Орон сууцтай болох гэсэн иргэдийн эрэлтэд даатгалын компаниуд дөрөөлөн, хохироож байгаа тухай time.mn цуврал нийтлэл бичиж ирлээ. Даатгалыг хугацаагаар нь ердийн болон урт хугацааны гэж ангилдаг. Хариуцлагаар нь албан журмын, сайн дурын гэж ангилна. Албан журмын даатгал ганцхан байдаг нь жолоочийн хариуцлагынх. Бусад нь сайн дурынх. Албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар, сайн дурын даатгалыг СЗХ тогтоодог.
Орон сууц, амь насны даатгал сайн дурынх. Гэтэл төрийн байгууллагууд сайн дурын даатгалыг заавал даатгал болгож хувиргажээ. Үүний эхлэлийг Төв банк тавьсан байх юм. Монголбанкны ерөнхийлөгч 2008 онд “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” баталж, 22.2.2-т “Зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг …. амь насны даатгалд хамруулна” гэж тусгасан бол 2016.10.25-нд “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” гарган, 2.5.5-д “Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдана” гэж заажээ.
Үүнийг Засгийн газар өлгөн авч, 2018 онд “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам” батлахдаа 4.2.9-т “Зээлдэгч зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу ам нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд хамрагдана” гэж оруулжээ. Энэ бол “Монголд хүн амьд явах баталгаагүй” гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрч, иргэддээ амьд явах баталгаа өгч чадахгүйд хүрснээ, Үндсэн хуулиа мөрдүүлж чадахгүй болсноо зарласан хэрэг юм.
Үүн дээр дөрөөлөн Монголын ипотекийн корпорац (МИК) зээлдэгчид тавих шалгууртаа “Зээлийн хугацаа дуустал эд хөрөнгө, амь насны даатгалд хамрагдана” гэсэн шаардлага нэмсэн байна. “Хаан”, “Хас”, “Голомт”, “Капитрон”, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк гээд МИК-т нэгдсэн бүх банк үүнийг дагаж мөрддөг. Банк бүр үүнийг тусгасан журамтай. Ипотекийн зээлээр байртай болсон иргэд тухайн орон сууцнаас гадна амь нас, эрүүл мэндээ бас даатгуулах шаардлагатай. Бүх банк үндсэн зээлдэгчийг хамтран зээлдэгчтэйгээ хамт амь нас, эрүүл мэндээ заавал даатгуулахыг шаарддаг.
Даатгалын компаниуд үүнийг өлгөн авч, “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”, “Зээлдэгчийн эд хөрөнгийн даатгал” гэх мэт үйлчилгээ бий болгожээ. Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг компаниуд гэнэтийн ослын даатгал гэх нэрээр хийдэг. Иргэд зээлээр авсан байраа эд хөрөнгийн даатгалд даатгуулаад, амь нас, эрүүл мэндээ урт хугацааны даатгалд даатгуулах шаардлагатай. Өвчин, осол, гамшгийн улмаас амиа алдвал, хөдөлмөрийн чадваргүй болбол даатгалаас нөхөн төлбөр авч, зээлээ төлөх ёстой. Тэгэх гэж л даатгалд хамрагддаг, хамруулдаг. Гэвч өвчнөөр нас барсан иргэдэд даатгалаас мөнгө олдохгүй байгаа юм.
Санхүүгийн зохицуулах хороонд 2016 оноос хойш ирсэн даатгалтай холбоотой өргөдөл, гомдлын 84%-ийг ипотекийн зээл авсан иргэний эрүүл мэнд, амь насны даатгалтай холбоотой байна. Түүний 92%-ийг даатгалын нөхөн төлбөр өгсөнгүй гэсэн гомдол эзэлжээ.
СЗХ хэрвээ “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам” гаргахдаа ипотекийн зээлийг урт хугацааны даатгалд хамруулахаар зааж өгсөн бол ийм асуудал үүсэхгүй, иргэд хохирохгүй байх байлаа.
Нэгэнт амьдрал дээр олон асуудал гарч ирсэн, олон хүн хохирсон учир СЗХ даатгалын үйл ажиллагааг зохицуулж байсан хэд хэдэн журмаа нэгтгэж, “Даатгалын багц дүрэм” болгожээ. Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийг гэнэтийн ослын даатгалд хамруулдгийг үүгээр болиулж, урт хугацааны даатгалд даатгахаар болгожээ. Ингэвэл иргэд цус харвалт, хавдар гэх мэт янз бүрийн өвчнөөр нас барвал ард нь үлдэх зээлийг хамт зээлдэгч нь үүрэх, зээлээ ганцаараа төлж чадалгүй байраа хураалгах эрсдэлээс сэргийлнэ. Мөн амь нас, эрүүл мэндийн даатгалынхаа гэрээг жил бүр сунгах шаардлагагүй болох юм.
Энэ өөрчлөлт 2025 оны 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Ипотекийн зээлтэй иргэд 8 дугаар сарын 1-нээс байраа ердийн даатгалын компанид, амь нас, эрүүл мэндээ урт хугацааны даатгалын компанид даатгуулахаар болж байна. Өвчнөөр нас барсан, ипотекийн зээлтэй иргэд хохирох явдал 8 дугаар сарын 1-нээс зогсоно. Тэр болтол асуудал бага л гараасай гэж найдъя.