Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн /MLS/ Сахилга батын хороо “Интер Майами” багийн тоглогчид болох Лионел Месси, Луис Суарес нарт мөнгөн торгууль ногдуулсан тухай лигийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
Тодруулбал хоёрдугаар сарын 23-нд шилжих шөнө болсон тус лигийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн тоглолтод “Интер Майами” баг “Нью-Йорк Сити”-тэй 2:2 харьцаагаар тэнцсэн байна.
Тоглолтын сүүлчийн шүгэл дуугарсны дараа Месси ерөнхий шүүгч Алексис да Силватай маргаж эхэлсэн тул түүнийг шар хуудсаар торгосон байна. Үүний дараа тэрбээр өрсөлдөгч багийн туслах дасгалжуулагч Мехди Балучигийн хүзүүнээс нь барьж татжээ.

Мөн тоглолтын хоёрдугаар үед “Интер”-ийн Л.Суарес “Сити”-гийн нэгэн тоглогчтой маргалдаж, хүзүүнээс нь барьж авсан байна. Өрсөлдөгчийнхөө нүүр, толгой, хүзүүнд гараараа хүрэхийг хориглосон дүрмийг зөрчсөний учир Месси, Суарес хоёрыг торгосон бөгөөд хэдий хэмжээний торгууль ногдуулсан нь тодорхойгүй байна.