Охидоо зөв хүмүүжүүлье


Ээж, аавдаа эрх нялхаараа харагдах арван хэдхэн настай балчир охид бүлэглэн, нэгнийгээ зодож, танхайрч, архи тамхи хэрэглэж, хараалын үг урсгах нь энгийн үзэгдэл мэт болсныг нийгмээрээ харж байна. Хээгүй, дэггүй, эрх дураараа гэхэд арай л дэндмээр. Бүр жигшмээр юм.

Өглөө болгон сурагчийн формоор жигдэрч, сургуулийн коридороор гүйж, багшийн бараа үзэгдэв үү үгүй, юү ангийн хаалгаар чихэлдээд ордог байсан бидний хүүхэд нас ард хоцорч. Багшийг хүндэлж, багшаас айх гэдэг асуудал тээр тэнд гээгдчихэж. Гэнэн томоогүй, дэггүй, дэврүүн сурагч ахуй насаа тэд аль хэдийнээ гээж орхиж. Манайхан “Хөвгүүдээ л хүмүүжүүл. Охид яах вэ” гэдэг. Хөвгүүддээ “Эмэгтэй хүнд гарч хүрч болохгүй. Хүндэл” гэж сургадаг. Гэвч охиддоо зөвхөн өөрсдийгөө хүндлүүлээд, эр хүнийг харилцан хүндлэх ухаан сургаагүйн гайг өнөөдөр нийтээрээ амсаж эхэллээ. 

Арван жилийн охид орцонд нэгнийгээ зодон, бичлэг хийж байгаа нь нийгмийн сүлжээнд тархаж, хэсэг шуугиад өнгөрсөн. 15 настай охин согтуудаа найз залуугаа хөнөөсөн хэрэг сарын өмнө гарсныг мартаагүй болов уу? Бүлэг зодоон, дээрэм, хараал, архи тамхи, гааз… гээд л. Тоочвол дуусахгүй аймшигтай жишээнүүд, итгэхэд бэрх гэмт хэргийн эзэд нь охид байгаа нь юуны учир вэ? 

11-р ангийн сурагч хөвгүүн ийн ярилаа. “Ганц манай сургууль ч биш, бүх үе тэнгийн хүүхдүүдийг ажиглахад, хараалын үг бол амны уншлага болсон байдаг. Түүнээс гадна хөвгүүдийн биед охид дуртай үедээ хүрч, зодож цохидог. Хичээл хийгээд сууж байхад, толгой руу шууд л цохидог. Би хичээлийн цамцаа хоёр гурван удаа уруулж байсан. Ээж, аавд хэлдэггүй. Нэг удаа хэлсэн чинь “Арчаагүй юм. Охин хүүхдэд зодуулаад” гэсэн. Тэгээд зөрүүлээд цохиод авах гэхээр эмэгтэй хүнд гар хүрсэн болчихдог. Ер нь эрэгтэй хүүхдүүд зодолдохоо болиод, охид сонин сонин ааш авир гаргаж, бүлгээрээ явдаг болсон. Чатаар нэгнийгээ доромжилж, “Гараад ир. Уулзъя” гэж бичих бол энгийн л юм. Миний гайхдаг зүйл нь эмэгтэй хүүхдийг зодож, цохиж болдоггүй шүү гэдэг байж, хөвгүүдийг охид зодохыг яагаад зөвшөөрөөд байдаг юм бол. Бид ч гэсэн хүн шүү дээ” гэсэн юм. 

Хүмүүжил яригдахаар л хөвгүүд гэдэг байсан бол одоо эсэргээрээ охид. Өсвөр насны охидын зан араншин, байгаа байдал, жил ирэх тусам л бүдүүлэг, хэрцгий болж байгааг олон сургуулийн багш, ажилчид хэллээ. Нийгмийн ажилтан Л.Алтангэрэл “Бие биеэ ёс бус үгээр доромжилдог, бүдүүлэг охид байна. Үүнээс гадна эрэгтэй хүүхдийн биед хамаагүй хүрч, цохидог. Өнгөрсөн долоо хоногт нэг хөвгүүн өрөөнд орж ирээд, “Хажууд суудаг охин байнга толгой, нүүр лүү алгаддаг. Яах вэ, багш аа?” гэсэн. Өнөөх охинтой уулзаад ярилцахад “Манай ээж, аавд гар хүрээд цохиод байдаг юм чинь би яахаараа болдоггүй юм” гэж хариулсан. Ер нь охидын хүмүүжил, зан төлөв өөрчлөгдөж байгаа нь гэр бүлийн хүмүүжлээс ихээхэн шалтгаалж байна. Танай хүүхэд ийм буруу зүйл хийгээд байна гээд хэлэхлээр зарим эцэг эх “Ардчилсан нийгэмд юу хийх нь хүний эрх. Сүртэй юм бэ” гэж хариулдаг. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжлээс бүх зүйл шалтгаалж байна” гэлээ.

Хэд хоногийн өмнө хамаатны ахтайгаа утсаар ярьж байтал өнөөх ах маань “Манай охины ангийн багш хэдэн сарын өмнө над руу утасдаад, “Танай охин тамхи татаад байна. Удаа дараа хэлж, зөвлөөд болохгүй байхаар нь тань руу ярьж байна. Ер нь сүүлийн үед ааш авир нь эвдрээд, хэсэг хүүхэдтэй нийлж, буруу зөрүү юм их хийгээд л байх шиг байна. Та нэг ирээд уулзах уу” гэсэн. Гэтэл би гэж тэнэг толгой “Манай хүүхэд тийм зүйл хийхгүй” гээд хэрэлдээд тасалсан. Хэд хоногийн дараа яг өөрийн нүдээр цэцэг цэврүү шиг охин минь байрны буланд тамхи татаж, утсаар ярингаа хараалын үг урсгаж зогсохыг сонсоод чих бөглөрсөн” гэж ярилаа.

Тэгэхээр манай охин тэгэхгүй биш, миний охин ийм зүйл хийж болохгүй шүү гэж сургах ёстой болсон юм биш үү? Буруу хүрээлэлд ороогүй, буруу хандлагатай болоогүй үед нь ярилцаж, зааж зөвлөх хэрэгтэй байх. Одоо нийтээрээ хөвгүүдтэйгээ хамт охидоо хүмүүжүүлэх цаг болж. Тэдний төлөө, ирээдүйн сайн сайхан амьдралынх нь төлөө зөв зүйлийг үлгэрлэдэг эцэг эх байхыг хүсье!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *