Төв Азийн цээжинд орших тусгаар тогтносон, ардчилсан эрх чөлөөт Монгол Улс, Чингис хаанаараа овоглодог, талын хөх чоноо дээдлэн шүтдэг монгол түмний өмнө NBA-ийн од тоглогч Демаркус Казинс сагсан бөмбөгөө тоглохоор ирлээ. NBA-гийн 4 удаагийн бүх оддын тоглолтын тод од, 2014 оны Дэлхийн аварга, 2016 оны олимпын аварга гээд сагсчин хүний авч болох бүхий л амжилтад хүрсэн “аварга том” Boogie хочит Demarcus Cousins Монголд. Түүний ирсэн зорилго Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигт тоглох, цаашлаад өөрийн нэгдсэн “Сэлэнгэ бодонс” багийг аваргын шагнал авахад бүхий л зүйлээ дайчилж, туслах гэнэ.
Энэ утгаараа 2025.03.07 Монголын сагсан бөмбөгийн түүхэнд чухал ач холбогдолтой түүхэн өдөр болж буй аж. Хэдхэн жилийн өмнө “Монголд багийн спорт хөгжихгүй”, “Гадаадын том тоглогчид Монголын лигийг тоож ирэхгүй” гэх зэрэг яриа хөвөрдөг байсан бол энэ бүгд ард хоцорч, Монголын сагсан бөмбөг Ази байтугай Европ, Америкт танигдаад эхэлжээ. Энэ бол Монголын сагсан бөмбөг маш хурдацтай хөгжиж байгаагийн нэг илрэл.

Одоогоос 14 жилийн өмнө 2011 оны 9-р сарын 7-ны өдөр NBA-ын од тоглогч “Супермэн” хочит Двайт Ховард Монголд ирж байв. Түүний хувьд яг ид үедээ Монголд ирээд буцсан. Харин энэ удаагийнх юугаар өөр вэ гэвэл NBA-ын од тоглогч Монголын Үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглох гэж буйгаараа ялгаатай.
Бидний зурагтаар үзэж, шүтдэг, дэмждэг “Голден Стэйт Уорриорс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Милуоки Бакс”, “Денвер Наггетс” багт нэгдэж, аваргын төлөө өрсөлдөж байсан Демаркус Казинс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь “UG arena” ордонд монголчуудын өмнө тоглох гэж байна. Энэ мөчийг тэсэн ядан хүлээж буй үзэгч, сагсан бөмбөг сонирхогчид олон байгаа нь ойлгомжтой.
Тэгвэл Д.Казинс ирэх даваа гараг буюу 3-р сарын 10-ны өдөр анхны тоглолтоо хийнэ. Тус тоглолт “BCH Knights”-“Selenge Bodons” багуудын хооронд болно. Энэ тоглолт эхнээсээ дуусах хүртэл үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэх нь гарцаагүй.

Мөн сагсан бөмбөг сонирхогчдын энэ мөрөөдлийг бодит болгосон “Selenge Bodons” багийн хамт олон, арын алба, спонсорууд, удирдлагуудад томоос том баяр хүргэе хэмээн сагсан бөмбөг сонирхогчид онцолж байлаа.
Би сагсан бөмбөгийг хүндэлдэг. Сагсан бөмбөгөөр дамжуулж, маш олон газар очсон. Үүний нэг нь Монгол байлаа
Demarcus Cousins: Монголын сагсан бөмбөгийн багаас санал ирэхэд, сэтгэл догдолж, маш баяртай хүлээж авсан. Би Монголд сагсан бөмбөг тоглохоор ирсэн. Хамгийн том зорилго минь энэ. “Сэлэнгэ бодонс” багийг аваргын цом өргөхөд тусална. Тоглолтынхоо хажуугаар Монгол Улсын соёл, байгальтай танилцаж, чөлөөт цагаа үр бүтээлтэй зарцуулна. Сагсан бөмбөгөөр дамжуулан, маш олон улсад тоглож, зочлох боломж гарсан. Энэ удаа Монгол Улсад тоглох боломж гарлаа. Энэ цаг хугацаагаа сайхан өнгөрөөхийг хүсэж байна.
Монголын лигийн видеонуудыг үзсэн. “Сэлэнгэ бодонс” багийн сошиал хаягуудыг дагаад, лигийн талаар мэдээлэлтэй байгаа. Үүний зорилго бол багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулах, түүнээс ямарваа нэг асуудал гаргах, тамирчдаа дарах зорилго байхгүй. Өөрийнхөө манлайлал, амжилтаар “Сэлэнгэ бодонс” багт хувь нэмрээ оруулна. Сагсан бөмбөг тоглож байгаа цагт багийнхаа амжилтын төлөө явна. Энэ спортод би гүн хүндэтгэлтэй ханддаг. Плэй-Оффын цувралд тоглох гэж ирсэн. Аль болох амжилттай тоглоно.
“Сэлэнгэ бодонс” багийн эзэн Л.Наранбаатар: Демаркуз Казинс Монголд хоёр сар болно. Үндэсний дээд лигийн финалын сүүлийн тоглолт дөрөвдүгээр сарын 30-нд товлогдсон. Хэрвээ бид финал хүртэл өрсөлдөж чадвал Казинс тавдугаар сарын 1-нд буцна. Анхны плэй-оффын тоглолт “BCH Knights” багтай гуравдугаар сарын 10-нд төлөвлөгдсөн. Маргааш 12:00 цагт бэлтгэлдээ орно.
“Сэлэнгэ бодонс” багийн ахлах дасгалжуулагч Предраг Стояанчев: Ийм өндөр түвшний тоглогчтой би ажиллаж байгаагүй. Баяртай байна. Өөрсдийнхөө системийг урьдчилаад явуулсан байсан. “BCH Knights” багтай хийх цуврал биеийн хүч шаардана. Казинс манай багийн будагтай талбайн сул талыг нөхнө.
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хасагдах шатны сонирхолтой гал гарсан тоглолтууд тун удахгүй.