Хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 24-30-ны хооронд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо 2025 оны уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ ДАШТ-ээс ирэх жил Италийн Милан, Кортина-Ампеццо хотноо болох өвлийн олимпын XXV наадмын уран гулгалтын тэмцээнд оролцох 83 эрх (эм, эр тус бүр 24, спортын хос 16, бүжгийн хос 19) олгох юм. Харамсалтай нь “Бостон-2025” ДАШТ-д ОХУ-ын уран гулгагчдыг та бид харахгүй.
Гэхдээ 2026 оны өвлийн олимпод Оросын уран гулгагчдыг та бид харж магадгүй. ОУОХ, ISU буюу Олон улсын тэшүүрийн холбооны гаргасан шаардлага, журмыг хангасан ОХУ-ын гулгагчид ирэх намар есдүгээр сарын 16-21-нд БНХАУ-ын Бээжин хотноо болох олимпын эрх олгох тэмцээнд ( хоёр дахь бөгөөд сүүлчийн тэмцээн) төрөл тус бүрд нэг нэг тамирчин оролцох боломжтой болсон. Мөн төрөл тус бүрт нэг нэг нөөц тамирчдыг мэдүүлэг өгөх бөгөөд мэдүүлгийн эцсийн хугацаа 2025 оны хоёрдугаар сарын 28-нд байсан бөгөөд ОХУ-ын уран гулгалтын нэрсээ ОУТХ-д илгээсэн. Харин яг ямар тамирчдын нэр мэдүүлэг багтсаныг одоогоор албан ёсоор зарлаагүй байна.
Гэхдээ хэвлэл, мэдээллийнхэн эмэгтэй ганцаарчилсан төрөлд 2024,2025 оны ОХУ-ын аварга, 17 настай Аделия Петросян( Этери Тутберизегийн шавь) ,спортын хосын төрөлд Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Анастасия Мишина-Александр Галлямов, бүжгийн хосод Европын АШТ-ий хошой мөнгө, 3 хүрэл медальт Александра Степанова-Иван Букин нарыг үндсэн тамирчнаар мэдүүлэгт орсон гэдэгт санал нэгтэй буй. Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд ОХУ-ын 2025 оны аварга Владислав Дикижи, 2023,2024 оны аварга Евгений Семененко, 2024 оны хүрэл медальт Петр Гуменник нарын хэн нь байж болох магадлалтай ажээ.
Уг нь ОХУ-ын уран гулгагчид төрөл бүрд 3 тамирчин оролцуулах эрхийг өмнө нь хөнгөхөн авдаг, эрэгтэй ганцаарчилсан төрлөөс бусдад нь бүх медалийг ч авах бололцоотой байдаг байсан. Гэхдээ ирэх олимпод төрөл тус бүрд ганц л тамирчин оролцуулах боломж олдож байна. Ямар ч байсан уран гулгалтын тэмцээнийг чимдэг Оросын гулгагчид эргэн ирэх нь энэ гайхамшигт спортын сая сая фэнүүдийг баярлуулах нь дамжиггүй ээ.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин “Таван цагариг” сонин