Сар шинийн барилдааны онцгой бөхчүүд


Сар шинийн барилдаанд 1963-1970 онд 64, 1971-1990 онд 128, 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл 256 бөх барилдуулж ирсэн. Монголчуудын уламжлалт энэ баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхлэх гэж байна. Өнөөдөр хүчит бөхийн барилдааны 1-2-ын даваа, маргааш 13:00 цагаас 3-8-ын даваа үргэлжилж, XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн барилдааны түрүү бөх тодорно.

Сар шинийн барилдаан тэр жилийн өнгийг тодорхойлдог учраас чансаа өндөр болж, олон хүн үзэж сонирхдог. Улсын баяр наадмаас цол өгдөг, өгдөггүйгээрээ ялгаатай болохоос чансаагаараа түүнээс дутахгүй барилдаан. Тийм ч учраас бөхийн хорхойтнууд үүнийг бага наадам гэлцдэг. Энэ ч утгаараа бөхчүүд Сар шинийн барилдаанд эртнээс бэлдэж, зарим нь хоол унд, алхаа гишгээгээ хүртэл тааруулан, сайн барилдахыг зорьдог.

Сар шинийн барилдаан бол хүн бүрийн таамгийг эвдэж, хэний ч таамаглаагүй, таагаагүй бөхчүүд үзүүрлэж, түрүүлдгээрээ сонирхолтой. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд Сар шинийн барилдаанд олноос онцгойрч, үзүүрлэн, түрүүлж байсан бөхчүүдийг онцолж байна.

Улсын цолгүй бөхчүүд Сар шинийн барилдаанд түрүүлсэн нь

Улсын аварга Ч.Санжаадамба

Сар шинийн барилдааны түүхэнд 2010 он хүртэл улсын цолгүй бөх түрүүлсэн тохиолдол байхгүй. Харин 2010 оны усан могой жилийн Цагаан сарын барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, одоогийн аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо анх түрүүлж байв. Тэрээр мөн 2015 онд заан цолтойдоо, 2017 онд аварга цолтойдоо дахин Сар шинийн барилдаанд түрүүлсэн юм.

Улсын харцага Ш.Мөнгөнбаатар

Ч.Санжаадамбаас хойш Сар шинийн барилдаанд түрүүлсэн, улсын цолгүй дараагийн бөх бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар. Тэрээр одоогоос 14 жилийн өмнө 2011 оны Сар шинийн барилдаанд түрүүлсэн.

Улсын начин Э.Мөнхжаргал

Үүнээс хойш 10 жилийн дараа буюу 2022 онд XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, Ховд аймгийн харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарсан юм.

Сар шинийн барилдаанд улсын цолгүй түрүүлсэн бөх гурав, үзүүрлэсэн бөх гурав байдаг.

Улсын арслан Б.Ганбат

Аймгийн арслан цолтой бөх Сар шинийн барилдаанд түрүү, үзүүр булаалдсан анхны тохиолдол 1998 онд гарсан. Энэ амжилтын эзэн бол Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, улсын арслан Б.Ганбат. Тэрээр 1998 онд аймгийн арслан цолтойдоо дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодон, үзүүрлэсэн. Б.Ганбат арслан дараа нь 2009 онд улсын заан цолтойдоо Сар шинийн барилдаанд түрүүлжээ.

Улсын заан Ц.Магалжав

Аймгийн арслан цолтойдоо Цагаан сарын барилдаанд үзүүрлэсэн хоёр дахь бөх бол Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, улсын заан Ц.Магалжав. Тэрээр 2000 оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодон, үзүүрлэж байв. Түүний хувьд өдгөө МҮБХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэж буй.

Улсын аварга О.Хангай

Улсын цолгүй Сар шинийн барилдаанд үзүүрлэсэн гурав дахь бөх бол Ховд аймгийн Буянт сумын харьяат, одоогийн улсын аварга О.Хангай. Тэрээр Сар шинийн барилдаанд хоёр удаа үзүүр, түрүүнд үлдсэн. 2014 оны Цагаан сараар улсын гарьд Д.Рагчаатай түрүү, үзүүр булаалдсан бол өнгөрсөн 2017 оны гал тахиа жилийн Цагаан сараар улсын аварга Ч.Санжаадамбад өвдөг шороодон, үзүүрлэж байв. Тухайн үед улсын аварга О.Хангай аймгийн арслан цолтой байсан юм.

Харин Ч.Санжаадамба аварга Сар шинийн барилдааны гурав дах түрүүгээ 2017 онд хүртэж байв. Тэрээр Сар шинийн барилдаанд аймгийн арслан цолтой байхдаа анх түрүүлсэн бол 2015 онд улсын заан цолтойдоо хоёр дахь түрүүгээ хүртэж байлаа.

Сар шинийн барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрээр нийт 13 удаа энэхүү барилдаанаас түрүү хүртсэн.

Сар шинийн барилдаанд дараалан түрүүлсэн бөх Дархан аварга Г.Өсөхбаяр

Тэрээр 2004 болон 2005 оны Сар шинийн барилдаанд түрүүлсэн түүхтэй. Үүнээс хойш Цагаан сарын барилдаанд дараалж түрүүлсэн бөх байхгүй. Өнгөрсөн жилийн Сар шинийн барилдаанаар улсын аварга О.Хангай түрүүлсэн. Тэр энэ жил түрүүлбэл хоёр жил дараалан түрүүлж, ховор амжилтын эзэн болох боломжтой. Нэг ёсондоо 20 жилийн дараа аварга цолтой бөх хоёр дараалан түрүүлэхийг таашгүй юм.

1963 оноос эхлэлтэй Сар шинийн барилдаанд 15 аварга түрүүлж байжээ

Тодруулбал, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Дамдин, С.Цэрэн, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, О.Хангай нар юм. Тэднээс:

  • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13,
  • Дархан аварга Х.Баянмөнх 9,
  • Дархан аварга Ж.Мөнхбат 6,
  • Дархан аварга Д.Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Хадбаатар, Ч.Санжаадамба нар 3,
  • Дархан аварга Д.Дамдин, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар нар 2,
  • Даян аварга С.Цэрэн, улсын аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нар 1 түрүүлсэн байна.

Сар шинийн барилдаанд түрүүлж үзээгүй аварга цолтой гурван бөх бий. Тэд бол дархан аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Бээжин, П.Бүрэнтөгс нар.

Могой жилд аварга цолтнууд түрүүлдэг

Могой жилд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд

  • 1965 оны могой жилийн барилдаанд улсын арслан Л.Сосорбарам түрүүлж, дархан аварга Д.Дамдин үзүүрлэж байв.
  • 1977 оны могой жилийн барилдаанд дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын арслан П.Дагвасүрэн үзүүрлэв.
  • 1989 оны могой жилийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэв.
  • 2001 оны төмөр могой жилийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүлж, Д.Сумъяабазар аварга үзүүрлэв.
  • 2013 оны усан могой жилийн барилдаанд Г.Эрхэмбаяр аварга түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэж байжээ.  

Үүнээс харвал могой жилийн барилдаанд аварга, арслан цолтой бөхчүүд ихэвчлэн үзүүр, түрүүнд үлддэг уламжлал харагдана. Тэгвэл 2025 оны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, улсын арслан Ц.Пүрэвдагва, улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй аваргуудын нэг нь түрүүлэхэд гайхаад байх юм алга. Ялангуяа Сар шинийн барилдаанд түрүүлж үзээгүй дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс нар дээгүүр барилдах болов уу?


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *