Авто зам ашигласны төлбөр авах цэг \ТАЦ\ буюу бидний нэрлэж заншснаар товчоодыг цахимжуулах ажил шинэ шатанд гарч Монгол Улсад анх удаа хүний оролцоогүй ТАЦ ажиллаж эхэлжээ.
Тодруулбал хуучнаар 22-ын товчоо буюу баруун турууны төлбөр авах цэг хүний оролцоогүй болж, зориулалтын карказ байгууламж дээр суурилуулсан камер, RF reader-ийн тусламжтайгаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчид нэхэмжлэх хүргүүлж эхлээд байна. Зам тээврийн хөгжлийн төв уг байгууламжийг 2024 онд барьж байгуулан, шаардлагатай туршилт тохируулгыг хийсний эцэст өнгөрөгч 2 сард албан ёсоор ашиглалтанд оруулсан байна. Сар шиний амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос 189 мянган тээврийн хэрэгсэл гарснаас баруун турууны ТАЦ-ээр 57 мянга нь нэвтэрчээ.
Цаашид товчоод тойрсон түгжрэл арилахын зэрэгцээ, жолооч тээвэрчид саадгүй зорчих таатай нөхцлийг бүрдүүлсэн энэхүү шийдэл нь шинээр баригдах ТАЦ-үүдэд өргөн ашиглах аж.

Харин цахим ТАЦ-ээр саадгүй нэвтэрсэн жолооч нарт E-Mongolia аппликешнээр нэхэмжлэх хүргэгдэх ба E-zam.mn сайтаар төлбөрөө төлөх боломжтой. Мөн бусад сувгуудаар нэмэлт шимтгэлтэйгээр төлбөр төлөх нь нээлттэй ба E-баримт аппликешны хялбар бүртгэл хэсэгт тээврийн хэрэгслээ бүртгүүлснээр улирал бүр олгогддог НӨАТ-ын буцаан олголтоос авто зам ашигласны төлбөрийг суутгах зэрэг өргөн боломж байгааг зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллэв.