Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэй бөхийн тэмцээний эхний өдөр манай улсаас таван бөх зодоглосноос гурав нь хүрэл медаль хүртээд байна.
Монголын багийн эхний медалийг эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон Б.Мөнхнар авчирлаа. Улсын шинэхэн аварга Б.Мөнхнар хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Светлана Анкичеваг 3:0-ээр буулгаж авав
Харин 68 кг-д өрсөлдсөн Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, залуучуудын Азийн аваргын алт, хүрэл медальт, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн аваргын хүрэл медальт Гульнара Таштанбековаг оноогоор цэвэр (14:2) ялсан юм.


Ингэснээр манай бөх Азийн АШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ. Э.Дэлгэрмаа 2021 оны тивийн аваргад мөн үзүүрлэж байсан билээ.
Мөн U-23 насны Ази тивийн хошой аварга Б.Отгонтуяа авлаа. Тэрээр 55 кг-ын жинд хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөх Нишу Нишуг даралтаар цэвэр ялав. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэний эцэст энэ жил анх удаа түрүүлсэн. Улмаар насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа өөрийн болголоо.