Үндэсний сэтгүүл зүйн 112 жилийн ой өнөөдөр тохиож байна


Одоогоос 112 жилийн өмнө буюу 1913 оны 3 дугаар сарын 6-ны өглөө “Шинэ толь” хэмээх сонин бичиг анхны дугаараа гаргаснаар Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсжээ. Монгол Улсын Гадаад Явдлын Яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу энэ сониныг эрхлэн гаргажээ. Уг сонин Оросоос Монголд суугаа төлөөний сайдын ивээл доор гарч байсан нь хоёр талын эрх ашигт нийцэж байв. Монголын дэвшилт үзэлтэй сэхээтнүүд Оросын хэвлэлийн баазыг ашиглан, тогтмол хэвлэл гаргахаар зорьж байсан бол Оросууд уг хэвлэлд өөрийн бодлогоо тусгахаар эрмэлзэж байсан аж.

Тус сонины эхний дөрвөн дугаар нь 23х15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүл маягаар, дараах 16 дугаар нь 34х26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарсан юм. Нэг дугаарыг нь 500 хувь хэвлэн, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараасан бол иргэдэд сонин худалдах цэгээр дамжуулан борлуулдаг байжээ.

Үүний дараа 1914-1920 оны хооронд “Нийслэлхүрээний сонин бичиг” гарсан байна. Эдгээр сонины эрхлэгч нь Жамсрангийн Цэвээн гэх Агийн буриад хүн. Түүнийг Монголын үндэсний сэтгүүл зүйг үндэслэгч гэж тооцдог.

1993 онд МСНЭ-ийн их хурлаас 3 дугаар сарын 6-ний өдрийг Үндэсний сэтгүүл зүйн өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон юм.

Монгол хэлээр гаргасан анхны сонин бол “Дорнод хязгаарын амьдрал” (“Жизнь на Восточной окраине”). 1895-1897 оны хооронд Оросын Чита хотод орос, монгол, буриад хэлээр 7 хоногт таван удаа уг сониныг хэвлэж байжээ. Хаант Орос улс Буриадын баян худалдаачин П.А.Бадмаевын удирдлагаар энэ сониныг Алс Дорнод, Монголд улс төрийн бодлогоо идэвхжүүлэх зорилгоор гаргасан байдаг.

Хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөл, МСНЭ-ийн хүндэт гишүүн, дэмжигч та бүхэнд баярын мэнд дэвшүүлье!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *