Засгийн газрын ээлжит хуралдаанаар гуравдугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд бүх нийтээр амрах шийдвэр гаргасан. Ингэснээр амралтын өдрүүдэд шилжсэн гурав хоногийн ажлыг энэ ондоо багтаан нөхөхийг бүх шатны төрийн байгууллагад даалгажээ.
Уг шийдвэртэй холбогдуулан боловсролын байгууллагууд хэрхэн хичээллэх тухай Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад “Гуравдугаар сарын 3, 4, 5-н буюу Даваа, Мягмар, Лхагва гарагийг амралтын өдөр болгохдоо эдгээр өдрийг 2025 ондоо багтаагаад аль нэг Бямба гарагт эсвэл цахимаар ажиллах байдлаар шийдвэрлэж болно гэсэн. Боловсролын байгууллагын хувьд Засгийн газрын шийдвэрийг дагана. Өөрөөр хэлбэл Даваа, Мягмар, Лхагва гарагт амарна.
Харин хичээлийг цахимаар эсвэл тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр нөхөх боломжтой. Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд бүх шатны боловсролын байгууллага хуулийн дагуу хичээллэнэ. Зарим сургууль цахимаар хичээллэх зэргээр зохицуулалт хийж байгаа” гэв.