3 аймгийн Нийгмийн даатгалын газар 170 гаруй зөрчил гаргажээ


Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөл өчигдөр хуралджээ. Хуралд НДЕГ-ын газрын дарга нар танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцож, НДЕГ-ын Хяналт, шалгалтын газраас 2024 онд Ховд, Хэнтий, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газарт хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн байна.

Шалгалтаар нийтдээ 3 аймгийн хэмжээнд 170 гаруй зөрчил илрүүлж, тухайн зөрчлүүдэд акт тогтоон, хуулийн хүрээнд арга хэмжээ авсан аж.

Цаашид тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын сангуудын зарцуулалтад онцгойлон анхаарах, тавих хяналтыг улам сайжруулах, төлөвлөгөөт хяналт, шалгалтад жилдээ шимтгэл төлөгч ажил олгогчдын 20-иос доошгүй хувийг хамруулах, даатгуулагч, иргэд, ажил олгогч, харилцагчдад түргэн шуурхай, ил тод, ашиг сонирхлын зөрчилгүй үйлчлэх, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг нээлттэй болгох үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга өглөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *