Б.Оюунгэрэл: 100 жилийн түүхтэй МЭХ цаашдын үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байна


“Лхагвын тойм” нэвтрүүлгийн шинэ долоо хоногийн дугаарт Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Батнасангийн Оюунгэрэл оролцлоо.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан шинэлсэн үү?

Энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан шинэллээ. Та сайхан шинэлсэн үү?

Сайхан шинэллээ. Өнгөрсөн өдрүүдэд бидний баяр болж өнгөрлөө. Залгаад энэ долоо хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Энэ хүрээнд ярилцлага хийхээр урьсан. Урилга хүлээн авсанд талархал илэрхийлье.

Баярлалаа. Би маш их олзуурхаж байгаа. Бид тэр бүр телевизийн эфирээр гараад, ажил, үүргээ тайлагнаад байдаггүй. Сайхан нэвтрүүлэгт орж, ярилцах болсондоо баяртай байна.

Хоёулаа ярилцлагаа сүүлд хийж буй ажлуудаас нь эхэлье. Манайхан эмэгтэйчүүдийн холбоо гэхээр олон зүйл хүлээгээд байдаг юм шиг байгаа юм. Сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч байна. Ямар асуудал хөндөх гэж байгаа вэ?

Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол төрийн бус байгууллага. Өнгөрсөн 2024 онд эмэгтэйчүүдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой боллоо. Яах вэ, 100 жилийн хугацааг яривал эмэгтэйчүүдийн байгууллагын статус 8 удаа өөрчлөгдсөн байдаг. Анх 1924 оны гуравдугаар сарын 8-нд Бүсгүйчүүдээ боловсруулах тасаг нэртэйгээр тухай үеийн МАХН-ын дэргэд байгуулагдсан байгууллага. Үүний дараа эмэгтэйчүүдийн тасаг, зөвлөл, хороо, холбоо гэж өөрчлөгдөөд 1961 онд “Монголын эмэгтэйчүүдийн хороо” нэртэйгээр төр, нийгмийн том байгууллага болж өргөжсөн түүхтэй.

Түүхийн талаас нь харвал 1947 оноос эхэлж, намын дэргэдээс холдуулж, олон нийтийн статустай болгох шийдвэр гараад, 1949 онд Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүнээр тухайн үеийн Эмэгтэйчүүдийн хэлтэс ороод, дараа нь 1961 онд МАХН-ын тогтоолоор Монголын эмэгтэйчүүдийн хороо болж өргөжөөд, 1990 оны нэгдүгээр сар хүртэл энэ статусаар байсан түүхтэй.

Ингээд 1990 оны нэгдүгээр сард эмэгтэйчүүдийн хороог татан буулгах асуудал яригдаж, Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэрээр сайн дураараа эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага болоод, өнөөдөр 35 дахь жилдээ ТББ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Яах вэ, сүүлийн жилүүдэд манай байгууллагын үйл ажиллагаа өргөжөөд, хүмүүст хүрээд, хөдөө нутаг малчны хот, хилийн застав гээд очоогүй газар ховор шахуу явж байна. Ингээд ирэхээр Монголын эмэгтэйчүүдийн холбоо 100 жилийн хугацаанд юу хийв, эмэгтэйчүүдийн эрхийг яаж хамгаалав гэсэн асуулт намайг үргэлж дагаж байдаг. Тэр утгаараа бидний үйл ажиллагааг төрийн статустай мэт ойлгож, эрхээ нэхэж, шаардаж, эрхийнхээ төлөө дуугарсангүй гэсэн шаардлага тавьсан комментууд нийгмийн сүлжээгээр явж байгаа. Төрийн бус байгууллага гэж юу вэ? Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа ямар байдаг вэ гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. Зарим хүнд тодруулаад хэлчихвэл зөв болов уу гэж бодож байна.

 Төрийн бус байгууллага гэдэг нь төрийн очиж, хүрч, хүрэлцэж чадахгүй байгаа газарт төрийн дэмжлэгтэйгээр хамтран ажиллаж, олон нийтийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, хангахад оролцож ажилладаг байгууллага. Монголд 30 орчим мянган төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ багагүй байдаг шиг санагдаж байна.

Яг Монголын эмэгтэйчүүд гэдэг нэр орсон 70 гаруй ТББ бий. Тодорхой ашиг сонирхлоороо нэгдэж, тодорхой бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах зорилготой 30 гаруй мянган төрийн бус байгууллага байгаа. Эдгээрийн нэг нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо.

Бид жил бүр Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөө тэмдэглэдэг. Баяр гэдэг агуулгаар хараад эмэгтэйчүүдээ, эхнэрээ, ээжээ баярлуулах чиглэлд явж байна. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, эрх нь зөрчигдсөн ямар асуудлууд байна. Болж бүтэж байгаа зүйл болон болохгүй зүйл юу байна гэдэг дээр анхаардаг болчхоод байна. Энэ жилийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг танай байгууллага ямар концевцоор тэмдэглэж, олон нийтэд ямар мессеж, агуулга хүргэх гэж байна вэ?

Миний хувьд 2018 оны арваннэгдүгээр сард Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод 6 дахь жилдээ ажиллаж байна. Үндсэндээ 2019 оноос хойш гэж ойлгож болно. Анх 2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Хаалга” нэртэй акц зохион байгуулж байсан. Жил, жилийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд гээд тодорхой сэдвүүдээр ажил хийж ирлээ. Энэ жил “I woman” нэртэй үндэсний цахим платформыг олон нийтэд танилцуулах гэж байна. Энэ бол монгол эмэгтэй бүрийн нэгдэн орж, бизнесээ хийх, хоорондоо танилцах нөхөрлөх, хэл соёлоо хамгаалах, төсөл, хөтөлбөрүүд болон олон улсын зээл тусламжид хамрагдах гээд үндсэндээ эмэгтэйчүүдээ хөгжүүлэх чиглэл дээр ажиллаж байгаа. “I woman” платформын хувьд үндсэн 3 зорилттой. Нэгдүгээрт, Дэлхий нийтийн даяаршлын асуудал. 14 хоногт нэг хэл устаж үгүй болж байгаа. Цаашдаа ч Дэлхийн цөөн хүн амтай улс орнуудын хэл, соёлыг хамгаалах тал дээр яах вэ гэдэг асуудал технологийн дэвшил, даяаршиж байгаа Дэлхийд тулгарч буй нэг том бэрхшээл. Тиймээс бид үндэсний хэл дээрээ монгол эмэгтэйчүүдийг нэгтгэсэн платформ бий болгож байгаа юм.

Хоёрдугаарт, бизнес эрхлэх эрх нь зөрчигдөж байгаа бол хамгаалуулах, зөвлөгөө тусламж авах, loyalty хөтөлбөрүүдэд хамрагдах гээд маш олон төрлийн үйлчилгээ бий. Монгол эмэгтэй хүн бүр хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалаад, энд нэгдэж, санал бодлоо хуваалцдаг, ярилцдаг, бизнесээ өргөжүүлдэг байх нөхцөл бүрдүүлэх нь энэ онд хийх хамгийн том ажил болоод байна. Энэ бол 5 жил хийж байж, одоо гарч ирж байгаа төсөл юм.

Нэгдсэн платформтой болно гэдэг надад бол их сайхан сонсогдож байна. Эмэгтэйчүүдийн эрх олон зүйл дээр зөрчигддөг. Энэ байгууллагыг 6 жил тэргүүлж байгаагийн хувьд танд нэг дүгнэлт байгаа байх. Танай байгууллагын хувьд ч тэр. Монголын эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ямар түвшинд байна вэ?

Өнгөрсөн 100 жилийн түүхийн товчхон хэсгээс яриад явбал зөв болов уу гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн байгууллага 1924 онд үүсгэн байгуулагдаад Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулиар “Хүн бүр тэгш эрхтэй байна” гэж Ази тивд охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хуулиар баталгаажуулсан анхны улс болсон юм. Энэ цагаас эхэлж, монгол эмэгтэйчүүд хэл, бичиг сурахаас авахуулаад, сайн дураараа, хайр сэтгэлээрээ гэр бүл болох, сонгох, сонгогдох эрхээ эдлэх, шийдвэр гаргах түвшинд ажиллах, энэ бүх бололцоо нэмэгдсэн байдаг. 1924 оны гуравдугаар сарын 8-нд намын төв хорооны тогтоол гарч байгуулагдаад, гуравдугаар сарын 19-нд их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадулам Бүсгүйчүүдээ боловсруулах тасгийн анхны даргаар томилогдсон бол есдүгээр сараас нь анхны дунд сургууль байгуулагдсан.

      Үүнд монголын эмэгтэйчүүд үр хүүхдээ, ахмадуудаа өөрсдөө бичиг үсгээ сурахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1930-аад оны үед анхны цэцэрлэг байгуулагдсан. 1934 онд олон хүүхэд төрүүлж байгаа эхэд “Сайшаалын үнэмлэх” олгож эхэлснээр 1956 он гэхэд 12 жилийн дотор Монгол Улсын хүн ам 86 мянгаар өссөн байдаг. Үүний дараа 1957 онд эмэгтэйчүүдийн байгууллага “Алдарт эх” 1, 2 дугаар зэргийн одонг санаачилж, эхчүүд, эмэгтэйчүүдийн үнэлэгддэггүй хөдөлмөрийг төрөөс үнэлүүлж эхэлснээс хойш 1990 он хүртэл Монгол Улсын иргэний тоо 2 сая болж өсөж хөгжсөн. Өнөөдөр бид 3 сая 500 мянгуулаа амьдарч байна. Яагаад энийг ярьж байна вэ гэхээр эмэгтэйчүүдийн байгууллага социализмын гэгдэх тухайн үед энэ улсын ээж нар нь байж, үйл ажиллагаа явуулдаг байжээ. Үндсэндээ төрийн шийдвэр гаргах, бодлого боловсруулахад оролцдог, эмэгтэйчүүд гэр бүл, нийгэм, хүүхэд хамгааллын гээд бүх л асуудалд Монгол Улсыг нэг айл гэж үзвэл энэ айлын ээжийн үүргийг Монголын эмэгтэйчүүдийн байгууллага гүйцэтгэсэн байдаг. Ингээд “Ардчилал” гарч ирсэн. Эмэгтэйчүүдийн холбоо энэ улсад хэрэггүй гэж татан буулгаснаас хойш нийгмийн байдал өнөөдөр ямар нөхцөлд хүрэв гэдгийг бид харах хэрэгтэй. Аливаа зүйлийг бид харахдаа нэг асуудлыг шуугиад өнгөрдөг гэхээсээ илүүтэй урт хугацаандаа бид хаанаас эхэлж, хаа хүрээд, өнөөдөр нөхцөл байдал ийм болов гэдгийг анзаарч харах хэрэгтэй.

        1990 онд хатуугаар хэлбэл эмэгтэйчүүдийн байгууллага гудамд хөөгдөөд гарсан. Юу ч үгүй. Байр савгүй, төсөв хөрөнгөгүй гудамд хөөгдөөд гарсан. Өнөөдөр 1990 онд төрсөн хүүхэд гэвэл 35 настай залуу зогсож байгаа. 35 настай залуугийн амьдралыг харвал өнөөгийн монголын нийгэм гэр бүл салалтын асуудал, хүүхэд хамгаалал, архидалт, ядуурал, завхайрал, ажилгүйдэл, агаарын бохирдол, хөрс гээд нийгмийн асуудал дордсон. Эхийн сэтгэлээр хийх төрийн бодлого энэ он жилүүдэд үгүйлэгдсэн. Байхгүй болсон. Одоо нэг бага сага орж гарч, орж гарч байгаа дүр зураг харагддаг. Цаашид эмэгтэйчүүдийн асуудлыг зөвхөн нэг хүйсээр харж үздэг байдлаа бид өөрчлөх ёстой. Уг нь хүний эрхийн зөрчлийг ярина. Хүйсийнхээ хувьд эмэгтэйчүүдийн эрх илүү зөрчигдөөд байгаа учраас Дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад дуу хоолойгоо нийлүүлдэг. Дэлхий даяар хэн хүчирхийлэлд өртөж байна вэ гэхээр хүүхэд, эмэгтэйчүүд. Тэгэхээр энэ 35 жилд байшингаар яривал манай хундаам цуурчээ. Их олон газраараа цуурсан. Одоо энэ байшин нурах аюулд байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд энэ байшингийн хана, цонх нь цуураад хаалга нь гажаад байхад Монголын төрөөс яаж арга хэмжээ авсан бэ гэхээр “Зүгээр цонхоо сольчих, ханаа будчих. Ханаа будсан бол орчин үеийн хаалга хийчих” гэж явсан. Үндсэндээ таслан сэргийлэх бодлогоор л үйл ажиллагаа хийгдсэн. Гэтэл байшингийн хундаам цуурсан тохиолдолд тэр байшин нурах аюулд орно. Хана хагарна, хаалга гажих л болно. Цонх хагарна. 1000 цонх тавиад, бүргэд хаалга хийлгээд энэ гажилт үргэлж байна. Бидний хийх арга хэмжээ бол хундаамаа янзлах. Олон газарт үүссэн цууралтыг зогсоож, нэмж цуурахгүй байлгахын тулд юу хийх вэ гэдэг бодлого манай улсад хэрэгтэй. Ер нь эмэгтэйчүүдийн асуудал гэхээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэнд фокус өгч, урагшлаад байгаа. Гэсэн ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноороо нийгмийн асуудалд хэр нөлөө үзүүлж байна, үүн дээр төрийн бодлого яаж хийгдэж байна, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчүүлэхгүй байх, хүүхдээ хамгаалах тал дээр яаж ажиллах вэ гэдгээ эргэж харах ёстой. Өнөөдөр монгол эмэгтэйчүүд гадаа гарч эр болж, дотор орж эм болж байгаа нийгэмд л бид амьдарч байна.

Та төртэй холбоотой хэд хэдэн зүйл ярьж байна. Ер нь төртэй хэр ойрхон ажиллаж байна вэ. Төр төрийн бус байгууллагатай хэр ойрхон ажиллаж байна?

Манай байгууллагыг төрөөс их мөнгө авдаг гэж бодоод байдаг. Сая бид санхүүгийнхээ тайланг гаргалаа. 2024 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын яамнаас 16 сая төгрөг авсан байна. Төрөөс авсан бүтэн жилийн санхүүжилт 16 сая 800 мянган төгрөг байна. Өөрөөр бид төрөөс нэг ч төгрөг аваагүй. 

Юунд зарцуулна гэж аваад, юунд зарцуулсан бэ?

Гэр бүл, хүүхэд, залуучуудын яаманд хоёр төсөл бичиж өгсөн. Нэг нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөрийн хуулийг сурталчлах, таниулах ажлыг 5 аймагт зохион байгуулъя гэсэн төсөл. Нөгөө нь манай эмэгтэйчүүдийн байгууллагын “Нандин” гээд өсвөр үеийнхэнд зориулсан төсөл. Энэ нь үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхах гээд төслийн яг үндсэн суурь гол зорилго нь жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах, маш том соёл тээж яваа төсөл. Энэ төслийг нэг сарын хугацаанд баруун аймгийн сургуулиудад зохион байгуулсан. Үүний хөлсөнд нь 16 сая 800 мянган төгрөг авсан.

-Төрийн бодлого гарч байж, хууль, эрх зүйн хүрээнд эрхээ хамгаалуулна. Гэхдээ танайх төрийн бус байгууллага. Гишүүддээ, нийгэмдээ үйлчлэх ёстой. Төрийн бодлого биднийг орхичихжээ, төр биднийг анхаарахгүй байна гэж яриад байх нь зөв юм уу? Нөгөө талд танай холбоо төрд дуу хоолойгоо хүргэх, хүлээн зөвшөөрөгдөх, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн асуудал дээр шийдэл, саналаа хүргэх, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зүйлээ төрд хүргэсэн юм уу?

Яах вэ бид төрийн бус байгууллага. Төрийн дэмжлэгтэйгээр хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлээд явдаг. Энэ л байдлаар бүх төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэхээр 30 мянган ТББ-аас тусад нь нэг байгууллагыг тавиад, бусад 29.900 нь тусдаа гэдэг байдал, хандлага анзаарагддаг. Төр бол бодлого, шийдвэр гаргадаг инститүц. Төрийн бус байгууллага урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, хийдэг. Монголын эмэгтэйчүүдийн холбоо төрийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт 2019 оноос эхлээд “Бөжингийн чимээгүй хашхираан” нэртэй акцыг Төрийн ордонд Их хурлын гишүүдийн ширээн дээр тавиад, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхны 5 санал гаргасан. Энэ нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, хуулийн ялын санкцыг нэмэгдүүлэх санал байсан. Харамсалтай нь энэ нь гишүүдийн ширээнд, нүдэнд ороод мартагдсан. Дараа нь 2021 оны аравдугаар сарын 11-нд Олон улсын охидын өдрөөр төв талбай дээр 330 бөжингээ тавиад “Бөжингийн чимээгүй суулт” нэртэй акц зохион байгуулж байлаа. Төрийн бус байгууллага нь шүгэл үлээх буюу төрийн шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт тодорхой саналуудаа гаргаж, зөрчигдсөн эрхийг хамгаалах тал дээр шүгэл үлээдэг үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу бид 2021 онд мөн л нөгөө Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхны 5 саналаа нэхээд зогсож байсныг сэтгүүлч хүний хувьд та мэдэх байхаа. Ахиад мартагдсан. 2022 онд Дорноговь аймагт бяцхан охины амь нас юу болов. Хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн асуудлыг нийгэм даяараа шуугиад мартдаг. Гэтэл үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Өдөр болгон хүүхдээ хамгаалж, хайрлаж, сэрэмжлүүлж, хаана явж байгааг нь мэдэх үүрэгтэй хүмүүс хэн юм бэ гэвэл эцэг эхчүүд бид. Тэр утгаараа Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гаргасан 5 саналын 3 нь одоогийн Эрүүгийн тухайн хуулийн 12 дугаар зүйл буюу бэлгийн халдашгүй дархан байдал гэдэг зүйл, ангид орсон байдаг. Тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Дорноговь аймагт амиа алдсан хүүхдийн талаар мэдэгдэл хийхдээ “Бид Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулна” гэж ярьсан байдаг. Тэр ярианы дараа энэ хууль батлагдаж, 2024 оны нэгдүгээр сараас мөрдөгдсөн. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр бид маш олон асуудал ярина. Нэг талаараа гэр бүлийн хүчирхийлэл бол хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг гэдгийг ойлгуулж таниулах, соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж буй. Би өөрөө лекц уншдаг. Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч болсноосоо хойш нийт 21 аймагт, 1 аймагт хамгийн багадаа 5 удаа, ихдээ 7 удаа очиж ажилласан. Сүүлийн хоёр жил хагас гаруй хугацаанд 100 гаруй суманд ажилласан байна. Очих болгондоо 10 гаруй хүнтэй уулзаад байдаг биш тухайн аймаг, сумын хамгийн том зааланд нь хүн дүүргэж байгаад, соён гэгээрүүлэх ажлаа сайн дураараа зохион байгуулдаг. Тэр утгаараа гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг олон нийтэд ойлгуулах ажлыг хийдэг. Мөн 2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр байсан санагдаж байна. “Хаалга” нэртэй акцыг төв талбай дээр зохион байгуулаад, “Гэр бүлийн хуулийг батал. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаач” гэдэг санал гаргаад, шүглээ үлээгээд зогсож байсан.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Гэр бүлийн хуульд тусгуулахаар 2 санал гаргаад, одоо хүртэл явж байна. Нэг нь гэрлэлтийн гэрээтэй байх, нөгөө нь салалтын дараа хамтын үүргийн гэрээтэй байя гэсэн санал гаргасан. 1996 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуультайгаа 30 жил явж байна. 1996 оноос хойш өдийг хүртэлх бүр парламентын үед Гэр бүлийн тухай хууль өргөн баригдсан. Гэхдээ хэзээ ч батлагддаггүй. Гэтэл нийгмийн харилцаа, хүмүүсийн хандлага, төлөвшил ямар өөр түвшинд хүрсэн бэ гэдгийг бид мэдэж байгаа. Гэр бүлийн харилцааны олон асуудлыг хуулиар зохицуулах боломжгүй байдаг. Хууль бодлогын шинжтэй ерөнхий арга хэмжээнүүдийг авна уу гэхээс эхнэр, нөхөр хоёрын хоорондын харилцааг зохицуулах боломжгүй байдаг. Тиймээс гэрлэлтийн гэрээтэй байх асуудлыг 2019 оноос хойш өөрөө хөөцөлдөж, санал болгож яваад, одоогийн Гэр бүлийн тухай хуулийн төсөлд гэрлэлтийн гэрээтэй байж болно гэдэг санал орчихсон явж байгаа. Салалтын дараах хамтын үүргийн гэрээ гэж шинэ томьёолол. Олон хүн сонсоогүй байх. Энэ саналыг бид гаргаад явж байгаа. Шинжээчид “Дэлхий даяар гэр бүлийн задрал явж байна” гэж үздэг. Манай улсад жилд 5000 орчим гэр бүл салж байна. Энэ тоо бол албан ёсоор шүүхээр гэр бүлээ салгасан баримт. Гэтэл албан бусаар энэ тоо 3-4 дахин олон байдаг гэж би боддог. Яагаад гэвэл орон нутагт ажиллаад олон хүнтэй ярихад, гар барьсан 5 хүний 4 нь салсан тухай ярьдаг. Гэр бүлийн баталгаатай мөртлөө амьдрал дээр салчихсан эсвэл анхнаасаа батлуулаагүй гэдэг байдлаар олон зүйл яригддаг. Салалт ярихаар бид хүүхдийн тэтгэмжийн мөнгө, хэмжээ яриад өнгөрчихдөг. Хүүхдийн тэтгэмжийн мөнгө тухайн эдийн засгийн байдал, инфляц, амьжиргааны доод түвшин, цалингийн хэмжээ зэрэгтэй уялдах учиртай. Гэтэл тэтгэмжээс гадна эцэг, эх байх үүргээ биелүүлэх асуудал орхигддог. Гэр бүл саллаа ч гэсэн эцэг, эх байх үүрэг насан туршийнх байдаг. Гэвч насан туршийнх биш. “Би тэтгэмж өгч байгаа юм чинь боллоо” гэсэн мөнгөний асуудал болоод шуугиад өнгөрдөг. Салалтын дараах хамтын үүрэг гэдэг нь эхнэр, нөхөр хоёр салсан ч гэсэн эцэг, эх байх үүргээ биелүүлэх “Амралтын өдөр чи хүүхдээ хар. Ажлын өдрүүдэд яах вэ? Өвдөөд хэвтвэл яах вэ?” гэдгийг шийдэх ёстой. Аавын, ээжийн хайрыг мэдэрч өсөх хэрэгцээ хүүхдүүдэд маш их байдаг. Энэ хэрэгцээг хангах зүйл бидэнд дутмаг байдаг. Өнөөдөр Монголд өрх толгойлсон 80 орчим мянган ээж байна. Өрх толгойлсон 17 мянга орчим аав байна. 40 гаруй мянган хүүхэд өрөөсгөл гэр бүлд амьдарч байна. Тэтгэмжийн мөнгө ярьж шуугиад мартах биш.

-Нэг хүн гарч ирээд тэтгэмжийн асуудал яриад, нийгмээрээ шуугиад маргааш нь мартчихдаг.

Тийм. Би 2020 онд тухайн үеийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтраад хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй 200 гаруй хүний нэрсийг “Зууны мэдээ” сонины хэвлэлийн зааланд олон нийтэд зарласан. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тухай хууль, Хилийн тухай хуульд олон өөрчлөлт ороод, тэтгэмж төлөхгүй байгаа хүмүүст тодорхой хэмжээний таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнээс хойш арай дээрдсэн. Мөнгөний дүнгээс илүү хүүхдийн тэтгэмжийг чанартай төлөх асуудал яригдах ёстой. Хүүхдийн тэтгэмжээ 80% нь төлдөггүй гэсэн статистик байдаг.

Монголыг эмэгтэйчүүдийн холбоо ТББ. Мэдээж бүх асуудалд хүн хүч, бүтэц зохион байгуулалтынхаа хувьд төр шиг байхгүй байх. Гэхдээ олон хүн асуудал тулгарахаар “Манай ТББ хаана байна вэ? Бидний эрхийг хамгаална гэсэн эмэгтэйчүүдийн холбоо хаана байна” гэдэг. “Монголын” гэдэг том тодотгол үг байгаа учраас их эрж хайж байна. Магадгүй зарим талаараа миний мэдрэмжээр “Хүндээ хүрч ажиллаж чадаж байна уу” гэдэг зүйлийг маш их ярьдаг болоод байна. Та байгууллагынхаа үйл ажиллагааг юу гэж дүгнэх вэ? Энэ хүмүүсийн шүүмжийг юу гэж хүлээж авдаг вэ?

Би “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” юу хийсэн бэ гэдэг асуултад дуртай. Яагаад гэхээр эмэгтэйчүүдийн эрхийг хэн хамгаалах үүрэгтэй вэ? Монголын нийгмийн асуудлыг шийдэхийн тулд бодлогын хувьд хэн шийдвэр гаргах үүрэгтэй вэ? гэвэл мөн л төр. Гэхдээ Монголын эмэгтэйчүүд хэнээс эрхээ нэхэхээ мэддэггүй. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эрхээ нэхдэг. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий субъектүүд байгаа. Монгол Улсад ХЭҮК гэж маш том байгууллага байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Жендерийн үндэсний хороо гээд төрийн байгууллагуудаа бараг мэддэггүй. Харин манай байгууллагыг мэддэг.

    Тиймээс бидний үйл ажиллагаа хүмүүст хүрчээ гэж боддог. Төсвөөс ямар ч дэмжлэггүй, санхүүжилтгүй байгууллага үйл ажиллагаагаа энэ дайны явуулна гэдэг муу гэж дүгнэхгүй. Муу биш. “Хавдаргүй монгол эмэгтэй” гээд нийгмийн зорилтот төслийг манай байгууллага хэрэгжүүлээд, одоо 3 дахь жил рүү гээ орж байна. Хавар, намартай нэг нэг аймагт ажилладаг. Энэ төсөл маань 2024 онд түр зогссон. Яагаад гэвэл сонгуулийн жил байсан учраас хэтэрхий улстөржөөд, төвөгтэй юм билээ. Энэ төслийн гол зорилго малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлүүлэх. Говь-Алтай, Дорноговь, Говьсүмбэр, Хөвсгөл гээд 4 аймгийн 62 суманд би өөрөө багаа удирдаж, нийтдээ 17 мянган ээж, эмэгтэйд хавдрын эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо хийсэн байна. Зөвхөн энэ төслийнхөө хүрээнд 30 гаруй мянган иргэнд гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрлийн ажлууд зохион байгуулсан байна. Энэ төсөлтэй зэрэгцээд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг “Нандин” төсөл маань явдаг.

Жендерт суурилсан хүчирхийллийн суурь 3 шалтгаан байдаг. Нэг нь нийгмийн хэвшмэл ойлголт. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй гэсэн тусдаа ойлголтоор хандаад байдаг асуудал. Эр хүн, эм хүн тусдаа гэж. Гэвч бид адилхан хүн. Ялгаатай байдлыг ойлгуулах гэж өсвөр үеийнхэн рүү чиглэсэн ажлаа зохион байгуулдаг. Ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш шүү гэдэг уриатай “Нандин” төсөл маань “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөлтэй холын замд гардаг. Одоогийн байдлаар 60 гаруй мянган өсвөр үеийнхэнд сургалт лекц, соён гэгээрүүлэх ажлуудаа зохион байгуулсан байна. Мөн “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд 3 аймгийн 48 сумын эмэгтэйчүүд, ээжүүдийн төрөх орыг шинэчилж өглөө. Баянхонгор аймагт хөхний ЭХО хандивласан. Хүмүүнлэгийн маш олон ажил зохион байгуулж хийдэг. Хүн нэг бүр дээр очиж, эрхийг нь хамгаалах боломж байдаггүй. Ер нь нэг тийм субьектив байдлаар хандаад байгаа дүр зураг харагддаг. Тэнд нэг эхнэр, нөхрийн хэрүүл болоход, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудал яригдахад зарчим биш, зөвхөн хүнээр хараад байдаг. Зарчим ярихаар хүн ярьдаг болсон. Хариуцлага ярихаар хэрүүл болгодог. Ийм л дүр зурагтай. Гэтэл ТББ ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Төр ямар үүрэгтэй вэ? Ерөнхийлөгч ямар субъект вэ? Засгийн газар, Их хурлын гишүүд ямар вэ гэдгийг ялгаж салгаж ойлгохгүй байгаа нь харамсалтай санагддаг. Их хурлын гишүүдээсээ боов талх нэхдэг, сургалтын төлбөр, өвдсөн хүнийхээ эмчилгээний зардал нэхдэг. Гэтэл Их хурлын гишүүд биднийг сайхан амьдруулах нийгмийг бүтээх бодлого, шийдвэрийг баталж гаргах, хууль тогтоох үүрэгтэй хүмүүс шүү дээ. Гэвч Их хурлын гишүүд нь өөрсдөө боов, талх тараагаад л явж байдаг. Ийм л утгагүй байдал руу орсон учраас нийтээрээ биш ч гэсэн тодорхой асуудал гарахаар хаана хандахаа мэдэхгүй, эмэгтэйчүүдийн байгууллага руу хандаж байгаад би маш их баяртай байдаг. Надад олон зуун захиа, коммент ирдэг. Би боломжийнхоо хэрээр хариулаад, шийдэх боломжтойг нь шийдээд явдаг. Боломжгүй асуудал их байдаг. “Өрөнд орсон. Мөнгө, хандив өг. Орон гэргүй болсон. Гэр өг. Эмэгтэйчүүдийн байгууллага эрх хамгаалах ёстой учраас ийм зүйл өг” гэсэн хувь хүнтэй хамаарал бүхий нийтлэг асуудал их ирдэг.

Шүүмжлэл байгаа нь нэг талдаа ажил явж байгаатай холбоотой байх. Нөгөө талд манай ТББ-ууд танай холбоо ч орж байгаа байх, төртэй их ажилладаг. Мэдээж төрд бодлого боловсруулах түвшинд нь гүүр болоод, асуудлыг шийдвэрлэх санаа бодлогоо хүргээд ажиллах нь зөв байх. Гэхдээ төрөөс санхүүжилт аваад, төртэй ойрхон байхаар шүүмжлэл гараад, итгэлцэл тэр хэрээр буугаад байгаа байх л даа. Та 2018 оноос энэ ажлыг авснаас хойш танай байгууллага төрөөс хэчнээн төгрөгийн санхүүжилт авсан бэ? Олон аймгаар явж, том төслүүд хэрэгжүүлэх, ор шинэчлэх, хөхний ЭХО хандивлах гээд энэ бүгд чинь мөнгө шүү дээ. Үүнийг хаанаас олж байна. Төрөөс хэчнээн хэмжээний санхүүжилт авчихсан байна вэ?

Яг нийтээр хэлж мэдэхгүй байна. 2024 оны байдлаар 16 сая 800 мянган төгрөг. 2023 онд 20 хэдэн сая байл уу даа. 2022 онд Эрүүл мэндийг дэмжих сангаас “Хавдаргүй монгол эмэгтэй” төслөө бичиж өгөөд, 60 сая төгрөг авсан. Гэтэл 16 сая төгрөгөөр юу хийх вэ? Хэр олон ажил амжуулах вэ? Аливаа байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулахад, тогтвортой санхүүжилт чухал байдаг. Сар болгон орж ирдэг санхүүжилт гээд, тийм ээ. Жишээлбэл: Танай NTV телевиз төлөвлөгөө, төсвөө батална. Ажилчдын цалин, урсгал зардал, цахилгаан, нийгмийн даатгал гээд л. ТББ ч үүнтэй адилхан. Бизнесийн байгууллага контентоо зардаг, маркетинг хийдэг, үүнээсээ орлого олж байдаг. Төр бол ард түмний татварын мөнгөөр санхүүждэг. Төрийн бус байгууллагын захиргааны зардал гэж ярьдаг ажлын тайлан, нийгмийн даатгал, тог цахилгаан, ус, дулаан,, бичгийн цаас гээд эдгээр зардлыг хаанаас олох нь тодорхойгүй байдаг.

Хаанаас олдог юм?

Бид хандив босгож, санхүүжилтээ олдог. Одоо гуравдугаар сарын 6-нд арга хэмжээ зохион байгуулна. Эмэгтэйчүүдийн холбоог тусад нь тавьчхаад байгаа юм. Таны асуулт хүртэл тийм байгаа байхгүй юу. Монголд үйл ажиллагаа явуулж буй 30 мянган ТББ их бага хэмжээгээр төртэй хамтарч ажиллаад, тодорхой төслүүд хэрэгжүүлж байгаа. Гэтэл Монголын эмэгтэйчүүдийн холбоог болохгүй гэж үздэг. Монголын эмэгтэйчүүдийн холбоог хандив цуглуулахаар болохгүй гэдэг. Яагаад болохгүй гэдгийг би сайн мэддэггүй. Цаашдаа манай байгууллага үйл ажиллагаа явуулахад тун хүнд байгаа. Мэдээж манайд бусад төрийн бус байгууллагаас ялгаатай хоёр зүйл байдаг. Үндэсний хэмжээний сүлжээ болон 100 гаруй жилийн түүх байна. Энэ түүхийг тасалж болохгүй. Олон ажлыг энэ үндэсний сүлжээгээр дамжуулж хийх боломжтой. Аль ч суманд очиход 10 сайхан эмэгтэй байдаг юм гэж би бахархаж ярьдаг. Тэр 10 эмэгтэй бол сумынхаа хамгийн сайхан сэтгэлтэй, мундаг нь байдаг. Яагаад гэвэл тэд нарт цалин, төсөв байхгүй. Гэхдээ яаж ийгээд өөрийнхөө халааснаас ч гаргаад хэдэн хүүхнүүдээ баярлуулъя, ганц эмэгтэйд ч гэсэн гэр аваад өгье гээд ажил зохион байгуулаад хийдэг. Тэгэхээр манай холбоо төрөөс нэг их мөнгө аваад байгаа юм байхгүй. Миний санахаар намайг энэ холбоог удирдаж байгаа 6 жилийн хугацаанд 200 гаруй сая төгрөг авсан юм уу даа. Гэтэл төрийн байгууллагатай хамтарч ажиллах гэхээр хулгайч зэлгийчээр дуудаад. 16 сая 800 мянган төгрөгөөр үнэхээр бид юу хийж чадах вэ?

Б.Оюунгэрэл: Төрөөс санхүүжилтгүй МЭХ олон нийтээс хандив босгохоор юу нь болдоггүй юм бэ?

Өнгөрсөн жилийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр 1 сая төгрөгийн такстай хүлээн авалт зохион байгуулсныг бүгд мэднэ. Энэ бол хөрөнгө босгох үйл ажиллагаа байсан. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаагаар зөвшөөрөгддөг. Дэлхий даяараа хийдэг. Хандив босгохоор, төртэй хамтрахаар уурлана. Бид яаж явах юм бэ? Олон улсын байгууллагатай хамтраад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Та сая тэр ЭХО-г хаанаас авч өгөв гэлээ. Бид бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулаад “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөө хүрээнд 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үзлэг, оношилгоо хийж байна, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх боловсрол олгож байна. Энэ төслөөрөө зөвхөн хавдар л яриад байна гэсэн үг биш шүү дээ. Хажуугаар нь гэр бүл, хүүхэд хамгааллын соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулж байгаа. Хүмүүнлэгийн ажил хийж байна. Мөн 21 аймгийн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрыг илрүүлэх, богино хугацааны сургалтад 42 эмчийг Хөх хотод хамрууллаа. ХСҮТ-ийн хөхний мэс заслын 5 эмчийг, тасгийнх нь эрхлэгчтэй хамт сургалтад хамрууллаа. Урд хөршөөс суралцах, техник, технологи, туршлага судлах, инновац нэвтрүүлэх дээр эмч нар маань яваад, бодит ажил хөрсөн дээрээ буугаад явж байгаа. Үүн дээр ямар ч санхүүжилт байхгүй. Харин “Хавдаргүй монгол эмэгтэй” төслөө Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоонд өгөөд сургалт болон ЭХО, ор шинэчлэх ажлаа хийсэн.

Нэг төсөл жишээ авъя. Олон нийтийн хамгийн сайн мэдэж байгаа төсөл “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөл. 2022 онд 66.5 сая төгрөг Эрүүл мэндийг дэмжих сангаас авсан байна. Энэ мөнгийг юунд, яаж зарцуулав? Товч хэрнээ тодорхой мэдээлэл өгье. Б.Оюунгэрэл гэдэг хүний халаасанд оров уу эсвэл ТУЗ-д байгаа хэдэн хүн сургалт хийсэн болоодн энэ мөнгө дуусчхав уу гээд. Мэдээж бүх хүнд хүрч ажиллаж чадахгүй шүү дээ.

“Хавдаргүй монгол эмэгтэй” маань гайхалтай төсөл. Мянга мянган хүний амь насыг аварч байна. Таны яриад байгаа 66 сая төгрөг нэг аймгийн бүх сумыг тойроод ч хүрдэггүй юм. Яагаад гэвэл машин явна, бензиний асуудал. Бид эмэгтэйчүүдийн эмч, хөхний эмч авч явдаг. Дуучин С.Гантогоо 12 суманд үе тэнгийн дээрэлхэлтээр лекц, сургалт хийсэн. Жолооч явж байна. Энэ хүмүүсийн цалин гэж байгаа. Хавдрын эмнэлэг дээрээ өглөө 08:00 цагт очоод, орой 17:00 цагт тардаг эмч нарыг бид 30 хоног өдөр нь зааланд, шөнө нь замд явж ажиллуулдаг. 4 аймгийн 62 сум яриад байгаа. Бид 2023 оны намар гэхэд Хөвсгөл аймгийн 24 сумаар хоёр машинтай явсан. Орон нутгаас нэг гээд нийт 3. Гурван машины бензин, жолоочийн зардал, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс гэхээр нэг аймагт хүрэхгүй хэмжээний л санхүү. Бусад бүх төслийг бид хандиваар дэмжүүлж, зохион байгуулж байгаа. Хөвсгөл аймагт гэхэд Эрүүл мэндийн сайд байсан Цолмон гуайтай хамтарч ажилласан. “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хамгийн том зүйл нь папиллома вирүсийн эсрэг вакциныг олон нийтэд ойлгуулж хийлгэх, энэ хөрсийг бэлтгэхэд анхаарч, зорилгоо болгож явдаг. Өнөөдөр Дэлхийн 100 гаруй орон папиллома вирүсийн эсрэг вакцин хийлгээд, умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаа бууруулсан. Гэтэл Монгол Улс папиллома вирүсийн эсрэг вакцин оруулж ирэхэд хэдэн эгч нар гарч ирээд л эсэргүүцэхэд шийдвэр гаргагчид нь айгаад больчихдог.

Харин өнгөрсөн жил товлолт вакцинд оруулаад, хийж байна. Өвдөх биш амь насаа алдахаас эмэгтэйчүүдээ сэргийлсэн хамгийн том ажил бол умайн хүзүүний хавдрын вирүсээс хамгаалах вакцин. Вакцины чанарыг би бол мэдэхгүй. Вакциныг хийлгэх ёстой гэдэг байр суурин дээрээ бат зогсож ажилладаг.

Маш олон ажил хийсэн. Төсөл, хөтөлбөрүүд бий. Орон нутгаар тойрч хийсэн ажлууд ч бий. Энэ бүхнийг үргэлж шүүмжлэл дагадаг. Олон нийтийн зүгээс сошиал, хэвлэл мэдээлэл аль алинд нь шүүмжилсэн байр суурь гарсаар байдаг. Б.Оюунгэрэл гэдэг хүн яг юуны төлөө яагаад Эмэгтэйчүүдийн холбоонд нэр дэвшээд, ерөнхийлөгчийнх нь ажлыг бараг долоон жилийн турш хийж байгаа юм бэ гэдэг сонин байна. Зорилго нь юу юм бэ?

Зорилгосоод байх юм байхгүй шүү дээ. Бид аливаа зүйлийг мөнгөөр хэмждэг болчихсон юм шиг байгаа юм. Үнэт зүйл гэж юм бий. Хүн бүрийнх өөр өөр байдаг байх. Би анх Монголын эмэгтэйчүүдийн холбоо ямар түүхтэй байгууллага гэдгийг ч мэдэхгүй байхдаа өөрөө эмэгтэйчүүдийн байгууллага байгуулъя гэж ярьж явдаг байсан. Миний эргэн тойрны хүмүүс мэднэ. Монголын эмэгтэйчүүдийн холбооны сонгууль болох гэж байгаа гэнэ гэж сонсож байхдаа “Хүүш ээ, Монголд ийм байгууллага байдаг юм уу? Бүр 94 жилийн түүхтэй байгууллага юм байна шүү дээ. Бараг Ардын хувьсгалтай чацуу юм байна” гэж өөрөө гайхаж, мэдэж байсан. Ингээд Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж, ажилласан. Би Монголын эмэгтэйчүүдийн холбооны 9 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон. Миний өмнө 8 ерөнхийлөгч ажиллаж байсан. Дандаа домог болсон мундаг эмэгтэйчүүд. Ийм том байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллах их хувь заяа надад оногдсонд би баяртай байдаг. Мэдээж ажил хийх амархан байдаггүй. Тэр дундаа санхүүжилтгүй, ямар ч бодлогын дэмжлэг байхгүй ийм байгууллагыг авч явна гэдэг амархан биш. Гэхдээ сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүдийнхээ дэмжлэгээр энэ байгууллагынхаа удирдлагаар 2 дахь удаагаа сонгогдоод ажиллаж байна. Нэг их олон удаа сонгогдъё гэж боддоггүй. Ямар ч байсан өөрийнхөө бодож төлөвлөсөн төслүүдээ нэр төртэйгөөр хэрэгжүүлчхээд, тамгаа өгөх үедээ инээгээд, гараад явна гэж боддог. Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ой 2024 онд болсон. Бид ойн хүрээнд түүхэн сурталчилгаанд ач холбогдол өгч ажиллах төлөвлөгөөтэй байсан. Одоо “I women” гээд төсөл шинэ зууны эхний төсөл болж хэрэгжиж эхэлж байна. Бид технологийн дэвшлийг ашиглаж эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, нэгтгэх, сургах, бизнесийг нь дэмжиж, олон улсын зах зээлд бүтээгдэхүүнийг нь гаргана. Энэ бол 2025 оны манай байгууллагын хамгийн том зорилго. Аливаа төсөл ганцхан өдрийн бодлоор хийгддэг зүйл биш. Урт хугацаанд бодож, шийдэж, зохион байгуулж хийдэг. “Хавдаргүй монгол эмэгтэй”, “Нандин” гээд хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх бидний хийсэн ажлууд бий. Мөн “Улаанцэцэг”, “Пагмадулам” гээд 2 түүхэн уран сайхны кино байгаа. Одоо бидний гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа “I women” төсөл 2019 онд эхэлсэн. Би хэдийгээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 6 жил удирдаж байгаа ч ковидын цар тахал 3 жил орчим үргэлжилсэн. Цар тахлын үеэр бид 70 мянган маск оёж, 10 мянгыг нь Солонгос руу явуулж, аймаг орон нутаг, сум, дүүрэгт гээд 10 мянган маскийг нь ЭМЯ-нд гардуулж байсныг та бүхэн сайн санах байх. Сайн сайхнаа хуваалцах зорилгоор эмэгтэйчүүдийн хорих анги дээр би 5 удаа очиж ажиллалаа. Өнгөрсөн жил “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461-р ангид эмэгтэйчүүдийн төрөх ор өгсөн. Мөн эмэгтэйчүүдийн хорих ангид хэвтэн эмчлүүлэх хоёр ор хандивласан. Завхан аймгийн Тэс сумын Хилийн цэргийн 277-р отрядын эмэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн төрөх ор бэлэглэсэн. Гэх зэргээр яривал тантай хэдэн ч өдөр ярих хэмжээний ажил бий. Шүүмжлэл байж болно. Гэхдээ доромжлол, гүтгэлэг бол арай хэрээс хэтэрсэн. Гэлээ гээд хүн болгон албан тушаалд хүрч, хүн бүр их төсөв зарцуулах хүсэлтэй гэсэн үг биш шүү дээ. Би 2020 онд нэр дэвшиж байсан. Нэр дэвшиж, унаад би нэг ч удаа дарга нараас “Намайг төсөвтэй ажилд оруулж өгөөч. Намайг дарга болгоод өгөөч ээ” гэж гуйж үзээгүй. Сайхан түүхтэй байгууллагынхаа залгамж халаа нь болоод хийе гэж бодсон ажлуудаа тултал хийгээд явна л гэж бодож явдаг.

Би танаас зорилго чинь юу байсан бэ? гэж асуухад та ерөнхий дурдчихлаа. 2018 оны 10 сард ажил авснаасаа жил гаруйн дараа Монгол ардын намаас нэр дэвшсэн. Улс төрд орохын өмнөх шат гэж байдаг. Дээр нь танай байгууллага олон жилийн түүхтэйн хэрээр сүлжээтэй байгууллага. Эрдэнэтэд ч байгаа, Завханд ч байгаа эмэгтэйчүүд ерөнхийлөгчөө гаргая аа гээд зүтгэвэл боломж дүүрэн байна гэж харж болохоор байна. Сонгуулиар зарим хүний хийдэг муу, сайн зүйлийг хийх боломж нь ч бий. Янз бүрийн нөлөөллийн ажил хийх байдлаар. Таныг нэр дэвшсэн өдрөөс хойш хүмүүсийн дунд “Энэ хүн улс төрд орохын тулд Монголын эмэгтэйчүүдийн холбоог ашиглах гэсэн юм байна. Энэ хүн Ардын намынх юм байна” гэдэг дүгнэлт бий болсон. Магадгүй дараа дараагийн ажлууд дээр чинь ч тийм хандлагатай дүгнэлт гарсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь яагаад нэр дэвших болсон юм бэ?

Ер нь бол их гэнэтийн шийдвэр байсан.

 Уучлаарай ажлаа болино гэсэн үг шүү дээ. Сонгуульд ялагдвал эхний зорилгоосоо буцна гэсэн үг биш үү?

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Б.Оюунгэрэл болохгүй, бусад нь болно гэдэг хандлагыг би гайхаад байдаг юм. Бид тусгаар тогтносон, ардчилсан Үндсэн хуультай улс. Хүн бүхэн тэгш эрхтэй. Сонгох, сонгогдох эрхтэй, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд та, бид амьдарч байна. Тэгэхээр та ч нэр дэвшиж болно, би ч нэр дэвшиж болно. Нэр дэвших хүсэл сонирхолтой хүн бүхэнд нээлттэй. Монголын эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллагын түүхэнд дарга байсан 7 эмэгтэй Их хурлын гишүүн байсан. Энэ нь өөрөө юуг хэлж байна вэ гэхээр эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлага хүүхэд, гэр бүлийн асуудалд төрийн бодлого боловсруулж, төрийн шийдвэр гаргахад нөлөөлөх нь үүрэг. Эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагууд бодлого боловсруулах түвшинд орж ажиллаж байсан түүх олон бий. 2020 оны 2-р сард анх Монгол ардын нам дээр намайг дуудаж уулзаад, нэр дэвших санал тавьсан. Би танигдаагүй байсан. Бэлэн биш байсан. Маш гэнэтийн шийдвэр байсан. Аль тойрогт нэр дэвших нь ч тодорхойгүй байсан. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, холбооныхондоо мэдэгдсэн. Ингээд 4-р сард Эрдэнэтэд нэр дэвших нь ээ гэдэг гэнэтийн томилгоотой би Орхон аймагт нэр дэвшсэн. 17300 хүний санал авсан. Орхон аймгийнхаа санал хураалтын тухай би анх удаа ярьж байна. Тухайн үед намайг чадна гэж итгэж, саналаа өгсөн хүн бүрд би талархаж явдаг. 2024 онд нэр дэвшсэнгүй. Дэвшье гэж санал тавиагүй.

Санал тавиагүй гэж үү?

Би өөрөө санал тавиагүй. Ганц хоёр намаас бол санал ирсэн. Би ч дэвшье ч гэж бодсонгүй. Монголд сонгууль шударга болж байгаа эсэх нь их эргэлзээтэй. Тэр тусмаа эдийн засгийн асуудал талаасаа харвал. 2024 оны сонгууль их том тойрогт болсон. Гэхдээ 2020 оны сонгуулийг бодвол би өөрөө санал тавиад дэвшсэн бол боломж надад байсан. Яагаад гэвэл дэвшиж байгаа бусад хүнтэй харьцуулахад би харьцангуй танил болчихсон, үндсэндээ 100 гаруй суманд ажиллачихсан. Хилийн заставууд, малчны хотонд очсон, аймгуудаар 5, 6, 7 удаа тойроод ажилласан байлаа. Гэхдээ би дэвшээгүй. Ямар ч байсан урдах ажлаа сайн хийе гэдэг утгаараа. Тэгээд ч зорилго улс төрд орох байгаагүй ээ гэдгээ би бас харуулж байгаа юм.

Цаашдаа улс төрд орох юм уу? Ардын намын гишүүн хэвээрээ юү?

Хэвээрээ байгаа.

Боломж олдвол дэвшинэ биз дээ?

Би боломж олдоно, олдохгүй байна гэж бодох юм алга. Одоо дараагийн сонгууль болтол хаа ч байсан юм. Урдах ажлаа хийгээд явж байхад болно доо. Гэхдээ нэг зүйлийг ахиад хэлье. Энэ улсад иргэн та өөрөө хүсвэл нэр дэвших эрх нээлттэй. Хэрвээ анзаарч байгаа бол “Тэр дэвших гэж байна. Энэ дэвших гэж байна” гэж хашхираад байсан хүмүүс өөрсдөө бүгд дэвшсэн шүү дээ. “Тэр яахаараа дэвшдэг юм. Энэ яахаар дэвшдэг юм. Энэ ч болохгүй, тэр ч болохгүй” гээд байсан хүмүүс өөрсдөө дэвшсэн. Зарим нь УИХ-ын гишүүн болчихсон байна. “Би болно, бусад нь болохгүй. Энэ яахаараа ингэдэг юм” гэдэг хүмүүс Үндсэн хуулиа унших хэрэгтэй. Ямар нийгэмд амьдарч байгаагаа бас мэдэх ёстой. Тэр утгаараа ардчилсан нийгэмд амьдарч байгаа бол хэн, хэн яаж дэвших, ямар намаас нэр дэвших, сонгох сонгогдохгүй байх нь тэр хүний хувийн асуудал болохоос биш түүнд оролцох нь өөрөө хүний эрх зөрчиж байгаа зүйлээ гэж би хэлнэ.

Тэгэлгүй яах вэ. Сонгох сонгогдох, дэвших дэвшихгүй байх эрх бол бид бүхэнд олгогдчихсон байгаа. Энэ бол ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйлсийн нэг юм.

Бид их хартай юм байна.

Бид магадгүй хаширсан ч байж магадгүй.

Магадгүй.

Ямар нэгэн морь, эмэгтэйчүүдийн холбоо, ямар нэгэн бөхийн холбоо ч гэдэг юм уу холбоо гэдэг нэрээр гарч ирээд олонд өөрийгөө харуулж таниулсан хүмүүсээс. Магадгүй таны өмнө Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч байж байгаад УИХ-ын гишүүн болсон 7 удирдлага бодлого шийдвэрт байгууллагынхаа үндсэн чиглэлийг барьж ажилласан байж болно. Гэхдээ холбооны нэрээр парламентад орчхоод зорилгоо өөрчилсөн, намын шийдвэр дагадаг болсон хүмүүсээс болж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа сүүлийн 20, 30 жил ямар байсан юм гэдэг асуудал үүссэн ч байж магадгүй. Ерөнхийдөө баланс, зааг баривал зүгээр юм болов уу гэдэг бодол төрсөн юм. Улс төртэй холбоотой сэдвээ ингээд орхиё.

Нэг зүйл тодруулъя. Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөл надтай нийлээд 15 гишүүнтэй. Олонх нь нам бус хүмүүс бий. Гэхдээ янз бүрийн намын буюу намын төлөөлөл болсон 3, 4 хүн байдаг. Аймгийн нийслэлийн, дүүргүүдийн, сумдын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар гээд янз бүрийн намын хүмүүс байдаг. Нам бусууд ч бий. Тэгэхээр Б.Оюунгэрэл гэдэг хүнийг МАН-ын гишүүн гэдгээр нь Монголын эмэгтэйчүүдийн холбоог намын мэт харлуулах хэрэггүй гэж боддог. Яагаад гэвэл бид нам харгалзахгүй, нас харгалзахгүй, хүйс харгалзахгүйгээр нийгмийн байгууллагын үйл ажиллагааг авч яваа. Тэр утгаараа аймагт очиход аль нэг аймгийн дарга нь Ардчилсан намын хүн байлаа гэхэд Ардчилсан намын хүүхэн гээд л ярьдаг байхгүй юу. “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ оролцуулъя. Хүн бүхэн тэгш эрхтэй” гэчхээд эмэгтэйчүүдийн холбооны удирдлага гэхээр болохгүй гэдэг ганцхан зүйлийн ялгааг яриад байгаа нь жаахан сонин санагдаад байгаа юм. Эмэгтэйчүүдийн холбоо ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ сүлжээгээр дамжуулж би болон манай Удирдах зөвлөл нэг ч удаа улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулах чиглэл бодлого гаргаж хэрэгжүүлээгүй ээ. Тэрийг Монголын 330 гаруй суманд сууж байгаа манай төлөөлөл мэдэж байгаа. 21 аймгийн дарга нар ч мэднэ.

2020 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн холбооныхныг жаахан ч гэсэн ашиглаагүй юу?

Эмэгтэйчүүдийн холбоо тэнд ажиллаагүй шүү дээ. Ажиллуулаагүй.

Хэрвээ ажилласан бол гарчих байсан уу?

Би мэдэхгүй.

Улс төртэй холбоотой хүмүүсийн асуугаасай гэсэн зүйлийг ярилаа. Яг ард нь юу болсон юм гээд хүмүүсийн мэдэхийг хүсэж байгаа зүйлийг асуулаа. Нэг асуудал болохоор л эмэгтэйчүүдийн эрх, охид бүсгүйчүүдийн эрх гээд яригддаг. Магадгүй бидний амьдралын хэв маягтай холбоотой байх. Уг нь хамгийн чухал ажил нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байдаг. Энэ чиглэлээр олон ажил хийж байгаа, олон төсөл бий. Би өнөөдөр тантай 2 киноны тухай яримаар байна. Хоёулаа их шүүмжлэлд өртлөө. Сайн кино байсан уу, муу кино юу гэдгийг цаг хугацаа шүүх биз. Мэргэжлийн байгууллагууд нь ч дүгнэлтээ хийгээд, тодорхой болгоод явах байх. Ер нь энэ 2 киног ямар зорилгоор хийсэн юм бэ? “Улаанцэцэг”, “Пагмадулам” гээд 2 кино байна.

Та бид XXI зуунд амьдарч байна. Монголын эмэгтэйчүүд энэ зууны турш эрчүүдийн нэгэн адил улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, жаргал зовлон бүх зүйлд оролцож өнөөдрийг хүрлээ. Маргааш ч, нөгөөдөр ч оролцоод явна. Гэвч монгол эмэгтэйчүүдийн түүхийг хадгалж, хамгаалж үлдсэн өв бараг байдаггүй. Ном зохиолоос авахуулаад, кино бүтээлд аль алинд нь алга. Кино урлаг бол хүн төрөлхтний соёл гэгээрлийн хамгийн том зэвсгүүдийн нэг. Энэ зэвсгийг ашиглая гэж бодсон. Сайн дураараа ганц нэг уран бүтээлчид ганц нэг ном зохиол бичиж байх шиг байна. Эмэгтэйчүүдийнхээ оролцоог олон нийтэд ойлгуулах тал дээр ажил бараг хийгддэггүй. Ялангуяа шийдвэр гаргах түвшинд. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцох ёстой, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гээд цөөн хэдэн дарга зангиагаа солиод, пайзаа солиод яриад сууж байхаас хэтэрдэггүй нь нууц биш. 1990 оноос хойш 35 жилийн түүхэн хугацаанд анх удаа порпорционал систем оруулж, эрэгтэй, эмэгтэй хүйсээр тэгш нэр дэвших боломж бүрдүүлсний буянаар Монголын парламент 32 эмэгтэй гишүүнтэй боллоо. Тойргоос хэдэн эмэгтэй сонгогдож гарч ирэв? Эмэгтэйчүүд яагаад гарч ирж чадахгүй байна вэ? Яагаад үнэлэгдэхгүй байгаа юм бэ? Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх гэхээр эрчүүдтэй сандал суудал булаацалдсан хэдэн хүүхэн байгаа мэтээр хараад байдаг. Уг нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн байгалийн заяагдмал өгөгдөл нь өөр шүү дээ. Эмэгтэй хүний нүдээр шийдэх төрийн бодлого дутмагшсаны 35 жилийн ой дээрээ бид явж байна. Ярианы эхэнд ч би анх хэлсэн. 1990 оноос өмнө Монголын эмэгтэйчүүдийн байгууллага ээж шиг байсан гэж. 1990 оноос хойш Монгол Улс ээжгүй 30 гаруй жил болжээ. Харин сүүлийн үед эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, Жендерийн үндэсний хороотой боллоо, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай боллоо, Хүүхэд хамгааллын хуультай болоод хэд хэдэн нэмэлт өөрчлөлт хийлээ. Гэр бүлийн яамтай боллоо. Үндсэндээ бодлогын дэвшил өрнөж байна. Тэр утгаараа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд кино урлагаар дамжуулж, түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг ролийг сурталчлах, түүхэн эмэгтэйчүүдийнхээ дүрийг мөнхөлж, залуу үедээ таниулах зорилгоор 2 кино хийлээ. Санаачилгыг нь гаргаж, би өөрөө продюссерээр нь ажиллалаа. “Улаанцэцэг” уран сайхны киног бид С.Удвал гуайн 100 насны ойд зориулж бүтээсэн. Монгол Улсаас Дэлхийн энхтайвны шагнал хүртсэн хоёрхон хүн байдгийн нэг нь манай эмэгтэйчүүдийн байгууллагын дарга Сономын Удвал гэж хүн байсан. Эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар 25 жил ажилласан, АИХ-ын депутатаар 9 удаа, АИХ-ын тэргүүлэгчээр 10 удаа сонгогдсон хүн. С.Удвал гуайн үед соёлын хувьсгал гэж ахуйн соёлын хувьсгал хийгдэж, бүх үйлдвэр заводын дэргэд сургууль, цэцэрлэг байгуулсан. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн гэсэн үг. Кинонд гарч байгаа дүрүүдийн үйлдлийг дүгнэх гэхээсээ илүү тэр кинонд юу өгүүлэхийг хүсэв гэдэг талаас нь хараасай. “Улаанцэцэг” кинонд ажлын байрны бэлгийн дарамт гардаг. Ялгаварлан гадуурхалт гардаг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллаж, амьдрахад ямар жаргал зовлон туулдаг юм, тэр бүгд гарна.

Хоёр дахь нь “Пагмадулам” төсөл. Өнгөрөгч оны 10-р сарын 10-ны өдөр энэ киноны нээлтийг хийсэн. Яагаад 10-ны өдөр нээсэн бэ гэхээр жил бүрийн 10-р сарын 11 бол Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр байдаг. Энэ утгаараа 10-ны өдрийг сонгосон. Пагмадулам гэж эмэгтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны анхны дарга байсан. 15 насандаа өөрөө богтлуулж байсан түүхтэй. Монголын эмэгтэйчүүдийг эрдэм номтой, эрх чөлөөтэй болгохын төлөө тэмцэж явсан гайхалтай эмэгтэй. Түүний төрсөн он, сар, өдөр нь ч тодорхойгүй. Нас барсан тухай нь ч бүрхэг. Зүгээр л нэг домог мэт бид ярьсаар ирсэн. Хатуу яривал 100 жилийн өмнө бид Пагмадуламыгаа хэлмэгдүүлээд, амийг нь хөнөөгөөд, булаад мартчихсан. Ийм л түүх байсан. Алдаатай, оноотой байхыг үгүйсгэхгүй. Пагмадулам гэж хүнийг нийгэмд таниулах зорилготой төсөл. Бид Д.Нацагдорж гуайн тухай ярихаараа орос эхнэртэй байсан гэж ярьдаг. Монголын түүхэн дээр хүртэл орос эхнэртэй байсан тухай дурдсан байдаг. Пагмадулам төсөл дээр XX зуунд Монголын залуучуудыг хэрхэн хэлмэгдүүлж байсан тухай гардаг. Тэр үеийн монгол залуучууд ямар эрдэм боловсролтой, ямар гоё соёлч залуучууд байсныг бид олон нийтэд таниулахыг зорьсон. XX зууны эхэн үе гэхээр 1920-иод он 30-аад онд олон улсад гарч байгаа Монголын нийгмийн байдлыг бор гэрийн наана сэгсгэр үстэй хэдэн хүн зогссон зургаар л харуулж ирсэн. Гэтэл бодит нөхцөл байдал өнөөдрийн монгол залуучууд шиг өндөр боловсролтой, соёлтой, гайхалтай гоё хувцасладаг залуучууд байсан юм шүү гэдгийг харуулах гэж зорьсон төсөл юм. Дээр нь 1924 онд Үндсэн хуулиар монгол эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхтэй болоод, түүний дараа Пагмадулам гэдэг эмэгтэй 1932 онд өөрийнхөө сонгох, сонгогдох эрхийг хасуулж байсан. Ямар амаргүй замаар явж, амиа алдсан бэ гэдгийг Пагмадулам гэдэг эмэгтэйн дүрээр харуулахыг зорьсон. XX зууны эхэн үеийн бодит нөхцөл байдал, жаргал зовлонг үзүүлье гэж зорьсон. Үзүүлж чадсан байх гэж найдаж байгаа.

Энэ талаар олон шүүмжлэл өрнөсөн. Заримаас нь асуугаад явъя. Хэтэрхий урд хөрш талдаа дүрслэл, сцени бүрдүүлсэн. Дээрээс нь тэр эмэгтэй болоод Д.Нацагдорж гуайг олон нийтэд таагүй байдлаар үзүүлсэн. Уг нь та бүхний бүтээсэн энэ төслийн зорилго нь соён гэгээрүүлж, ийм хүн байжээ гэдгийг харуулах байсан. Эмэгтэйчүүд минь энэ түүхэн хүн шиг боловсролтой, манлайлах түвшинд байгаасай гэдэг зорилготой байсан шүү дээ. Үндсэн зорилго маань зарим зүйлс дээр ийм шүүмжлэлд өртөхөөр танд ямар бодол төрөв? Киног анх үзэхэд бас танд өөрт чинь тийм мэдрэмж төрөөгүй юу? Олон нийт бол ийм мэдрэмж төрж байгаа тухай илэрхийлсэн байдаг.

1 дүгээрт, энэ бол уран сайхны кино. 2 дугаарт, энд түүх гуйвуулсан баримт огт байхгүй. Хятадтай холбоотой 4 сцени байдаг. Манай Пагмадулам кино 152 сценитэй. Сүн Үкүн гээд жүжигтэй холбоотой асуудал яригдсан. 1921 онд Сүх жанжны зөвшөөрлөөр тухайн үеийн Хувьсгалт залуучуудын жүжгийн хүрээлэн гэж байгуулагдаж байсан юм билээ. Тэр хүрээлэн 30 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Тэр хүрээлэнд их зохиолч Д.Нацагдорж багтдаг байсан. 1921 он гэхээр их зохиолч өөрөө 16 настай байсан үе. 1905 онд төрсөн хүн шүү дээ. Тухайн үед Бөмбөгөр ногоон театр ч байгаагүй, Д.Нацагдоржийн “Миний нутаг” ч гараагүй, “Учиртай 3 толгой” жүжиг ч төрөөгүй байсан цаг. Тухайн үед иргэддээ үзүүлж харуулах юмтай байх зорилгоор жүжгийн хүрээлэн байгуулаад, юу хийх вэ гэдэг хайгуулын дүнд Хятадын алдартай 5 зохиолыг тоглуулъя гэдэг шийдвэр гараад, тухайн үеийн Нийслэл хүрээнд 1921 онд “Сүн Үкүн” жүжиг тоглогдож байсан түүхэн баримт байгаа. Залуу хос болзож яваад, жүжиг үздэг сцени байдаг. Үүнтэй холбоотой 1 зүйлийг би хариуцлагатайгаар хэлье. Бид Хятад улсаас 1 төгрөгийн ч санхүүжилт аваагүй. Кино төсөл 700 сая төгрөгийн өртөгтэй бүтсэн. 2 цаг 52 минутын хугацаатай. Хоёрт, монголчууд бид Д.Нацагдоржид маш их хайртай. Гэхдээ бид бодит үнэнтэй тулах дургүй болсон юм байжээ гэж энэ киноноос би харсан. Яагаад гэхээр 12-р сарын дундуур “Баавгай болох сон” гэж кино гараад, олон нийтийн дунд их шуугиан тарьж, ярианы сэдэв болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэр кино өнөөдрийн Монголын нийгмийг харуулсан. “Пагмадулам” бол 100 жилийн өмнөх Монголын нийгмийг харуулсан кино. 100 жилийн өмнөх бодит үнэн, 100 жилийн дараах бодит үнэнтэйгээ бид аль алинтай нь эвлэрэхгүй байна. Бид муухай харагдаж байна, миний тэрийг ингэлээ тэглээ гэдэг байр сууринаас хандаад байх шиг. Аливаад зарчим баримтлах биш, субьектив байдлаар хүн рүү дайрдаг. Хариуцлага ярихаар хэрүүл, доромжлол болгоод дуусдаг. Уг нь бол XX зууны хэлмэгдүүлэлтийн тухай яриасай гэж хүссэн. Пагмадулам гэж эмэгтэй яаж хэлмэгдэж, яаж шоронд орсныг хараасай гэж бодсон. Өндөр боловсролтой хос хоёрыг Европоос хэрхэн дуудаж авчраад, юу нь мэдэгдэхгүй шалтгаанаар хэлмэгдүүлээд, орон шоронгоор явуулж байгаа тухай үзээсэй гэж хүссэн. Нийгмийн ялгаварлан гадуурхалтад өртөөд, зөрөөд өнгөрөх хүн мэндлэх боломжгүй болтол хэлмэгдүүлж, амь насыг нь хохироож байгаа тухай гашуун түүхийг өгүүлдэг л кино. Д.Нацагдоржид архи уулгалаа гэж ярьж байх шиг байсан. Эхнэрээ хамгаалж чадахгүй, хайртай бүсгүйтэйгээ амьдарч чадахгүй, алтан ургийн тайж байсан өндөр сэхээтэн хэн ч биш болж, тоосгоны заводод ажиллаж, эхнэрээ орон шоронгоор явуулахыг үзэхэд, архи уух битгий хэл үхэх ч багадах биз гэж бодогдож байна. Архи уулаа гэж уянгалахаасаа илүүтэй хайр, хүндлэл, нулимс, үнэнийг олж харах ёстой байсан гэж би хувьдаа боддог. Ямар ч байсан хоёр сайхан бүтээл гаргалаа. Сайн, мууг цаг хугацаа шүүх биз. Миний хувьд энэ 2 бүтээлийг гаргасандаа энэ яваа насандаа баярлаж талархаж амьдарна гэж бодож байгаа. Цаашдаа ч Монголын эмэгтэйчүүдийн түүхийг хадгалж, хамгаалж, түгээн дэлгэрүүлж, энэ эмэгтэйд тохиолдсон шиг хэлмэгдүүлэлт бид хийхгүй байх сан. Ийм ялгаварлан гадуурхалт үүсгэхгүй байх сан, ийм мундаг сэхээтнүүдтэй байсан юм байна, ийм амаргүй замыг тэд туулсан юм байна, тэгээд өнөөдрийн энэ нийгэм ирсэн юм байна гэж ойлгож мэдрэх л ёстой юм л даа. Хэрвээ Пагмадулам болон түүний нөхөд, тэр үеийн эрчүүд эмэгтэйчүүдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулаагүй байсан бол өнөөдрийн Монгол ийм хэмжээнд хүрэх байсан уу гэдгийг хүн болгон өөрсдөөсөө асуугаасай, бодоосой гэж би хүсдэг. Тиймээс ч энэ киног Мартын 8-наар үзээсэй гэж уриалмаар байна. Яагаад гэвэл “Пагмадулам” киноноос олох орлогыг бид “Нандин” төсөлд оруулахаар төлөвлөсөн. Төслийн зорилгоо харсан ч Монголын эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага гэдэг утгаараа киноноос олох ашиг нийгмийн төсөлд зарцуулагдана. Хэн нэгэн Б.Оюунгэрэлийн ч юм уу, хэн нэгэн бизнесийн төсөл болгоод, айл гэрт орон гэр, хувцас хунар болж очихгүй. Энэ бол “Нандин” төслийн санхүүжилт болох юм. Одоогийн байдлаар “Пагмадулам” кино 20 гаруй сая төгрөг олоод байгаа.

IPTV-д тавьсан уу?

Тавьсан. Бид өчигдөр, өнөөдөр, маргааш гэдэг үнэнтэйгээ тулах ёстой. Үнэнтэйгээ тулаад, ирээдүй рүүгээ яаж алхах ёстой вэ гэж урагшлах ёстой болохоос биш, тойрсон хэрүүл шуугиан, хоорондоо марзганасан маазраа болгож өнгөрдгөө болих ёстой.

Мэдээж үндсэн зорилго нь ашиг олох биш байсан байх. Төслөөс орлого орж ирэхээр та бүхний дараагийн төслүүдэд дэмжлэг болох байх л даа. 700 сая төгрөгөөр хийсэн кино 10 сарын дараа 20 сая гэхээр хангалтгүй орлоготой байна. Бүтээл үнэлэгдэхгүй байгаа юм биш үү?

Монголд гарч байгаа уран бүтээл агуулга, чанар, хэлбэр, хийц гээд олон талаасаа үнэлэгдэх байх. Би бол кино салбарын хүн биш. Хуульч мэргэжилтэй. Төслийг санаачилсан нь үнэн. Санхүүжилтийг босгосон нь үнэн. “Пагмадулам” төсөл дээр найруулагч ажилласан. Кино хамтын бүтээл байдаг. Энэ төсөлд 1400 орчим уран бүтээлч баг болж ажилласан. Хэдийгээр бид ашиг олох зорилгоор бүтээгээгүй ч тодорхой орлого олж, нийгмийн төслөө санхүүжүүлсэн бол илүү сайн байх байлаа. Гэхдээ зөвхөн мөнгө, кино төсөл гэж харалгүйгээр хандах ёстой. Манай эмэгтэйчүүдийн холбооноос санхүүжүүлж байгаа төсөл ганхцан зорилготой байдаггүй. Нэлээд хэдэн зорилготой байдаг.  Тэр утгаараа аливаа төслөө бид олон жил бодож, төлөвлөж зохион байгуулдаг. “Пагмадулам” кино төслийн тухайд найруулагчийн шийдэл чухал үүрэгтэй байсан. Бидний амьдарч байгаа XXI зуун бол хүний эрхийг дээдэлсэн, хүнлэг, энэрэнгүй, иргэний, ардчилсан нийгэм. Гэтэл өнөөдрийн бидний байгаа байдал, бидний оюун санаа, харилцаа хандлага, ёс суртахуун хаана хүрсэн юм бэ гэдгээ хүн бүр дотроо бодоосой. Хатуу яривал бидний ёс суртахуун уландаа орсон. Бид өөрөө өөртөө эзэн болох, хүлээсэн үүргээ биелүүлэх, өрөөл бусдад дэм болох чанараа мартаж байна. Гэтэл ирээдүйд Монголын нийгмийг аваад явах үр хүүхдээ бид хаана хүмүүжүүлэх вэ? Тэднийхээ оюун санааг хэрхэн хооллож байгаагаа анхаарах цаг болсон гэж боддог. Бид хүүхдийнхээ ходоод руу хийж байгаа хоолыг л анхаардаг. Хоносон хоол идчих вий, муу хоол хүртчих вий, гаазтай ундаа уучхав уу гэж ямар нэг хэмжээгээр яриад байдаг мөртөө оюун санаа, тархи, зүрхнийх нь хоолыг орхигдуулсан цаг мөчийг өнгөрүүлж байна. Өнөөдрийн нийгэм хүйтэн. Маш хүйтэн нийгэм. Зэрлэг балмад ч гэж нэрлэж болохоор. Гэхдээ сүүлийн жилүүдэд бас харьцангуй хүмүүсийн хандлага бага багаар дээрдэж байна. Би маш их их газраар явдаг л даа. Мэдрэгдэж байгаа. Гэхдээ хангалтгүй байна. Цаашдаа бид хөгжил ярих гэж байгаа бол хүний эрх ярих гэж байгаа бол ирээдүйгээ сайхан болгоё гэж байгаа бол иргэн нэг бүр хүнлэг энэрэнгүй, хайр дүүрэн, дулаан харилцаа, хандлагатай байх хэрэгтэй. Үр хүүхдээ бид дулаахан газар өсгөх хэрэгтэй. Тэр дулаахан газар бол паартай байшин биш, гал түлсэн гэр биш, халуун дулаан сэтгэл байх ёстой юм. Үр хүүхдэдээ бид юу өвлүүлж байна вэ? Эд хөрөнгө өвлүүлэх тухай бид 30 жил хөөцөлджээ. Эрхэм чанар, үнэт зүйл өвлүүлэх тухайгаа бид мартсан байна. Үйлдэл өвлөгддөг. Бид мянган удаа хараал хэлж болохгүй гэж тоть шиг давтаад байдаг хэрнэ 1 л удаа өөр үйлдэл хийхэд, хүүхэд харснаа хийж болдог гэж бодож үлддэг. Хүүхэд үр дагаврын тухай боддоггүй. Бидний өнөөдрийн нийгэмд, нийгмийн сүлжээнд гаргаж байгаа хандлага өөрөө өөрсдийгөө толинд харж байгаа мэтээр харагдаж байгаа. Ямар нийгэм бүтээснээ өглөө нүдээ нээгээд л нийгмийн сүлжээ рүү ороход харагдана. Үүдээр гараад замын түгжрэл дундаас харж болж байна. Амьсгалж байгаа агаараас харагдаж байна. Төрж байгаа үр хүүхдийн маань эрүүл мэндээс харагдаж байна. Боловсрол, ёс суртахуунаас харагдаж байна. Өнөөдөр хэн мундаг харагдаж байна вэ? Хамгийн их хашхичсан, хараал хэлсэн, доромжилсон хүмүүс нийгмийн толь болж харагдаад, тэрийгээ бид алга ташаад л өөгшүүлээд сууж байна шүү дээ.

Бидний ярилцах цаг дууссан байна. Гэхдээ нэг асуулт заавал асуух ёстой. Асуултаасаа өмнө захихад өнгөрсөн үеийнхээ түүхээс сэдэвлэж хоёр кино хийлээ. Магадгүй ахиад кино хийхээр бол орчин үе рүү чиглэсэн кино байгаасай гэж хүсэж байна. Одоо үеийн залуус яг юу руу зориод, ямар болж байгаа талаар бодох, ярих зүйл байгаа байх гэж бодоод хувийн бодлоо хэллээ. За сүүлчийн асуултаа тавья. Бид Улаанбаатар хотод амьдарч байна. Суурин газар амьдарч байгаа хүмүүс бол бүгд эрхээ мэддэг. Эрхээ хамгаалуулах чиглэлээр төрийн бус байгууллага, олон улсын байгууллагад ханддаг. Та маш олон аймаг, сумаар явсан. Тэгвэл малчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудал олон зүйл дээр зөрчигддөг шүү дээ. Тэднийг хамгаалах хамгаалалт гэж байхгүй байна.

Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувийг малчид эзэлж байна. 310 орчим мянган малчин бий. Хамгийн хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс нь малчид. Малчдын хувьд жендерийн харьцаа алдагдсан. Сүүлийн жилүүдэд хөдөөд эмэгтэйчүүд мал маллах нь ховордсон. 2019 оны статистикаар 40:60 харьцаатай байна уу. “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөл малчин эмэгтэйчүүд рүү чиглэсэн төсөл гэж би түрүүн яриандаа онцолсон. Хүн хамгийн наад зах нь амьд байх эрхтэй. Тэгвэл малчин эмэгтэйчүүд амьд байх жам ёсны эрхээ ч эдэлж чаддаггүй гэж хэлэхэд ширүүдэхгүй байх. Малчин эмэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна. 2019 онд КОИКА-гаас малчдын дунд хийсэн судалгаа бий. “Ирээдүйд хүүгээ малчин болгох уу. Охиноо малчин болгох уу” гэсэн асуулгатай. Судалгаанд оролцогчдын 27 хувь нь хүүгээ, 5-хан хувь нь охиноо гэсэн. Яагаад охиноо малчин болгохыг хүсэхгүй байгаа тухайгаа “Эрүүл мэнд, нийгэм, соёлын үйлчилгээ авч чадахгүй байна. Хүүхдийн сургууль” гэсэн 3 шалтгаан бичсэн байдаг. Үүнээс үүдээд яривал малчин эмэгтэйчүүд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Яагаад гэхээр тэдэнд өмч байхгүй. “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн үндсэн зорилго энэ рүү чиглэж байсан. Өнгөрсөн 10, 11 сард би Хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяртай уулзсан. Удахгүй мал тооллого болох гэж байна. Малчдын малыг тоолохдоо гэр бүлийн нэр дээр тоолж байх санаачилгыг Монголын эмэгтэйчүүдийн холбоо гаргаад байгаа юм. Зөвхөн өрхийн тэргүүний нэр дээр биш, эхнэр нөхрийн нэр дээр тоолох нь чухал. Мал аж ахуй гэдэг бол гэр бүлийн хөдөлмөр. Хүүхэд хүртэл оролцдог. Насанд хүрээгүй гэдэг утгаараа хүүхэд орхигдож болох ч эхнэрийн хувьд өмчтэй байх баталгаа хэрэгтэй байна. Өнгөрсөн жил малчид маш хүнд өвлийг туулсан. Маш олон айлын хот харласан. Хатуу ярихад, хот нь харласан малчин маргааш нь тэтгэвэр аваад суух хэмжээнд байх ёстой. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авъя, бизнес хийе гээд тоочвол төрөөс олгодог бүх төрлийн үйлчилгээнд малчид хамрагдаж чаддаггүй. Тэр дундаа малчин эмэгтэйчүүд. Амьдрал баян шүү дээ. Юу ч тохиолдож болно. “Хэрэв бие нь өвдвөл 1 төлөг зараад үзүүлчихнэ” биз гэдэг. Гэтэл энэ зөвхөн бие өвдөх тухай асуудал биш. Энэ бол жам ёсны эрхээ эдлэх тухай асуудал. Малчин эмэгтэйчүүд хүнд хөдөлмөр эрхэлж байна гэж 1 ч удаа гомдоллодоггүй. Зөвхөн жам ёсны эрхээ эдлэх хүслээ л хэлдэг. Эмнэлэгт үзүүлмээр байдаг. Сумын эмнэлэгтээ хүртэл малчин эмэгтэйчүүд эрүүл мэндийн даатгалгүй учраас үзүүлж чаддаггүй.

Мэдээж соёл, ёс уламжлалаа тээж яваа хүмүүстээ бид анхаарал хандуулах ёстой. Та бидний ярилцах цаг хэтрээд байна.

Энд нэг зүйл хэлэхгүй бол болохгүй. 2020 онд Европын холбооны санхүүжилтээр Хүний эрхийн үндэсний комисс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтраад “Дэмжих бүлгээр дамжуулж, туслах малчдыг чадавхжуулах нь” гэдэг төслийг 4 аймгийн 12 суманд хэрэгжүүлсэн. Энэ төслийн үр шимээр Монголын төр малчдын хөдөлмөрийг бодлогоор үнэлдэг болж, хууль батлагдсан. Өмнө нь туслах малчдыг боол, зарц мэт үздэг байсан үе бий. Одоо туслах малчид хөдөлмөрөө үнэлүүлж, цалин хөлс тооцуулж авдаг болсон. Энэ бол манай эмэгтэйчүүдийн байгууллагын хийсэн том ажлуудын нэг үр дүн.

-Баярлалаа. Ярилцах цаг маань богинохон байлаа. Эмэгтэйчүүдийн асуудал, холбооны ажил гээд олон зүйл ярихад нэвтрүүлгийн цаг багадаж байна. Урилга хүлээн авч, ярилцлагад оролцсонд талархаж байна.

Урьж оролцуулсанд маш их баярлалаа. Олон нийтийн байгууллага гэдэг тэр бүр төлбөр төлөөд, хэвлэл мэдээллээр гараад байх боломж байдаггүй. Хэвлэл мэдээлэл гэдэг арилжааны бизнес. Та нар биднийг гаргасангүй гэж асуух эрх байхгүй. Ийм том боломж олгосон танай хамт олонд баярлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *