“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга Оргихын Хангай найм даван түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат МУГТ Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, Аймгийн арслан Ш.Отгонтөгс үлдэв.
Модон могой жилийн сар шинийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлснээр хоёр жил дарааллан сар шинийн барилдаанд түрүүлж байна. Түүний хувьд өнгөрсөн жил Улсын заан Б.Пүрэвсайхантай үзүүр түрүүнд үлдэж байсан юм.
Сар шинийн барилдаанд хоёр жил дараалан түрүүлсэн бөх цөөхөн байдаг. Дархан аварга Г.Өсөхбаяр 2004, 2005 оны Сар шинийн барилдаанд түрүүлснээс хойш цагаан сарын барилдаанд дараалж түрүүлсэн бөх байхгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр улсын аварга О.Хангай түрүүлснээр хоёр жил дараалан түрүүлж, ховор амжилтын эзэн боллоо. Нэг ёсондоо 20 жилийн дараа аварга цолтой бөх хоёр дараалан түрүүллээ.
Могой жилд аварга цолтнууд түрүүлдэг
1963 оноос эхлэлтэй сар шинийн барилдаанд могой жилийн 6 барилдаан болсон байдаг. Могой жилийн барилдааны анхны түрүүг 1965 онд улсын арслан Л.Сосорбарам түрүүлж, дархан аварга Д.Дамдин үзүүрлэж байв. Үүнээс хойш дандаа улсын аварга цолтой бөхчүүд могой жилийн сар шинийн барилдаанд түрүүлж байжээ.
Тэгвэл могой жилийн сар шинийн барилдаанд аваргууд түрүүлдэг түүх дахин үргэлжиллээ.