Цагаан сар хэн дуртай нь элдвээр хэлдэг баяр биш  


Цагаан сарыг ад үзэгсэд хамаг муу үгээ урсгаад эхэллээ. Баян хүмүүс бэнчингээ гайхуулж, ядуу хүмүүс хөлд нь чирэгдлээ гэлцэнэ. Яагаад ч юм бэ, манайхны нэг хэсэг нь Цагаан сар дөхөхөөр л ядуугаа гэнэт мэдэх юм. Бусад үед бол бүгд л баярхуу, омголон хүмүүс. Наадмаар Улаанбаатарт хүн үлддэг бил үү. “Хамгийн сүүлчийн хүн гарахдаа гэрлээ унтраагаарай” гэлцэн, сошиалаар сануулаад, Улаанбаатараас Элсэнтасархай хүртэл ганц ч машин гүйцэж түрүүлэх зай үлдээлгүй цувдаг. Тэнд ч амарсан, энд ч зугаалсан хүмүүс. Ядуу хүмүүс ингэж аялж зугаалдаггүй юм.  

Сум, аймгийнхаа ойд яаж бэлдэцгээдэг билээ дээ. Нүдээ бүлтийтэл гоёсон, нүнжиг даасан баян хүмүүс л явдаг. Шинэ жил болохоор эр, эмгүй гоо сайхны салонд оочирлож, үнэтэй үйлчилгээ хийлгэцгээж, мөнгөө харамгүй төлцгөөдөг. Зассан ширээ, өмссөн хувцсаараа өрсөлдөн, инстаграм, фэйсбүүкийг зургаар дүүргээд л жигтэйхэн ганган, үнэхээр тансаг хүмүүс байдаг. Гадаадад Шинэ оноо угтдаг хүн ч зөндөө. Шинэ жилийн баяр дуусмагц бүгд гадаад. Гэр бүлээрээ дулаан орныг зориод, усны шувуудыг дагаад цувна. Тэгснээ Цагаан сар болохоор л гэнэт ядуугаа гайхаж, бусдын хөлд чирэгдэж байгаагаа мэдэрнэ. Цагаан сар уг нь ингэж хэн дуртайд нь хараалгадаг баяр биш сэн. Намайг хүүхэд байхад энэ баярыг монголчууд хүсэн хүлээдэг байлаа. Коммунизм байгуулж байгаа БНМАУ-д Цагаан сарыг Малчдын баяр гэдэг байв. Сумын дэлгүүрт хоргой, дурдан ирвэл малчдад л зарна. Ажилчдыг шагайлгах ч үгүй.

Эмэгтэйчүүд оройн цагаар нэгнийдээ цуглан, Цагаан сарын дээл оёно. Хавь ойрын хүүхнүүд манайд цуглаж, ээжээр дээлээ эсгүүлэнгээ торго, хоргой ярина. “Малчдад ам дөрвөлжин хоргой өгсөн байна. Хадам дүүгийн хөлд сууж байгаад, хошуу хоргой авчихлаа. Тэрүүгээрээ дээлээ эмжинэ ээ”, “Чи ч малчин дүүтэй, азтай юм аа. Малчдад наадмаар бас хоргой, дурдан өгдөг ш дээ. Чи дүүдээ хэлээд, үлдсэн хошуу хоргойг нь надад аваад өгчих л дөө. Найз нь үнээр нь авна. Дээр нь тавгийн орос чихэр өгнө шүү” гэлцэнэ. Хоргой гээч торго тэр үед хачин ховор эд байлаа. Хоргой эмжээртэй дээл өмссөн хүн бол тэнгэрийн амьтан.

Малчны баяр гээд байхад л сумын төвийн айлууд, ажилчин, тариачин, ногоочин бүгд л Цагаан сард сэм бэлтгэж, нам баярлана. Гэр бүлийн гишүүд бүгд шинэ дээл  бэлэн болсны дараа буузаа хийцгээнэ. Өдөржин мах татаж, хажуугаар нь тогоон дээр маш чанана. Татсан махаа 20 литрийн тогоонд дүүргэж, амтална. Амтлах ажил гэрийн эзэнд эсвэл залж ирсэн ахмад настанд оногдоно. Тэд ч бууз амтлах үүргээ ухамсарлана. Үдэш болоход бууз чимхэх ажил эхлэхийн өмнө төмпөнтэй мах тойрон сууцгааж, гэдэс гарна. Гэрийн эзэгтэй авдарт нандигнадаг чихрээ таваг дүүргэж, дундаа ганц шил юм тавихад, эрчүүдийн царай гэрэлтэж, цаанаа л нэг баяр тодорно.

Архи гэгч шидэт ус тэр үед үнэхээр идээний дээж байлаа. Цагаан сар, Улсын наадмаар л эрчүүд дундаа шил архи задалж, үг нь олшрон, улаа бутарсан хүрэн царайдаа инээд тодруулна. Айлын эзэгтэй архи өгөхөд энгэрээ товчилж, ханцуйгаа буулган, малгайгаа өмсөөд, хоёр гардан авах нь “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэдгийг бидэнд ухааруулна.

Цугласан олон хүнээс үлгэр, домог, болсон явдал, паян, онигоо, шүлэг гээд янз бүрийн яриа үүсэж, тэр нь зогсолгүй үргэлжилж, завсарлалгүй солигдоно. Хүүхдүүд бид тэрийг нь чих тавин чагнаж, буузаа бушуухан амбаарт гаргаж өрчхөөд, хурдан орж ирж яриаг нь сонсох гэж яарна. Чухам Цагаан сараар л хүмүүс ингэж олуулаа цуглан, ам халж, сэтгэл санаагаа өргөж авдаг байлаа. Тэр эрчээрээ, эндээс авсан цэнэгээрээ хаврыг давж, зуныг тосон, наадам хүрдэг байсан юм шиг ээ.

Хүүхдүүд бид бууз нохойд өгөлгүй, газарт унагалгүй амбаар луу зөөн гаргаж, тоолох үүрэгтэй. Буузаа тоолж тавиад, орж ирж тоогоо хэлж бичүүлнэ. Яах ч гэж тоолдог байсан юм. 75 кг-ийн гурилын шуудай дүүргэхээс л хойш. Тэднийх төдөн бууз хийлээ, эднийд төдөн бууз чимхлээ гэж айл айлаар зарлан, бууз чимхэлцэхэд нь хэрэгтэй байсан юм уу даа, янз нь. 

Дараа нь хэвийн боов хийх ажил залгана. Гал тогооны ажлаас хаа хол явдаг эрчүүд Цагаан сар дөхөхөөр л хэвийн боов хийх, бууз чимхэх ажилд гэнэтхэн ахлах тогооч болоод орж ирцгээнэ. Ёстой сонин. Гурил таслах, хэвлэх, боов чанах ажлыг эрчүүд даан авч, “Болор оо! Гурилаа дутуу нухаж байна. Сайн нух. 2 удаа машинд” хэмээн зааварлана. Жилийн 4 улирлын турш, өдөр бүр хоол хийдэг, мэргэшсэн ээж минь, хөршийн эзэгтэй гээд бүх эмэгтэйчүүд хүүхдүүд бидэнтэй зэрэгцэн бэмбий нухах ажилд шилжиж, эрчүүдийн заавраар хөдөлнө. Нүд орой дээр гаргасан юм тэр л байлаа, надад.

Хэвийн боов чанадаг хүн суманд бараг ганцхан. Түүнийг айл бүр ээлжлэн залж, боовоо чануулна. Тэр нь бас л эрэгтэй. Тэр хүн сүрхий үйл бүтээх гэж байгаа царай гарган, хадганд боосон хэв өврөөсөө гаргаж ирээд, шар тосоор тосолж, авдар дээр тавина. Хэлэх үг, хийх хөдөлгөөн бүр нь цаанаа л нэг үнэ хүндээ мэдэрсэн шинжтэй.

Бууз чимхэх, боов хийх ажил өглөө эрт эхэлж, өдөржин үргэлжлээд, шөнө дөлөөр дуусна. Тэр хугацаанд хүн бүр ам хуурайгүй ярьж, инээлдэж хөхрөлдөн, цаанаа л нэг сайн сайхан зүйлд зэхэж байгаадаа сэтгэл өег, магнай тэнэгэр. Жилд ганц удаа бууз чимхэх, боов чанах ажлыг сайн дураар хийдэг эрчүүд алдаа гаргана л даа. Буузны мах шорвогдуулчхаад, усаар угаасан, элсэн чихэр нэмсэн паян ч дуулдана. Ул боов нь далий мурий, дүүрэн цэврүү болсон явдал ч бий. Тэглээ гээд хэн ч уурлахгүй. Амны билгээ л бодно. Цаанаа бол уур нь хүрч байгаа л даа гэж бодоод, эзэгтэй нарыг ажихад, тийм шинж царайд нь ер тодрохгүй. Цагаан сарын идээндээ сэтгэлийн буртаг шингээхгүй гэсэн чин хүсэл нэвт мэдрэгдэнэ.

Манайх ингэж айлуудын хэвийн боовыг хийлцээд, дараа нь өөрсдөө гүрмэлээ хийнэ. “Харахад үзэмжтэй. Бариад идэхэд шагшуурга шиг хэлбэртэй. Тавган дээрх гүрмэлийг хажуугаас нь хугалж идэх боломжтой” гэх зэргээр аав, ээж хоёр гүрмэлээ магтана. Би гурил нухаж, аав гүрмэл алгадан, ээж чанана. Үүнийг хийхэд олон хүн хэрэггүй. Ул боов шиг олон машиндуулж, удаан нухуулж, үйлийг минь үзэхгүй. Амар. Гүрмэл хийж чадах хүн ойр хавьд байхгүй болохоор бид өөрсдөө л болгочихдог байлаа. Хүмүүс харин “Энэ их гоё боов юм аа” гэж урам өгнө.   

Дэлхийн хамгийн хүйтэн газарт амьдардаг монголчууд урт өвлийг Цагаан сарын хүчээр туулдаг юм шиг ээ. Цагаан сарыг хүлээхэд цаг, өдөр хурдан өнгөрч, Цагаан сард бэлтгэхэд хахир өвөл, хайруу жавар мэдрэгддэггүй. Хаврын хахирган өдрүүдээр, мал төллөх, ногоо, буудай тарих ид ажлын цагаар идэх хүнсээ ч базаагаад авна. Хамгийн гол нь айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдгийг ухаарч, бөөнөөрөө яриа хөөрөө дэлгэн, сайн сайхныг бодох чинь сайхан. Цагаан сар ийм л баяр юм, уг нь. Хориод байхад, зөрөөд хийдэг баяр байлаа. Коммунизм, коммунистуудын хэн нь ч хорьж чадаагүй юм. Хорьсон болохоор хүссэн байж ч мэднэ л дээ.

Харин одоо мууг биш сайныг нь харж, хөрштэйгөө танилцах, хүүхдүүдээ хүнтэй танилцуулах, ах дүүсээрээ уулзах завшаан болгоод ашиглачихвал Цагаан сар сайхан л баяр. Утаснаасаа түр ч болов салж, дөрвөн хананы дундаас зуур ч гэсэн гарахад харин ч хэрэгтэй баяр.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *