2025 оны 07 сарын 13-20-ны хооронд БНХАУ-д болох сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатанд Монгол Улсын шигшээ баг өрсөлдөхөөр болсон.
Энэ хүрээнд манай улс урьдчилсан шатны тоглолтуудыг дөрөвдүгээр сарын 11-13 ны өдрүүдэд эх орондоо хүлээн авч, зохион байгуулна.
Манай шигшээ баг Хонг-Конг болон Тайваний багуудтай учраа таарч өрсөлдөх юм. Тэгвэл урьдчилсан шатанд өрсөлдөх шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ч.Ижилболд ажиллах бол бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Булбул, Б.Өнөрзаяа, О.Хулан, Б.Болор-Эрдэнэ, Ө.Индра, Б.Энхтуул, Н.Нандинхүсэл, Э.Нарангоо, Т.Үлэмж, У.Содцэцэг, Ц.Болорцэцэг, Б.Цацрал, М.Сэргэлэн, Б.Болор-Эрдэнэ, Б.Гэрэлмаа, Ч.Уртнасан, Н.Номин-Эрдэнэ, Н.Минжирмаа, А.Хонгорзул, Б.Нямцэцэг, Э.Энхбуян, Л.Жавзандулам нарын 23 тоглогч дуудагдсан.
Шигшээ багийнхан өнөөдрөөс нэгдсэн бэлтгэлд гарсан бөгөөд эдгээрээс 21 хоногийн нэгдсэн бэлтгэлийн дараа үндсэн 12 тоглогч эцсийн байдлаар тодорно.



Тэмцээний хуваарь:
Дөрөвдүгээр сарын 11: Тайвань-Хонконг /19:00 цагт/
Дөрөвдүгээр сарын 12: Хонконг-Монгол /15:00 цагт/
Дөрөвдүгээр сарын 13: Монгол-Тайвань /15:00 цагт/