– АРДЧИЛАЛД ХҮРСЭН-БОДИТ ТҮҮХ-
(1993/01/07-/01/09-ний өдрийн тэмдэглэл)
1993.01.07.
Цэрэг таталгүй Батлан хамгаалах яамны төв аппаратын хэдэн офицер генералууд хоосон мөнгө идэж байтал учир нь олдох байх гэж бодож байга юм болов уу! Хэрвээ энэ оролдлого нь болохгүй бол дахиад л нөгөө түрүүлж дуугардаг муу нэрт рүүгээ чихчихнэ гэж тооцоолсон юм болов уу! Ганц нэгээрээ уулзахаараа “уг нь би та нарыг дэмжээд байгаа юм. Тэр хэлээд байдаг чинь зөв шүү” гэж ярьдаг зүрхээ зүсүүлчихсэн даралт ихтэй дарга сэтэртэй хүмүүс яасан олон юм бэ? Хуралдааны төгсгөл үед гишүүн Зоригтбаатар Цэцийн даргын УИХ-д хийсэн мэдэгдлийн талаар байнгын хороодын хамтарч хийсэн дүгнэлтийг уншлаа. “Монголын талын хүсэлтээр Япон улсаас хуулийн мэргэжилтэн ирүүлэхээр судалж буй” тухай радиогоор явсан мэдээг Үндсэн хуулийн Цэцийн дарга сонгочихоод манайд хуулийн сайн мэргэжилтнүүд байсаар байхад Японы талаас Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулж байна гэж дүгнэж УИХ-д ховлосон юм байна. Байнгын хороод нь УИХ-ын даргын даалгавраар уг асуудлыг судалж үзээд Манай орны тусгаар тогтнолд аюул учруулсан зүйл Японы зүгээс алга, мэргэжилтэн солилцдог хоёр орны хамтын ажиллагааны жирийн хэлбэр гэж дүгнэж Үндсэн хуулийн Цэцийн зүгээс эрхэд нь үл хамаарах асуудлаар УИХ-д хандаж мэдэгдэл хийжээ гэж халгүй зэмлэв. Хуулийн мэргэжилтэн Япон улсаас ирүүлж өгөхийг манай Засгийн газрын зүгээс, хуулийн зохих байгууллагаас хүссэн аж. Энэ тухай юу ч гэж хэлэх вэ дээ! Үнэхээр хэлэх үг олдохгүй. Манай гадаад орчин Монголын дотоод нөхцөл байдлын өнгө ялгарал улам лавшисраар л байна. Тухайлбал, Болгарын коммунистуудын “гавьяа”-нд зориулсан хүүхэд залуучуудыг коммунистуудад хайртай болгож хүмүүжүүлэхийн тулд хийсэн манай телевизээр залхтал гарсан “Километр бүрд” гэдэг киног Монгол телевизийнхэн хүүхдүүдэд амралтаар нь үзүүлж байгаад Болгарын ЭСЯ-наас эсэргүүцэл авч арга буюу зогсоолоо. Уг нь энэ киног энэ долоо хоногийг дуустал хоёр хоёр ангиар нь үзүүлэхээр хөтөлбөртөө тусгачихсан байсан юм. Одоо уг киноныхоо оронд сармагчны хөгжилтэй явдлын тухай кино үзүүлж эхлэв. Коммунистуудын “гавьяат үйлс”-ийн тухай киног болиод сармагчны хөгтэй явдлыг харуулсан кино үзүүлж байгаа нь коммунистуудын жүжиг, хоёр нүүрэнд илбэдүүлж аль ч учраа олохоо байчихсан Монголын өнөөгийн дүр төрхөд нэг л ойрхон тусч байна. Владимир Ленинийг Октябрь сарын цуст эргэлтээ амжилттай хийчихээд залхаан цээрлүүлэх махны машин бүтээх гэж мөрөөдөж бас зарим зүйлийг нь хийж коммунист солиоролд автаж суухад нь Америкийн зохиолч Герберт Уэльс хүний гавлын ясыг сонирхон үзэж суугаа сармагчны дүрс бүхий баримал бэлэглэсэн гэдэг. Гэвч Ленин болон түүний залгамжлагчид хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргээрээ орчлонгийн ямар ч улаан хөлтнийг урдаа гаргахгүйгээр том рекорд тогтоосон. Тэднийг Монголын залхаан цээрлүүлэгчид сармагчин мэт дуурайж мангас адил аашилсан. Өнөөдөр хүмүүний эрүүл оюун ухаан, түүний хэмжээлшгүй их эрүүл боломжийг гайхсан Монголын коммунистууд хөгжилтэй газрын хөлтэй айлын гэрт орсон сармагчин мэт хөгөө чирч балаг тарьсаар л байна. Тэд нэг үе – Бид хүн биш коммунист бүр хадаас гэж өөрсдөөрөө бахархаж явсан бол өнөөдөр цаг бусаар ойртсон мичин төрлөөсөө холдох гэж мичин жилээс хүртэл сүнсээ гартал айж мичтэй бүхнийг үзэн ядаж байна. Ай хүмүүний түүх бас адарамаатай, эмгэнэлтэй ажгуу.
1993.01.08.
Өчигдөр хурлаар хэлэлцэж эхэлсэн асуудлаар өнөөдөр бүтэн өдөр асуулт хариулт явагдлаа. Гишүүд ч хөгжлийн үндсэн чиглэл, төсвийн талаар санал бодлоо хэлцгээв. Өдөр радио орж өнгөрсөн оны улс төрийн нөхцөл байдалтай уялдсан асуудлаар ярилцацгаав. Базарваань гуай хэрдээ л өөрчлөгдөх гэж үзээд байгаа бололтой юм. Аливаа үзэл баримтлал нэг түвшинд удаан хугацаагаар салхи орохгүй нийгэмд ч тэр, хувь хүнд ч тэр оршсон тохиолдолд царцанги хэлбэрт шилжиж хөгжих боломжоо шавхдаг бололтой.
1993.01.09.
Хүнд тодорхой үзэл бодол төлөвшинө гэдэг бол хүний оюун санааны хөгжил дээд цэгтээ тулсны илрэл биш бөгөөд харин оюун мэдлэгийн тодорхой хуримтлалтай болж цаашид үзэл бодлоо тайлбарлах, хөгжүүлэх боломжтой боллоо гэсэн үг. Харин хүний болон улс орны амьдралын үед эргэлтийн шинжтэй үйл явц гарахад хувь хүн ашиг хонжоо харж, хар амиа бодож хуурайгаар үзэл бодлоо сольж байна уу /бүр мэдсээр байж явуургүй зүйлтэй зууралдагсад ч гарах юм/ эсвэл үзэл бодолд нь хөгжил дэвшил, ахиц гарч тэр нь өөрчлөгдөж байна уу гэдгийг ялгахад бэрхтэй болчих юм. Харин хүнийг үзэл бодлынх нь төлөө шүүх нь утгагүй бөгөөд харин үзэл бодлынхоо үүднээс хийсэн тодорхой үйлдэлд нь тухайн үед нь үнэлэлт өгч чадаагүй бол түүх дүн тавьдаг ажээ. Хүмүүс бие биенээ үзэл бодлынх нь төлөө яллах гэж өрсөлдөж байхад түүх тэдний үйлдэлд хэнтэй нь ч олонх цөөнх бололгүй үнэлгээ өгдөг аж. Шинэ онд МоАХ-ноос хийх ажлын төлөвлөгөөнд бодож санаж буй зүйлийнхээ тухай Баттүвшин, Алтай хоёрт хэллээ. Юу ч болов аливаа зүйлд партизанчилж ханддаг, юмыг тухайн үед нь амжуулж хам хум хийдэг аргаа орхиж илүү өндөр түвшинд үйл ажиллагааныхаа хэлбэрийг гаргах хэрэгтэй байна. Аливаа хувьсгалыг төлөвлөж болдоггүйтэй адил хувьсгалын ид ирмүүн үеийн үйл ажиллагаа, түүний явц, эргэлт, шинэ учралыг урьдчилж харах боломж бараг байдаггүй бололтой. Хэрэв үйл ажиллагаа маань төлөвлөгөөтэй, бэлтгэлтэй явагдаж эхэлбэл , түүнийг шаардаж эхэлбэл хувьсгалын үе өнгөрч жирийн амьдрал эхэлж буйн илрэл гэж үзэхэд их алдахгүй болов уу! Гэхдээ л амьдралд, ажилд урьд төлөвлөгөөгүй, огт санаагүй, хүлээгээгүй зүйл гарч ирэхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. МоАХ-ны хувьд энэ жил хэд хэдэн төслийн эхийг санаачлан бэлтгэж түүнийг хэрэгжүүлэхэд оролцох түнш олж боломжтойг нь хэрэгжүүлж эхэлмээр байна. Тухайлбал, хүн сургах, боловсон хүчин бэлтгэх чиглэлд “залуу парламентэр, залуу улстөрч, залуу сэтгүүлч, залуу эдийн зсагч, залуу хуульч” гэх мэт төслүүдийг боловсруулах, Чөлөөт үйлдвэрчин, чөлөөт радио, телевиз байгуулах, сургалт семинар зохион байгуулах хэрэгтэй байна.
Үргэлжлэл бий…