Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Монакогийн гранприд 4 оноотой хоёрт жагсаж байна


Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гранпри тойргийн тэмцээний гурав дахь цуврал Монакогийн вант улсын Монте-Карло хотод өндөрлөхөд хоёрхон өргийн тоглолт үлдлээ.

Тус тэмцээнд оролцож буй манай их мастер Б.Мөнгөнтуул долоон өргийн дараа 4 оноотойгоор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд эрэмбэлэгдэж байна. Эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга асан Александра Костеньюкийг хожиж шуугиан тарьсан тэрбээр зургаан өрөг дараалан тэнцжээ. Түүний хувьд Костеньюктай зургаан настайдаа анх олон улсын тэмцээнд таарч тоглож байжээ.

Долоон өргийн дараа Екатерина Лагно 4.5 оноогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас Оросын Александра Горячкина, Энэтхэгийн тамирчин Конеру Хампи, манай тамирчин Б.Мөнгөнтуул нар нэхэж байгаа юм. 

Эмэгтэйчүүдийн Гран-При нь зургаан цуврал тойргийн тэмцээнээс бүрдэх бөгөөд 20-н шилдэг шатарчин 10, 10-аараа 3-н цуврал тэмцээнийг сонгон оролцдог системтэй. Цувралын эцэст хамгийн өндөр оноо цуглуулсан 2 шатарчин 2026 оны Дэлхийн аваргын төлөөх өрсөлдөгчийг сонгон шалгаруулах тойргийн тэмцээнд оролцдог гэдгээрээ онцлогтой байдаг.

Тэмцээний шагналын сангийн тухайд цуврал тус бүр 80,000 еврогийн шагналын сантай бөгөөд тухайн цувралд түрүүлсэн нь 18,000 евро халааслана. Улмаар цувралын эцэст нэгдсэн дүнгээр эхний 10-н байрт шалгарсан шилдэг шатарчдад энэ жил 120,000 еврогийн шагналын сан төсөвлөсөн байгаагаас Гран-При титмийн эзэн 30,000 еврогийн шагнал хүртэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *