“Үр жимс” хоршооны ажилтан, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Байгаль орчны гавьяат ажилтан Дэлэгийн Цэндсүрэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Ойн салбарын эмэгтэйчүүдээс анх удаа Байгаль орчны гавьяат ажилтан болсон тэр энэ удаа бас салбараасаа анх удаа Хөдөлмөрийн баатар болов.
Д.Цэндсүрэнг 10 жилийн сургуулиа төгссөн жил Ховд аймагт анх удаа ХААИС-ийн ойн инженерийн ангийн хуваарь иржээ. Ийн тэр ойн инженер мэргэжил эзэмшин, 1999 онд 4 хүнтэй хамтарч “Үр жимс” хоршоог байгуулжээ. Тэдэнд мөнгө байгаагүй тул хүрз, халуун савтай цайгаа бариад, Ховд аймгийн засаг дарга Галбадрахаас 10.8 га газар авч, жимс, жимсгэнэ тарих ажлаа эхэлжээ. Хагалсан газраа хаших хашаа байгаагүй учраас хогийн цэгээс төмөр зөөж, талбайнхаа гадаа тавьсаар хоёр жилийг өнгөрөөсөн байна. Хүн хүнийхээ дэмд л хийж бүтээдэг гэдгийг газар хагалж өгсөн тракторын жолооч, “Үр жимс” хоршоог хамтдаа байгуулсан хүмүүс түүнд ойлгуулсан гэдэг.
Түүний хөдөлмөрийг үнэлж, 2008 онд ХААЯ улсын аварга тариаланч, 2009 онд Дэлхийн шилдэг фермер, 2011 онд буюу Улс хувьсгалын 90 жил, Ховд аймгийнхаа 80 жилийн ойгоор Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртсэн байна. Тэр ойн инженер мэргэжлээр ажилласан 60 гаруй жилийн хугацаанд Ховд аймгийн 15 сумын 40 га талбайд мод үржүүлгийн талбай байгуулжээ.