УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ноорог.мн сайтын ажилтан мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс мэдээлэл сонсохоор болжээ. Цагдаагийн шалгаж байгаа хэргийн талаар салбарын сайд парламентын хууль зүйн байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Энэ талаар байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас тодрууллаа.
–УИХ-ын байнгын хороо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийг салбарын сайдаас нь авах нь ямар учиртай вэ?
-Уг хэрэгт хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой эсэх асуудал яригдсан учраас прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл авъя гэж их хурлын гишүүд шийдээд Хууль зүй дотоод хэргийн сайдаас мэдээлэл авахаар болсон. Бид хэвлэлээр гарч байгаа мэдээллээс илүү мэдээлэлгүй байна. Гол асуудал хэвлэлийн эрх чөлөөний асуудал. Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл огт гаргуулахгүй байх учиртай. Сэтгүүлчид асуух зүйлээ хэнээс ч айлгүйгээр асуудаг байх тэр эрх чөлөөнд хэнийг ч халдуулахгүй, одоо халдаагүй байна шүү гэдгийг л хэлье.
–Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан эсэхийг лавлах гэж байгаа юу эсвэл ямар асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайдаас мэдээлэл авч байгаа юм бэ?
-ЗГ-ын гишүүнээс зөвхөн мэдээлэл авах гэж л байгаа. Салбарын сайдад нь ямар мэдээлэл байна, тэр мэдээллээ хуваалцаач гэж байнгын хорооны хуралд оролцуулж байгаа юм. Намайг байх хугацаанд мөрдөн байцаах үйл ажиллагаанд Хууль зүйн байнгын хороо оролцоно гэж байхгүй. Их хурлын гишүүд зохих хэмжээндээ мэдээлэлтэй байх гэж л Хууль зүйн сайдаас мэдээлэл сонсох гэж байгаа юм.
– Хууль зүй дотоод хэргийн сайд байнга олон нийтэд хандаж мэдээлэл хийгээд байхаар олон нийт үүнд ямар ашиг сонирхол байна гэж хардахад хүргээд байх шиг.
-Сэтгүүлчдийн амыг барих оролдлого яваад байна гэдэг байр суурь яригдаад байгаа учраас Хууль зүй дотоод хэргийн сайд мэдээлэл өгч ажилласан байх.
–Засгийн газраас Бооцоот тоглоомын тухай хуулийг өргөн барих тухай яригдаад байгаа. Энэ талаар таны байр суурь?
-Засгийн газар боловсруулж байгаа мэдээлэл бий. Би хуулийн төслийг хараагүй учраас илүү тайлбар хэлэх боломж алга. Гэхдээ миний байр суурь бол хянаж чадахгүй зүйлээ оруулж ирж байж эсрэг үр дүн гарах вий гэдэг болгоомжлол. Засгийн газар бодоцгооно биз.
–Нэгэнт далд хэлбэрээр цахим мөрийтэй тоглоом явагдаад байгаа юм чинь ил болгоод татвараа авбал яасан юм гэдэг байр суурь яригддаг шүү дээ. Энэ талаар?
-Тал талаас нь судлах хэрэгтэй. Бөх, хурдан морины уралдааны бооцоо бол ил далд хэлбэрээр явах л байх. Казиногийн хууль орж ирэхэд бол би тас эсрэг байр суурьтай байсан. Монголчуудаа оруулахгүй зөвхөн гадаадынхныг оруулдаг казино баръя гээд байсан шүү дээ. Хүний эрх зөрчихөөр байсан юм.
– За баярлалаа.