Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдөр тус төслийн барилга угсралтын ажил эхэллээ.
Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. Энэ талаар тус төслийн ахлах инженер Г.Түвшинсанаагаас тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дүүжин замын тээврийн төслийн тулгуур багана байрлуулалтын ажил эхэлж байна. Нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлж байна. Тулгуур баганыг байрлуулж дууссаны дараагаар металл хийцийн ажлууд эхэлнэ. Төслийн барилга угсралтын ажил энэ оны арван хоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна ” гэв.
Дүүжийн замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үед 22 км цагийн хурдтайгаар 11 минутад 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабин ажиллах юм.