Монгол Улсын Засгийн газраас зарласан 14 мега төслийн хүрээнд төлөвлөсөн ажлууд энэ хавраас өрнөж эхэлнэ. Олон жил улс төр, бизнесийнхний шахалтаар гацаад байсан эдгээр төслүүдээс лав гурвыг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөдөлгөж чадлаа. Тэгэхээр Монгол Улсыг хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжих бүх нөхцөл тохироо нь улс төрийн түвшинд бүрдсэн учраас саадгүй үргэлжлэх боломжтой гэсэн үг. Эхнийх нь Гашуунсухайт Ганцмод хил холболтын төмөр замын төсөл юм. Сүүлийн хэдэн сар олны анхаарлыг татаж байгаа энэ төсөл хэрэгжвэл Монгол Улс, БНХАУ-ын хооронд Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш байгуулж буй хоёр дахь холболтын төмөр зам болно. Уг төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад нүүрсний экспорт жилд дунджаар 165 саяд хүрнэ гэдгийг эдийн засагчид хэдийнэ тооцоолжээ. Ингэснээр нүүрснээс орж ирэх борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх юм билээ. Ийм үр өгөөжийг бид 20-иод жилийн өмнөөс хүртэх боломж байсан уу гэвэл байсан. Гэвч гадна, дотны нөлөөллөөс болж түгжигдсээр өдий хүрэв. 2008 оноос хойш нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, УИХын зургаан тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсан байдаг юм билээ. Харин Хамтарсан Засгийн газар улс төрийн зориг гаргаж эцэслэж чадав.
Гашуун сухайт – Ганц мод боомтын төмөр замын төсөл амжилттай хэрэгжсэнээр араас нь Ханги-Мандал, ШивээхүрэнСэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын төслүүдийг урд хөрштэй хамтарч эхлүүлэх урьдач нөхцөл бүрдэнэ. Боомтын сэргэлт улам эрчимжинэ гэсэн үг. Төслийг Монгол Улс нэгдсэн ойлголттойгоор батлах нь БНХАУ-ын талтай зогсонги байгаа дараа дараагийн төслийн гацааг нээх итгэлцэл бий болох юм. УИХ, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсны дараа компани хоорондын гэрээ хийгдэх юм билээ. Ингэснээр нэмж таван сая тонн нүүрс борлуулах боломж бүрдэнэ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлсэн. Энэ мэтчилэн дурдаад байвал эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл их бий. Ямартай ч ГашуунсухайтГанцмод хил холболтын төмөр замын төсөл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын босгыг давлаа. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Хаврын чуулган энэ долоо хоногт эхэлж байгаа. Парламентын 126 гишүүний мэдэлд энэхүү мега төслийн хувь заяа шилжих нь тодорхой. Ер нь удаж гацсан хугацаа, алдагдсан боломжийн өртөг, улс төрд өрнөж ирсэн “гал”-ыг харсан ч хаврын чуулганы онцлох сэдвүүдийн салхийг Засгийн газраас оруулж ирэх хэд хэдэн төсөл хагалж таарна. Хамтарсан Засгийн газраас “Хөгжлийн төлөөх үнэ цэн” хэмээн тодорхойлсон 14 мега төслийнхөө эхэнд эрэмбэлсэн уг төслийг амжилттай урагшлуулахаас дараа дараагийн төслүүдийн гараа шийдэгдэх биз ээ. Баялгийн сангийн хэлцэл ч нэг талдаа гарчих болов уу. За тэгээд, стартегийн ордын 34 хувийг Баялгийн санд төвлөрүүлэх төр, хувийн хэвшлийнхний хэлцэл мэдээж амаргүй байна байх. Улс орны хувь заяаг хааш нь ч залж мэдэх улс төр өрнөхийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ бид өмнөх алдаагаа давтаж болохгүй. Зөвхөн хувийнхаа эрх ашгийг шүтэгсэд нам болж талцаж, улс доторх жижиг вант улсууд өөр хоорондоо хэмлэлдэхийн зовлонг бишгүй туулж ирсэн. Хэрэв урьдынх шиг ийм дүр зураг давтагдвал “Трампийн тариф” хэмээх дэлхийн эдийн засгийн шинэ сорилтын өмнө Монгол Улс өвдөг сөхрөх эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулсаар байгаа.
Энэ хаврын улс төр ч тун дориухан өрнөх янзтай. Бүсчилсэн тойрог буюу холимог тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй анхны парламент энэ хаврын улс төрийг хэрхэн нэг талд нь гаргах бол гэсэн хүлээлт нийгэмд бий. Ямартай ч улс төрийн хүрээнийхэн болон хөндлөнгийн ажиглагчдын үзэж байгаагаар хамтарсан Засгийн газрын шийдвэр, 14 мега төсөл, Баялгийн сангийн асуудлууд нь парламентын бараг 90-ээс дээш хувийн дэмжлэг авч чадна гэдгийг санал нэгтэйгээр хэлж байсан. Хамтарсан Засгийн газрын үед л энэ 14 мега төслийн ард гарах ёстой. Яагаад гэвэл өнөөдрийнх шиг улс төрийн том боломж дахиж Монгол Улсад олдохгүй. Үүнийг өнгөрсөн цаг хугацаа баримттайгаар тов тодорхой өгүүлж байна шүү дээ. Төрийн гурван өндөрлөг нэг талдаа зогсоод улс төрд том блок үүсгэж байгаа цаг үед Баялгийн санд ордуудынхаа төрд ногдох хувийг өгөхгүй гэж буй улс төр, бизнесийнхнээс бүрдсэн бүлэглэлийнхний хүч улам суларна. Мега төслүүдээс гадна Баялгийн сан бол хамтарсан Засгийн газрын том ажил. Тэгэхээр хүссэн ч эс хүссэн ч “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна” гээд энэ хавар уухайлахад бэлэн байгаа ард түмний хилэнгээс “ордуудын эзэд” эмээж байгаа нь худлаа биш. Том зургаараа Засгийн газраас зарласан 14 мега төслийн тавин хувь нь хэрэгжиж эхэлбэл, ДНБ 200 их наядад хүрнэ гээд бод доо. Иймд мега төслүүдийг гацаанаас гаргаж чадсан Засгийн газрын шийдвэрийг УИХ уухайлан дэмжих хэрэгтэй байна.
М.ЦЭЦЭГ