Өнөөдөр Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны цуврал гранпри тойргийн тэмцээний гурав дахь цуврал “Монакогийн гранпри” тэмцээн өндөрлөлөө. Эл тэмцээнд манай улсаас оюун ухаанаа сорин өрсөлдсөн Их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 1-3 байрыг хуваан эзэлснээр Монголын шатрын спортын түүхэн амжилтын эзэн боллоо.
Тэрбээр нийт өргийн байдлаар 2 хожиж, 7 тэнцсэн үзүүлэлтээр сүүлийн өрөгтөө цагтаа Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй явсан Оросын их мастер Александра Горячкинатай (одоо Дэлхийн чансааны 5-р байр) тэнцсэнээр 5.5 оноотой болсон. Улмаар гурван шатарчны оноо тэнцэхэд коэффицентын илүүгээр Оросын Александра Горячкина тэргүүлж, Энэтхэгийн Хампи Конеру (Дэлхийн чансааны 6-дугаар байр) дэд байр, манай тамирчин их мастер Б.Мөнгөнтуул гуравдугаар байр эзэлсэн юм.

Энэхүү шатрын цуврал тэмцээнд өмнө нь манай улсаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин нь Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг байсан юм. Тэрбээр 2012-2013 оны цувралд тавдугаар байр эзэлж байлаа. Харин Их мастер Б.Мөнгөнтуул ийн Дэлхийн шилдэг шатарчид өрсөлддөг гранпри цувралд анх удаа медальт байрт шалгарснаар шатрын спортын түүхэн амжилтын эзэн боллоо.


Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Казахстаны Шымкентэд болсон гранпри тэмцээнд 9-10 дугаар байрыг хуваан эзэлсэн бол Монакод 1-3 дугаар байрт оров. Ингэснээр хоёр цувралын нийлбэрээр 121.67 оноогоор чансааны долоодугаарт жагсаж байна. Түүний хувьд ирэх дөрөвдүгээр сарын 13-нд Энэтхэгт улсад болох гранприд оролцох юм.