Цагаан сар бол сэтгэл заслын баяр


Цагаан сар болох сайхан. Баярын өмнө гараа цуцтал гурил нухаж, бууз чимхэн, нуруугаа чилтэл гэрээ цэвэрлэн, тоосоо гөвөвч цаана л нэг баяртай. “Өнгөрсөн муу муухай бүхнээ гэрийн тоостойгоо угааж, сэтгэлийн амар амгаланг олдог юм шүү дээ” гэж өвөө минь хэлдэг байлаа. Нээрээ цагаан даавуугаа угааж, хивс цацгаа татаад, шөнөжин гурил нухсан ч ядарсан шинжгүй, сэтгэл тэнүүн, дүүрэн байдаг байв. Энэ мэдрэмж бол сэтгэлийн амар амгаланг олж буйн дохио байсан аж. Иймийн учир “Сэтгэл заслын баяр” хэмээн хэлэлцдэг ч байж болох юм.


Айлчлан ирж буй модон могой жил монголчуудад ээлтэй сайхан байхыг зурхайчид зөгнөжээ. Монголчууд баяраа угтан, зарим айл баярын дараа жилийн заслаа хийлгэдэг. Шинийн 15-нд багтаан жилийн заслаа хийлгэвэл хязгааргүй их буян хураана хэмээнэ. Гэвч жилийн заслаас илүү сэтгэлийн засал хамгаас чухал гэдэг. Сар шинийн өдрүүдэд муу муухай үг хэлэх, тэр ч бүү хэл эм тан уухыг ч цээрлэдэг. Баярын өдрүүдэд билиг ерөөлтэй сайн, сайхан үг хэлэлцэж, айл хотлоороо эв нэгдэлтэй байхыг эрхэмлэнэ. Энэ нь нэг ёсондоо сэтгэлийн засал хийж буй хэрэг юм. “Бие, хэл бол цаад талдаа сэтгэл гэдэг агуу зүйлийн зарц юм” хэмээх Бурхан багшийн сургаалыг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.


Өдгөө гадаадад байгаа монголчууд маань ч энэ баярыг эрхэмлэн, дээдэлж сайхан тэмдэглэдэг болж байна. Энэ нь харь оронд ч монгол заншил, бэлгэдэл, уламжлалаа дээдэлж байгаагийн илрэл. Жилээс жилд харь оронд ч өргөжин тэлсээр буй Монголын Цагаан сар тэндхийн монголчуудад эх орных нь нэгэн орон зайг мэдрүүлдэг байх.
Энэ баяр бол өнгө мөнгөний өрсөлдөөн, баян ядуугийн харгалдаан огт биш. Энэ баяр бол Монголын ёс заншлын эрхэм үйл, хүн чанарын эрхэмсэг оршихуй, чин сэтгэлийн сүүн цацал юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *