Т.Ариунцэцэг: Эцэг эх нь хоёулаа чихрийн шижинтэй бол хүүхэд өвчлөх магадлал 50 хувь хүртэл өсдөг


Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, дотоод шүүрлийн эмч Т.Ариунцэцэгтэй чихрийн шижин өвчний шалтгаан болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

Сүүлийн үед чихрийн шижингээр хүмүүс нэлээд өвчлөх боллоо. Энэ өвчин юунаас шалтгаалдаг талаар ярихгүй юу?

-Чихрийн шижин бол хоёр төрлийн хэв шинжтэй байдаг. Нэгдүгээр хэлбэр нь удамшлын гаралтай. Нойр булчирхайнаас ялгардаг инсулин дааврын дутагдалтай холбоотой цусанд сахар ихэсч илэрдэг удамшлын өвчин. Өөрөөр хэлбэл, бага насанд нь ихэвчлэн оношлогддог гэсэн үг. Хоёрдугаар хэлбэр нь хүмүүсийн амьдралын буруу дадал хэвшил буюу нүүрс ус, сахарын замбараагүй хэрэглээнээс шалтгаалж байна. Сүүлийн үед нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингээр хүүхдүүд их өвчлөх болсон. Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин ч маш их болсон. Нөгөө талаар таргалалттай хүмүүс чихрийн шижингээр өвчлөх эрсдэл нэмэгддэг.

Хүүхэд төрөлхийн чихрийн шижинтэй гэж оношлогдож байгаа нь эцэг эхээс удамшиж байна гэсэн үг үү?

-Ээж нь чихрийн шижинтэй бол хүүхэд энэхүү өвчнөөр өвдөх магадлал 25-30 хувь байдаг. Харин эцэг эх нь хоёулаа чихрийн шижинтэй бол хүүхэд өвдөх магадлал 50 хувь хүртэл өсдөг. Тэгэхээр удамшил буюу генээр дамжиж хүүхэд чихрийн шижинтэй гэж оношлогдож байна гэсэн үг. Жирэмсэн ээжүүд жирэмсний хугацаанд хэт их жин нэмэх, мөн чихэрлэг зүйл болох ундааны хэт их хэрэглээ, жимс сайн гээд зах замбараагүй жимс иддэгтэй холбоотой. Жирэмсний чихрийн шижинтэй ээжээс төрсөн хүүхэд жин ихтэй төрдөг. Энэ нь хүүхэд чихрийн шижинтэй болох суурийг тавьсан гэж ойлгож болно. Гэхдээ төрсний дараа хүүхдээ яаж хооллож байна, жин ихтэйгээр нь явуулаад байна уу зэргээс хамаардаг. Тэгэхээр жирэмсэн үеийн таргалалт ч бас хүүхдийг удамшлын чихрийн шижинтэй төрүүлэх үндэс, суурийг тавьдаг гэсэн үг.

Олдмол чихрийн шижин нь сахарын хэт их хэрэглээтэй холбоотой байна уу. Сүүлийн үед хүмүүс сахар орсон хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон байна?

-Хүний бие рүү сахар болж ороод байгаа хүнсийг үр тариа болон чихэрлэг хүнс гэж хоёр ангилдаг. Монголчууд гурил, будаа, чихэрлэг хүнснүүдийг маш ихээр хэрэглэдэг болсон. Үүнээс үүдээд олдмол чихрийн шижин үүсээд байна. Хэт их нүүрс ус хэрэглэх үед таргалалт явагддаг. Я л а н г у я а х э в л и й н таргалалттай хүмүүст чихрийн шижин үүсэх суурь нь тавигддаг. Өөрөөр хэлбэл, нүүрс ус бие рүү сахар болж задардаг. Сахар нь хүний биеийн эсүүд рүү ордог. Жишээ нь, зүрхний эс, булчингийн эс, элэгний эс гэх мэт эсүүд рүү сахар болж ороод, өөхөнд хувирдаг. Эс нь өөхөнд хувираад хүний биеийг энергиэр хангадаг гэсэн үг. Тэгэхээр манайхан хэт их сахар хэрэглээд, өөхөөр биеэ дүүргээд байхаар эс маань гэмтчихдэг. Ингээд сахар, өөх нь эсээсээ гарч чадахаа байчихдаг. Үүнийг чихрийн шижин өвчний суурь тавигдчихлаа гэж нэрлэдэг. Элэг, зүрх өөхөлчихлөө гээд хүмүүс яриад байдаг. Тэр чинь юү харуулаад байна вэ гэхээр хэт их сахар хэрэглэсэн байна гэсэн үг. Тэгэхээр тарган хүмүүст олдмолоор чихрийн шижин үүсэх эрсдэл өндөр байдаг. Ер нь эрүүл таргалалт гэж байхгүй. Таргалалт бол бүх өвчний үндэс суурь болдог.Хүний биеийг хэвийн жинтэй, жингийн илүүдэлтэй, таргалалттай гээд ангилдаг. Өндөр, жинг харьцуулаад биеийн жингийн индекс гэж гарч ирдэг. Хүн хэвийн жин дээр яваад байвал ямар нэгэн өвчнөөр өвчлөх магадлал харьцангуй бага байдаг.

 –Ер нь амьдралын буруу хэвшил ямар ч өвчний суурь болдог уу?

 -Хоол хүнс, амьдралын буруу дадал хэвшил,стресс гэх мэт ямар нэг байдлаар хүний биеийн тэнцвэр алдагдах л юм бол хүн өвчилж эхэлдэг. Дараагийн чухал зүйл нь нойр. Нойргүйдэлтэй яваад байхаар өвчний үндэс суурь болдог. Мөн тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол нөлөөлдөг. Эдгээр нь өвчнийг сэдрээдэг. Ковидын дараа хүмүүс яагаад их таргалсан бэ гэхээр дэлгэцийн өмнө их суусан, дасгал хөдөлгөөн хийхээ больсон. Үүнтэй холбоотой зүрх судасны өвчлөлүүд нэмэгдсэн. Тэгэхээр буруу дадал хэвшил хүнийг цогцоор нь өвчлүүлж байгаа юм.

 Чихрийн шинжинг сүүлийн үед хэрхэн эмчилж байна вэ ?

-Эм тариа гэхээсээ илүү хоолоор маш сайн эмчилж болдог. Эм тариа бол өвчнийг архагшуулаад, улам хүндрүүлдэг. Тэгэхээр сахарыг цусанд оруулж ихэсгэхгүй, идэж байгаа хоол хүнсээр нь эрүүл байлгах бүрэн боломж бий. Хоолоо зөв хянаад явбал хүн эрүүлждэг, турдаг. Хамгийн сайн эмчилгээ бол хоолны эмчилгээ болчихоод байгаа юм.

Г.БАЛГАРМАА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *