо мэдэгджээ.