Ламхай, лам, хуврагуудад ерөнхий боловсрол нөхөн олгох хөтөлбөрийг Боловсролын сайдын тушаалаар албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Энэтхэгт очин, Буддын гүн ухаанд суралцаж буй болон Монгол Улсын алслагдсан сумын хийдэд шавилж буй ламхай, лам нарт суурь боловсрол олгох зорилгоор энэ хөтөлбөрийг боловсруулжээ.
Энэ хөтөлбөрийг нийслэлийн 112 дугаар сургуульд түшиглэн, хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуульд суугаагүй, хичээлээс завсардсан, төгсөж чадаагүй ламхай, лам нар энэ хөтөлбөрт хамрагдана. Тэд хичээлээ цахимаар үзэх юм. Өнөөдөр болсон хичээлийн нээлтэд 200 орчим суралцагч сууж, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, “Гандантэгчэнлин” хийдийн төлөөлөгчид оролцлоо.