Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаас гарсан шийдвэрээ өнөөдөр /2025.03.07/ танилцууллаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр, өнөөдөр хоёр өдөр хуралдаж,
- Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмж, 12 хувьд хүргэх,
- Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох,
- Тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийдвэр гаргалаа.
Эдгээр шийдвэрийг гаргахдаа эдийн засгийн нөхцөл байдал, төлөвийг харгалзаж үзсэн. Тухайлбал: АНУ-аас хэрэгжүүлж буй бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлөхөөр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ унахад нөлөөлж байна. Монголбанкны нэг гол зорилт бол инфляцыг нам дор хадгалах. Гэтэл инфляц сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай байна. Үүнд цахилгаан, мах, нийтийн тээвэр, сургалтын төлбөрийн үнэ гэх мэт төрөөс шалтгаалах үйлчилгээний үнэ нэмэгдсэнээс инфляц хоёр оронтой тоонд буюу 12 хувьд хүрэх эрсдэлтэй байгаа учраас ийм арга хэмжээ авсан” гэв.