Булган боомтыг өргөжүүлж, Байтаг боомтыг байнгын ажиллагаатай болгоно


Ховд аймаг дахь авто замын Булган боомтыг өргөтгөн, Байтаг боомтыг байнгын ажиллагаатай болгохоор төлөвлөөд буй. Энэ хүрээнд тус аймгийн засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулан, Боомтын сэргэлтийн дэд хорооны ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Тус ажлын хэсэг өчигдөр анхны хурлаа хийжээ.

Энэ дэд хороо тус аймгийн нутаг дэвсгэрт хамаарах хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг болон хилийн боомтыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийг хэрэгжүүлэх, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах юм.

Булган авто замын боомт 1989 онд байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Хөх-Үзүүр багийн Ярант нэртэй газарт байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Чингэл хошуунд байрладаг Такашикэн боомттой хиллэдэг юм.
Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт. 
Харин хилийн Байтаг авто замын боомт 1992 онд байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт байрлах эл боомт БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж аймгийн Читай хошуунд байрладаг Улиастай боомттой хиллэдэг. Хоёр улсын хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр ажиллагаатай боомт юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *