М.Нарантуяа-Нара: Би 42 нас хүртлээ гишүүн байгаагүй учраас зан араншин маань гэнэт соён гэгээрнэ гэж байхгүй. Гэхдээ хичээж байгаа


NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара уригдан оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр хүргэж байна.

-Улс төрийн тэргүүн эгнээнд эрэгтэйчүүд байх гээд байдаг талтай. Энэ удаагийн парламентад эмэгтэйчүүдийн дуу хоолой, төлөөллийн тоо нэмэгдэж байна. Үүний нэг нь та. УИХ-ын гишүүн байх ямар байна. Ажил ихтэй байна уу?

-Дажгүй шүү. Би угаасаа л маш их ачаалалтай ажилладаг байсан. Ачааллынх нь төрөл жанр л солигдлоо. Илүү их уншиж судлах ажилтай боллоо. Нэг үеэ бодвол хагас жил өнгөрчихсөн учраас ажилдаа дөртэй, чигтэй, чиглэлтэй болчихдог юм байна.

-Таныг яагаад Иргэний зориг ногоон нам гэдэг сонголт хийснийг дэвшсэн цагаас тань хойш асуумаар санагдаад байсан юм?

-Би 2016, 2020 онд БГД-т бие дааж нэр дэвшсэн. Хүмүүс санал хуваах гэж нэр дэвшсэн, мөнгө авсан гээд янз бүрээр л ярьдаг юм. Урьд урьдны сонгуулийн бүтцээр бол санал хуваагаад, санал хураалтын өмнө нэрээ татаад бизнес хийж болдог тийм боломжууд байсан юм байна лээ. Гэхдээ тэр боломжууд 2016 оноос хойш байхгүй болчихсон. Өөрөөр хэлбэл нэгэнт нэр дэвшигчээр бүртгүүлчихсэн бол сонгуулийн процессийг дуустал явах ёстой гэдэг хуультай болчихсныг зарим хүмүүс мэдээгүй байсан болов уу гэж бодож байна. Миний хувьд хүүхэдтэй болсноосоо хойш нийгмийн маш олон гажуудлыг мэдэж, мэдэрч эхэлсэн. Тэр цагаас хойш ер нь яагаад энэ улс ийм юм бэ гэдэг асуултад хөтлөгдөж, өөрийнхөө хэмжээнд дуу хоолой болж, дуугарч эхэлсэн. Зөвхөн дуугарах хангалтгүй байсан учраас яагаад бид өөрсдөө оролцож болдоггүй юм гэж бодсон. Хуулийг нь судлаад үзсэн чинь 25 нас хүрсэн хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэдгийг мэдэж авсан. Аливаа зүйлийн анхны шанг татагч байна гэдэг маш их золиос шаарддаг учраас амар байгаагүй. Маш их доромжлуулж, элдвээр хэлүүлсэн. “Ширээний хүүхэн, нэг муу дуучин” гээд л маш их зүйлийг туулсан. 2020 онд бол ковидын нөхцөл байдалтай байсан. Гуравдугаар хороололд өөрийнхөө гэрт штабаа нээгээд цомхон хүрээнд чадахаараа дэвшээд, дахиад унасан. Тэр үед би сонгууль гэдэг мөнгөний сонгууль байдаг юм байна гэдгийг ойлгосон. Хэн хүчтэй, мөнгөтэй нь л ордог юм байна гэж бодсон. Харин 2024 онд бол дэвшинэ гэдэгтээ итгэлгүй байсан. Томсгосон тойрогт өмнөх шигээ ганцаараа бие дааж нэр дэвшээд БГД-ийг бүхэлд нь тойрох чадал чансаа байхгүй гэдгийг би маш сайн мэдэж байсан.Та бүхэн анзаарсан бол нэг хэсэг би заавал УИХ-д гарах ёстой юм шиг бодоод, МАН, АН 2-оос урилга ч юм уу санал авах сонирхолтой ч юм шиг намыг хөхсөн ч өнгө аястай болчихсон байсан. Гэхдээ нэг их удалгүй бодол минь өөрчлөгдсөн. “Өнөөдрийг хүртэл өөрийнхөө чадлаар явж ирчхээд яагаад өнөөдөр би ийм сонголт хийх ёстой гэж. Том намуудад ороод намын механизмийн нэг эрэг шураг нь болоод явж байснаас зүгээр л больчихсон нь дээр юм байна гээд бүр буугаад өгчихсөн байсан. Гэтэл яг тухайн үед Зоригийн хөшөөний газрыг зарчихсан гэсэн хэрүүл болсон. Тухайн үед би “Ардчилсан нам Зоригынхоо хөшөөг зарчхаж байгаа юм уу. Иргэний зориг ногоон нам нь хаана байдаг юм бэ” гэж пост хийчхээд унтчихсан юм. Маргааш өглөө нь сэрээд харсан чинь “Бид нар байдаг шүү. Иргэний зоригтой эмэгтэйчүүд бид нар маргааш зоригынхоо хөшөөг угаана. Та ирээрэй” гээд биччихсэн байсан. Тэрийг хараад л гэнэт очоод уулзаад үзье. Ямар хүмүүс байдаг юм бол гэдэг бодол төрсөн. Тухайн үед би “Иргэний Зориг нам гэж ямар нам байдаг билээ. Зориг агсны дүү С.Оюун гуайн нам гээд байдаг. Гэтэл С.Оюун гуай өөрөө ОУБ-д ажилладаг. Одоо улс төрийн албан тушаал эрхлэхгүй байгаа” гээд л их олон юм бодсон. Одоо бодоход тэр хүртлээ би өөрөө ч сонгуулийнхаа системийг бүрэн ойлгоогүй байсан юм байна лээ. Жагсаалтыг эрэгтэй, эмэгтэй жендер холилдсон байдлаар явах юм байна гэдгийг ч ойлгоогүй байсан. Надад ямар бодол байсан бэ гэхээр Иргэний Зориг ногоон намын суурь хөлийг ашиглаад БГД-тээ нэр дэвшээд, БГД-ээсээ гарчихвал гэдэг тийм л бодол байсан. Тийм бодолтойгоор яваад очсон чинь нөхцөл байдал нэлээн өөр байж таарсан. Манай намын хувьд С.Оюун гуайгаас өөр олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн лидер, олны танил хүн байгаагүй. Тийм нөхцөлд хүн тухайн нөхцөл байдлыг зөв ашиглах нь буруу биш биз дээ. Тэгээд л би “Хэрэв танай намд орох юм бол та нар надад ямар дэмжлэг үзүүлэх юм бэ” гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Яриа амжилттай болж намд элсээд надад дэд даргын суудлыг өгсөн. Намд орсныхоо дараа би жагсаалтын учрыг ойлгосон. Дэд дарга учраас жагсаалтад орох боломжтой ч нэг талаараа эрсдэлтэй юм байна гэж бодож байсан. Тэр нь юу вэ гэхээр 2016 оны анхны сонгуульд нэр дэвшиж байхад Нара гэдэг нэрээр хүмүүс мэддэг болчихсон болохоор Нарантуяа гэхээр хүмүүс танихгүй Нара гэдэг нэр байхгүй байсан шүү дээ гээд байсан. Яг л тэр нөхцөл байдал давтагдах гээд байсан учраас Нара гэдэг нэр хаана ч бичигдэхгүй. Иргэний зориг ногоон нам гэж бичигдэнэ шүү гэдгийг хүмүүст яаж ойлгуулах вэ гэдэг дээр төвлөрч ажилласан. Өөрийнхөө хэмжээнд олон хүнд ойлгуулж чадсан гэж боддог.

-Жагсаалтын 2 дугаарт бичигдсэн. Иргэний Зориг ногоон намын дэд дарга болсон. Олон нийтийн зүгээс хүлээлттэй байдаг нэг асуулт нь жагсаалтад бичигдэхэд намдаа хэдэн төгрөгийн санхүүжилт өгдөг вэ гэдэг асуулт. Та жагсаалтад бичигдэхийн тулд намдаа хэдэн төгрөгийн татвар, хандив өгөв?

-Манай нам яг үнэнийг хэлэхэд сонгуульд ялна гэсэн ямар ч итгэл үнэмшил байгаагүй.

-Яагаад?

-Үнэхээр нам дотроо бол ялна гэсэн итгэл үнэмшил огт байгаагүй. Энэ итгэл үнэмшил хэзээнээс гарч ирсэн бэ гэхээр сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээд дунд үе хүрч байхад хүмүүс ногоон өнгө л гарч байвал “Нарагийн нам байна. Нарагаа дэмжинэ. Иргэний зоригоо дэмжинэ. Манай Нара байгаа юм чинь гэж ярьж эхлэх үед жагсаалтын эхний хоёр хүн гарч ирэх боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болж ирсэн. Эхний 2-ыг гаргахад хүмүүс ямар нэгэн мөнгөний тухай яриагүй. Гэхдээ сонгуульд ажиллаж байгаа хүмүүсийн хоол унд, цалингийн зардал гээд маш их зардал гардаг. Гэтэл манай намд мөнгөтэй хүн байгаагүй. Мөнгө байна уу гэхээр нь лайв хийж олсон хэдэн төгрөгөөсөө өдөр өдөртөө жижиг жижигээр өгсөөр байгаад 100 гаруй сая төгрөг гаргасан байдаг. Энэ нь Улсын их хурлын гишүүний суудлыг 100 саяар худалдаж авсан гэсэн үг биш. Энэ чинь зүгээр эхлүүлсэн ажилдаа гаргаж байгаа сэтгэл болон хариуцлага л байхгүй юу даа. Ер нь бол УИХ-д гарахын тулд хэчнээн төгрөгийн зардал гаргадгийг монголчууд нийтээрээ л мэдэж байгаа шүү дээ. Тэрбум багаддаг л биз дээ. Зарим хүмүүс 2, 3 тэрбумыг зараад ч гарч чадсангүй гээд л ярьж байсан шүү дээ.

-Нарантуяа Нара гэдэг хүн орж ирээд Иргэний зориг ногоон намын одоо авчихсан байгаа суудлын дийлэнх хувийг дагуулж орж ирсэн л гэж хэлэх гээд байна уу?

-Би даргад ч хэлж байсан “65 мянган саналыг бол авна” гэж. Одоо 100 мянган дагагчтай хүмүүс би 20 мянган санал энэ намд авчирсан гээд л яриад байна шүү дээ. Тэгвэл надад 480 мянган дагагч байсан. Энэ бол төдийгөөс өдий хүртэл унаж, боссон бүх цаг үед минь намайг органикаар дэмжсээр ирсэн хүмүүс. Энэ дэмждэг хүмүүс чинь миний үзэл бодол, ямар цаг үед ямар байдаг, ямар голчтой хүн юм бэ гэдгийг мэдэж байгаа хүмүүс. Өмнө нь авч байсан саналаа хувилаад бодоод үзэхэд 65 мянга бол бодит байсан. Түүнээс гадна би урлаг суурьтай урлагийн хүн байсан учраас алилаа зүйлийг ямар байдлаар яаж хүнд хүргэх вэ гэдгийг мэддэг. Тэр ч утгаараа PR, маркетинг, намын бодлого бусад зүйлсээ сурталчилж таниулах гээд бүх зүйл дээр би намынхаа манлайлагч болж ажиллаж чадсан болов уу гэж бодож байна.

-Хоёулаа нэгэнт нам ярьсныхнамын сэдвээ дуусгачихъя гэж бодож байна. Хүмүүс сонирхож байгаа байх. Иргэний зориг ногоон намд орлоо. Тодорхой хэмжээний манлайлал үзүүлж сонгуульд амжилттай оролцлоо. Улсын их хурлын гишүүн боллоо. Гэтэл дараа нь нам дээр чинь ингээд бага зэрэг асуудлууд үүсээд байх шиг байсан. Дэд даргынхаа суудлыг ч өгчихсөн юм байна. Яагаад маргаан үүссэн. Одоо намынхантайгаа ямар байгаа талаараа мэдээлэл өгөөч?

-Сонгуулийн үеэр огт үзэгдэж харагдаж байгаагүй хүмүүс сонгуулийн ялалтын дараа гэв гэнэтхэн гараад ирсэн. Ийм хүн манай намд байсан юм уу гээд гайхах үе олон байсан. Нэг иймэрхүү жижиг зүйлсээс бага зэргийн зөрчилдөөн үүсэж эхэхлсэн. Би чинь бас тийм ч сайхан ааштай хүн биш шүү дээ. Болж бүтэхгүй санагдсан юм байвал шууд шударгаар үнэнийг байгаагаар нь хэлчихдэг. Тэрнээсээ болж маш их зүйлд унадаг. Тэр утгаараа болж бүтэхгүй санагдсан зүйлүүдээ шууд хэлсэн. Үүнтэй холбоотойгоор тодорхой ажиллагаанууд явагдаж эхэлсэн.

-Ямар ажиллагаа. Таныг гадуурхах уу?

-Үгүй ээ. Би гадуурхагдаад явах хүн биш шүү дээ. Гэхдээ л ерөнхийдөө бүтэц зохион байгуулалттай жоохон өөрчлөхөөс эхлээд л ажиллагаанууд явсан. Үндэсний хорооны хурал болсон. Хурал дээр яг л миний төсөөллийн дагуу юм болсон. Би намын бүтэц зохион байгуулалт ямар байдгийг сайн мэдэхгүй шүү дээ. Намд орж ирэнгүүт шууд сонгууль болоод яавал ялах вэ гэдэгт л төвлөрч эхэлсэн. Учир нь намын ялалт миний ч гэсэн ялалт байсан учраас юу ч бодож саналгүй хоёргүй сэтгэлээр зүтгэчихсэн. Гэтэл нам дотор ямар нэгэн фракцтай байх, надад саналаа өгөх бас хүмүүстэй байх хэрэгтэй байсан юм байна лээ. Ингээд л би нам гэж юу байдаг юм бэ. Нам дотор юу болдог юм бэ гэдэг юмнуудыг бага багаар ойлгож эхэлсэн.

-Одоо намын даргатайгаа харилцаа ямархуу байна?

-Одоо бол зүгээр байгаа. Ямар нэгэн юм булаацалдаад байгаа биш тийм удаан муудаад зөрчилдөөд байх шаардлагагүй шүү дээ. Гэхдээ би чинь нөгөө тэнэг зоригтой, тэнэг шударга зангаараа хүмүүс ажилд ингэж ханддаг юм байна аа гэдгийг хэлээд нэг хэсэг хэцүүхэн байдалтай байсан. Зөвхөн манай намын дарга ч биш бусад улстөрчид иргэд ч хүртэл үнэн үгэнд дуртай биш болчихсон. Шууд л уурладаг, дайсагнадаг. Ер нь хүн үнэнтэйгээ нүүр тулах их дургүй байдаг юм шиг байгаа юм.

-Дэд даргаас нь таныг ямар шалтгаанаар буулгасан юм бэ. Эсвэл та өөрөө өгчихсөн юм уу?

-Үндэсний хорооны хурлаар бүтцээ өөрчлөх ёстой. Дэд дарга нараа солино гэснээ бусад дэд дарга нарыг үлдээгээд ганцхан намайг чөлөөлж байх жишээний. Тухайн үед би “Та нар иргэний зоригийн зориггүй хүмүүс юм бол би та нарын бүх үйл ажил ажиллагаанд өмнөх шигээ халуун сэтгэлээр оролцоод явж чадахгүй шүү” гэж хэлээд л тэр хурлыг орхиод явсан.. Шударга бус газар угаасаа үл ойлголцол заавал байдаг. Үл ойлголцол байгаа цагт зөрчил тэмцлүүд байна л гэсэн үг шүү дээ. Би бодохдоо нам дотор үзэл санааны нэгдэл байх ёстой юм болов уу гэж төсөөлдөг байсан. Гэхдээ миний бодсоноос жоохон өөр байсан. Нэгэнт би бүх юмыг зөвтгөгч, би бүх юмыг илааршуулагч биш учраас зарим юмыг хаячих хэрэгтэй юм байна гэдгийг тэндээс ойлгож аваад л орхисон. Би намын даргаас буулаа гээд миний амьдралд ч юм уу ажилд харшлаад байсан юм юу ч байхгүй шүү дээ. Магадгүй би дэд дарга байсан бол энэ их ажлынхаа хажуугаар өөрийгөө нам руу хуваах хэрэг гарна. Над шиг өмнөх ажлаа яая гэж байгаа хүнд намын ажлаас холдсон нь зөв байсан юм байна даа гэж боддог.

-Намын, улс төрийн, ялангуяа парламентын үйл ажиллагаа бол намаар дамжиж явах ёстой. Нам төлөвшиж байж энэ парламент бол илүү хүчирхэг болно. Бие даагчийн дуу хоолой бодлого боловсруулаад тэрийгээ батлуулах үйл явц хязгаарлагдмал байдаг. Ялангуяа 126 болчихоор энэ нөхцөл байдал нь улам л хэцүү байх. Тэгэхээр та намын нөхцөл байдлыг илүү гүнзгий судлаад намтайгаа илүү ажиллах юм бол илүү үр дүнтэй бодлогоо явуулахад амар байх юм болов уу. За ерөнхийдөө намтай холбоотой асуудлууд ерөнхийдөө дууслаа. За хоёулаа одоо дараагийн сэдэв рүүгээ орьё. Түрүүн та улс төрд орж ирэх болсон шалтгаанаа түрүүн хэлсэн. Яг орж ирээд харахаар яг ямар байдаг юм байна?

-Ер нь бол хүмүүс улс төрд орж ирэхээрээ өөрсдөө ойлгодог гээд ярьж л байсан л даа. Би гадна байхдаа нэг юмыг нь олж хараагүй байсан юм байна лээ. Би өөрийнхөө амьдралыг өөрчлөе гэвэл өөрөө л хичээгээд, зүтгээд, тэмцэх юм бол өөрөө өөрчилж чаддаг. Харин энэ парламент бол олонхоороо шийддэг тогтолцоотой. Жишээлбэл би хамгийн анхны намрын чуулганаар авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд өнөөдрийг хүртэл 2,8 их наяд төгрөг Монгол Улсын төсөвт орж ирснийг мэдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ авлигатай тэмцэх хүрээнд олж ирж байгаа мөнгө гэдэг чинь хууль бусаар завшсан буюу иргэдээ ч завшсан мөнгө л буцааж орж ирж байгаа үзэгдэл биз дээ тэ. Гэтэл хүүхдийн төлөө мөнгө зарах гэхээр дандаа төсөв хөрөнгө ярьдаг байхгүй юу. Тэгэхээр нь тэгвэл энэ авлигатай тэмцэх тэмцлээс орж ирсэн мөнгийг цаашид орж ирэх мөнгийг хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, сайн сайхны төлөө хөгжлийн төлөө зарцуулдаг байя аа гэдэг зарчмын зөрөөтэй санал дэвшүүлсэн. Нэг ч хүн дэмжээгүй. Тэгээд л би яг ойлгосон. Энэ бол миний хамгийн анхны маш том чалленж байсан юм байна лээ. Зарим хүмүүс намайг Нара минь зоригтой хэлээд л өөрчлөөд л явна гэж бодсон. Тийм ч хүлээлттэй байсан байх. Гэтэл миний тэр зориг яг үнэндээ энэ дотор нэг их тийм хамаатай биш юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл олонхоороо шийддэг ийм тогтолцоо нь би олонхыг ямар нэгэн байдлаар зөв цаг үед нь өөрийнхөө үзэл санаа нэг үед дэмжиж байж хариу энэ хүмүүсээр дэмжүүлэх юм биш үү гэдэг юмыг ойлгож эхэлсэн. Хоёрдугаарт, бид нар сөрөг хүчин гээд явж байгаа хэрнээ манай нам сөрөг хүчнийхээ ажлыг огтхон ч хийж чадахгүй байгаа. Гэхдээ сөрөг хүчин гэхээрээ л бүх юмыг нь эсэргүүцээд кноп дараад байна гэсэн үг биш. Гол нь манай нам чинь өөрөө хөгжлийн сайн сайхны төлөө хийж бүтээе гэдэг уриатай шүү дээ. Манай намд бас л адилхан мөрийн хөтөлбөр байгаа шүү дээ. Тэгэхийн тулд нэгэнт олонхоороо дэмждэг олонхоороо зөвшилцөөд шийддэг энэ асуудлыг бид нар дэмжих ёстой үед нь дэмжээд л явж байгаа юм. Зарим хүмүүс манай намыг МАН-ын охин нам гээд яриад байдаг. Гэтэл Монгол Улсын хөгжлийг бий болгож, дараа дараагийн орлогын хамгийн том эх үүсвэрийг бий болгох мега төсөл энэ тэрийг нь бид нар дэмжихгүй. Бүх юмыг нь эсрэгээс хараад байвал өнгөрсөн цаг хугацааны улс төрчдөөс бид нар юугаараа ялгарах юм бэ. Тийм учраас бид нар бүгдээрээ л дор бүрнээ дэмжээд л явж байгаа. Гэхдээ сөрөг хүчин учраас гол гол пойнтын үеүд дээр нь бид дуу хоолой болох ёстой. Тэрийгээ бол сайн хийж чадахгүй байгаа. Өөсрдөө ч тэрийгээ ч сайн мэдэрч байгаа. Харин одоо манай намынхан “Өнгөрсөн цаг хугацаанд өнгөрсөн намрын чуулганд Иргэний зориг ногоон нам нэгэн цул болж ажиллаж чадаагүй байна аа. Одоо тэгвэл яах вэ. Яаж зөв цаг үедээ зөв юмны нэг хэсэг болдог. Эсэргүүцэх цаг үед нь дуу хоолой болдог байх вэ” гэдэг зүйлийг хоорондоо ярилцаад явж байгаа. Тэгэхээр алдаанаасаа суралцах нь чухал болохоос биш би лаг, чи лаг, бид 2 муудалцаж байсан манай нам ингэж байсан. Эд нар намайг ингэж байсан даа гэдэг энэ өш хонзон санаад явбал сайн юм авчрахгүй.

-Сөрөг хүчин хийж чадахгүй байгаа гэдэг дээр 100 хувь санал нэг байна. Би асуух гээд сууж байлаа. Томилгоонууд бас танай намаас хийгдээд байх юм. Зарим элчин зөвлөх, консул гээд миний багцаагаар 4-5 орчим томилгоо явчихлаа?

-Тэрийг бол би ёстой мэдээгүй юм байна. Харин ТӨК-удын зарим нэгэн шийдвэр гаргах түвшний албан тушаалд манай намаас хүмүүс очсон юм байна лээ. Тэрийг бол дарга надад хэлсэн. Гэхдээ парламентад суудалтай улс төрийн нам гэдэг чинь тодорхой хэмжээнд энэ засаг төрийн нэг хэсэг болж байгаагийн хувьд тийм юм болдог л юм шиг байна лээ шүү дээ. Миний хувьд бол манайхаас яахаараа хүмүүс тэгж ажилд ордог юм гээд явах чинь өөрөө утгагүй байхгүй юу. Яагаад гэвэл нам нь эрх биш парламентад суудалтай болсон. Нэг л хүн нь парламентад суудалтай болсон байхад ХҮН нам 4 жилийн дотор яаж хүрээ хязгаараа тэлж чадлаа. Яаж чадавхжиж чадлаа. 2024 оны сонгуульд бас л өөр чадавхтай хүмүүс дэвшиж байгаа биз дээ. Тэгэхээр яагаад бас манай нам тэгж болохгүй гэж гэсэн бодол л төрж байна.

-Хүн ажилд орох тал дээр тантай санал нэг байна. Мэдээж нэг хүний амьдрал ахуй дээрээс нь мэддэг чаддаг юмаа улс орныхоо төлөө тухайн байгаа газартаа гаргаад явах нь зөв байх. Харин энэ бүхний цаана сөрөг хүчин дээрээс томилгоо явуулж байна гэдэг чинь улс төрийн намын хуулийг танайх дэмжиж гарч ирээд л эрх баригчдын өмнөөс явж байсантай яг адилхан. Засгийн газрын болж бүтэхгүй байгаа зүйл дээр юмаа хэлж чадахгүй байгаатай яг адилхан. Та ч өөрөө дүгнэлттэй байх шиг байна. Бид нар ер нь сөрөг хүчин хийж чадахгүй байна гээд. Ийм байдлаасаа болоод үндсэн сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадахгүй байгаа юм биш үү. Сөрөг хүчин гэдэг чинь сөрөхийн нэр биш иргэдэд мэдэх ёстой зүйлийг нь мэдэх эрхийнх нь хүрээнд хангаж өгөөд дуу хоолой л болох зүйл шүү дээ?

-Тийм. Гэхдээ надад энэ улс төрд нарийн ширийнийг нь мэдэхгүй юм олон байна л даа. Би чинь мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гэдгээ хэлчихдэг. Гэхдээ мэдэхгүй гэдэг нь мэдчихвэл чадахгүй гэсэн үг бол биш. Би нэг тийм дүр эсгээд аль хэдийн бүхнийг мэдчихсэн юм шиг. Мэддэг юм шиг, мэдээд авчихсан юм шиг тийм байдалд бол дургүй. Юм үнэнээрээ сайхан гэдэг ийм афоризмаар би өссөн хүн. Аливаа юм муу ч сайн ч үнэнээрээ л сайхан байдаг. Тэр нь илүү амар тав тухтай байдаг. Миний хувьд энэ улс төрд ямар яриа хөөрөө хийгээд юу өрнөдөг вэ гэдэг тийм нарийн ширийн юмыг мэдэх болоогүй байна.

-Та эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, боловсрол гээд энэ асуудлыг гишүүн болохоосоо өмнө ч хөнддөг байсан орж ирчхээд ч хөндөж байна. Дөнгөж саяын та бид 2-ын ярьсан эрх баригчдын тал дуугарна гэдэгтэй адилхан нэг зүйл танаас бас гарсан. Хүмүүс бас шүүмжлээд амжсан. Ч.Номин сайдын 18 тэрбумын асуудал. Та яагаад үүнийг хийх ёстой гэж дэмжсэн юм бэ?

-Олон нийтийн энэ зөв гэж бодож дуугарч байгаа бүхэн зөв биш байх үе бас байна шүү дээ. Олон хүн л энийг зөв гэж бодохоороо тэр туйлын зөв гэсэн үг бас биш шүү дээ. Би яагаад дэмжсэн бэ гэхээр би өмнө нь иргэний нийгмийн байгууллагад охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцээд нийгмийн ажлуудыг хийдэг байхдаа өсвөр насны хүүхдүүдтэй тулж ажилладаг байсан. Тухайн үед би өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн төрийн бодлого байхгүй. Том болчихсон гээд эцэг эхчүүд нь ч анхаарал халамжаа сул болчихдог юм байна гэдгийг мэдэрсэн. Тийм учраас Ч.Номин сайдыг дэмжсэндээ биш. Тэр хөтөлбөрийн үр өгөөж хүүхдүүдэд яаж очихыг нь харж дэмжсэн. Та нар одоо бод доо тэр чинь 18-хан тэрбум байсан. Одоо намайг 18-хан тэрбум гээд ярихаар үзэж байгаа хүмүүс “Энэ бүүр сагачихжээ. 18 тэрбумыг арван наймхан гэдэг болчхож” гэх байх. Би зүгээр улсын төсөвтэй л харьцуулж байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр 16-18 насны хүүхдүүдийн хэд нь шоронд байна. Хэд нь хүчирхийлэлд өртөж, хүсээгүй жирэмслэлттэй нүүр тулж байна. Хэчнээн нь гэмт хэргийн золиос болж байгааг нийтээрээ мэдэхийг хүсэхгүй байна.

-Олон улсын яг иймэрхүү хөтөлбөр хэрэгжүүлээд үр дүнд хүрсэн ямар туршлагууд байна. Та судалж үзэв үү?

-Маш олон тийм туршлагууд байдаг юм байна лээ.

-Жишээлбэл?

-Англид байна. Англид арт пасс гээд байдаг юм байна лээ. Арт пасс нь өөрсдийнхөө үүх түүх, өв соёл, прайдыг өсвөр насны хүүхдүүдэд маш сайн суулгадаг. Тэндээс хүүхдүүд өөрсдийнхөө Англи хүн гэдэг Английнхаа үндэсний түүх соёл тэ одоо энэ одоо өвлөж авах ёстой тийм юмнуудаа мэдэрч суралцдаг. Дээрээс нь тэрийг үзээд явж байна аа гэдэг чинь бас л нэг цаг хугацаа биз дээ. Зөвхөн Англи ч гэлтгүй бүх улсад байна. Ингээд ярихаар хүмүүс манайд музей байхгүй гэнэ. Гэхдээ ингээд бүх юмыг үгүйсгээд байвал яах юм бэ. Байгаа юмаа хайрлах арчлах, тордох, сэргээх, өвлүүлэх хэрэгцээ шаардлага байна.

-Танай парламентын танхимын зарим гишүүд Засгийн газрын үйл ажиллагаа муу байна, тааруу байна. Ерөнхий сайдтай хариуцлага тооцъё гэдэг зүйлийг ярьж байна. Сая өнгөрсөн нэг жилийн төлөвлөгөөнийх нь дагуу хийгдсэн ажлын үр дүнг их хурал хэлэлцсэн. Маш олон шүүмжлэлүүд гарч ирж байна. Ер нь М.Нарантуяа гишүүний хувьд энэ Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааг юу гэж харж байна?

-Бүх л одоо цаг үед төгс ажилласан хэн ч байдаггүй юм байна лээ л дээ. Төгс ажилласан байтлаасаа бид 35 жилийн босгон дээрээ ийм нөхцөл байдалтай байх уу. Өмнөх цаг үеийн хэн нь төгс ажиллаад бид нарт ийм төр засгийг өвлүүлчихсэн юм гэдэг асуудлыг ярина л даа. Тэгэхээр мэдээж хүн бүхэнд чадах чадахгүйн хүрээ гэж байгаа байх. Одоо МАН л бүх улс төрийн юмыг шийдэж байна шүү дээ. Тэгэхээр Л.Оюунэрдэнэ буулаа гэж бодоход дараа нь хэн болох вэ. Тэр хүн бас үнэхээр чадах уу гэдэг асуудлуудаас эхлээд хөврөх л байх. Мэдээж учир дутагдалтай юмнууд байгаа. Гэхдээ бүх цаг үеийн түүхэнд ямар ч Ерөнхий сайдын зориглож хийж байгаагүй өөрчлөлтүүдийг өөр дээрээ бүх галыг аваад хийж байгаа гэж би хардаг. Ингээд хэлчхээр долоолоо л гэх байх. Эцсийн эцэст долооно уу, яана уу ерөөсөө сонин биш. Гагцхүү хийж бүтээх гээд зорьж байгаа нь л чухал. Үүний би өөр дээрээ маш сайн мэдэрч байна. Жишээлбэл, манай энэ парламентад нэг ч үг хэлж үзээгүй гишүүд байж байгаа шүү дээ. Байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй гишүүд байдаг. Тэр бүү хэл намрын чуулган бүтэн суугаагүй гишүүд ч байна. Тэгэхээр чимээгүй хумсаа нуугаад, анхааралд өртөхгүй, сайныг ч хийхгүй, мууг ч хийхгүй байж л байдаг. Гэхдээ чимээгүй байгаа нь мууг хийхгүй байгаа гэсэн баталгаа бол бас биш биз дээ. Магадгүй сайныг ч хийж байж болно. Бүр мууг ч хийж байж болох шүү дээ. Гэтэл ийм хүмүүсийг бол хэн ч тоож авч хэлэлцэж, анхаардаггүй юм байна. Тэгсэн атлаа их, бага хэмжээгээр хийгээд байгаа, хийх гээд байгаа, хэлэх гэснээ хэлчихдэг хүмүүс рүү бол бүх л одоо сайн, муу бүх ертөнцийн урсгал урсаж байдаг юм байна гэдгийг би ойлгож байна. Одоо маш чухал хууль орж ирэх гэж байна. Хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгийг хураах тухай. Үүнийг манай АН-ын гишүүд хамгийн түрүүнд бараг дэмжих ёстой байтал эсрэгээрээ байгаад байна. Өнөөдрийг хүртэл монголд авлигал хээл хахууль гарсны улмаас иргэд нь ийм ядуу байгаа. Эсрэг талд нь хэтэрхий тасарчихсан баячууд ч үүсчихсэн байгаад байна. Үндэслэлгүй хөрөнгөжнө өө гэдэг нь өөрөө маш ноцтой асуудал. Жишээлбэл надад орж ирсэн орлогуудыг би нотолж чадна. Энэ юуны мөнгө гээд асуувал би “Тэдэн сарын тэдэнд лайв хийгээд тэрний постынх нь мөнгө. Тэдний ажлыг ингэж хийгээд авсан юм” гээд нотолж чадна. Бүх юм чинь ингээд баримттайгаа байж байх ёстой. Тэгж чадахгүй л бол тэр хөрөнгийг хураана л гэсэн үг биз дээ. Тэгэхээр би зүгээр гайхаад байгаа байхгүй юу. Угтаа бол авлигатай тэмцэнэ гэдэг чинь энэ шүү дээ. Манайхан ямар ч үйлдэл хийдэггүй учраас хэнийг ч шалгаж, хорьж хөрөнгийг нь хураадаггүй учраас өнөөдөр хүмүүс зоригтой төрөөс одоо хулгайлдаг, хумсалдаг. Үүнийг таслан зогсоох ганц гаргалгаа нь энэ.

-Монгол Улс бол ардчилсан улс. Хүний хөрөнгийг хураах тухай ярьж байгаа. Та ер нь хуулийн төсөлтэй нь бүрэн танилцсан уу?

-Би одоохондоо бүрэн танилцаагүй байна.

-Бүрэн танилцах хэрэгтэй шүү гишүүн ээ.

-За бүрэн танилцъя.

-2022 оноос хойш улс төрд ажиллаж байсан бүх хүнийг шалгана. Хууль бусаар хөрөнгөжсөн нь тогтоогдвол хурааж авна гэдэг зүйл байгаа. Хууль буцаж үйлчилж болох уу. Энэ одоо хамгийн эхний зарчим мөн үү?

-Хууль буцаж үйлчилнэ гэдэг хэцүү л дээ.

-Хэцүү биш. Энэ ерөөсөө болохгүй зүйл байхгүй юу?

-Тийм. Болохгүй зүйл. Гэхдээ байж бай. Ингээд ярих юм бол бид нар цаашид авлигатай тэмцэж чадахгүй. Өнгөрсөн рүү нь явуулдаггүй юм аа гэхэд одооноос хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Ядаж одоо энэ төр засагт орж ирсэн хүмүүст өмнөх түүхийг давтуулахгүй байх нэг том суурь баталгаа. Энэ хэрэгжээд эхлэх юм бол иргэдийн төр засагтаа итгэх итгэл нэмэгдэнэ. Тэртээ тэргүй хууль нь ийм болчихсон байхад хэн яаж төрөөс хулгайлах юм бэ.

-Зөв зөв. Би таны санааг ойлгож байна. Энэ хууль орж ирсэн орж ирээгүй манай Эрүүгийн хууль, Авлигын хууль дээр хууль бусаар хөрөнгөжсөн хүний хөрөнгө нь хууль бус байна гэж тогтоогдвол хурааж авах, улсад авах, тэр хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтууд байгаа шүү дээ?

-2002 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл гэдэг чинь энэ хугацаанд л хамгийн их төрийн хулгай болсон цаг үе юм л даа. Бүх хүн надтай санал нэгдэх байх. Хамгийн хараа хяналтгүй, өөрсдийнхөө хүнийг томилдог. Тэд нар нь өөрсдийг нь эргээд шалгадаг тийм л цаг үе байсан. Тийм учраас энд хамгийн их төрийн хулгай явагдсан. Одоо ард түмэн баялагтаа эзэн болъё гээд яриад байна шүү дээ. Өнөөдөр Монголын ард түмэн Монголын ээжүүд 50 мянган төгрөгийн төлөө яаж уурлаж, галзуурч над руу дайрч байна. Хэрвээ тэр цаг үеэс Монголын баялаг тэгш зөв хуваарилалттай явж ирсэн бол өнөөдөр ийм баян ядуугийн ялгаа хурц болоод өнөөдөр ийм ууртай бухимдалтай иргэд тартагтаа тулахгүй байсан. Магадгүй гашуун боловч үнэгийг нь хэлсэн хүн рүү дайраад суухгүй байх байсан. Гэхдээ нэг харамсалтай юм байгаа. Иргэд юутай тэмцэх ёстой, юуг зүгээр орхиж болох юм бэ гэдгээ ойлгохгүй болчихсон байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн цаг хугацааны улс төрийн бүх тоглолтын шуурганд иргэд өөрөө өртчихсөн байна. Зүгээр л хэвлэл сэвж чадвал бүгд тэрэнд орж, тэр шуурганд нь өртдөг болчихсон байгаа нь маш харамсалтай.

-Хэнд итгэхээ мэдэхгүй л байна л даа. Ямар бодлого нь зөв бэ гэдгээ ч ойлгохгүй байна?

-Тийм. Тэр итгэлийг бүрдүүлэхийн тулд энэ хуулиуд орж ирэх ёстой байхгүй юу. Хамаа алга тэр өнгөрснийг нь хулгайтай нь уучлаад энэ цаг үеэсээ эхлээд авлигагүй явъя л даа. Цаашдаа хууль бусаар хөрөнгөжихгүй явъя л даа.

-Төр байгаа цагт авлигагүй болно гэж байхгүй байх аа. Би таны хэлэх гээд байгаа санааг чинь ойлгож байна. Угаасаа энэ чинь нийгмийн асуудал болчихсон. Тэгш бус байдал хавтгайраад иргэдийн бухимдал ихэсчихсэн байна. Нөгөө талдаа төрд байсан хүмүүс нэг ч бизнес хийж үзээгүй байж 4-5 тэрбумын хадгаламжтай болчихсон байна гэдэг чинь өөрөө асуудал. Гэхдээ иргэд юуны төлөө тэмцэх ёстой вэ гээд та сая хэллээ. Тэрэнтэй адилхан их хурлын гишүүн хууль тогтоогч бол юуг хамгаалах ёстой вэ гэдгээ мэддэг байх ёстой гэж боддог. Тэр бол ардчилал, хүний эрх, хувийн өмч.

-Би бол ингэж боддог л доо. Хүн бол баяжих хэрэгтэй, сайхан амьдрах хэрэгтэй. Тэр угаасаа л зөв. Гэхдээ тэр нь хууль бусаар биш. Би жишээлбэл 1 тэрбум гарангийн хөрөнгөтэй. Газрын асуудлаас болооод үнэлэгдээгүй нэг юм байгаа. Бусад нь үнэлэгдчихсэн. Жилдээ би зөвхөн сошалын орлогоороо 500 сая гаруй төгрөгийн орлого олдог. Энэ орлого минь өслөө гээд би жилдээ 5 тэрбумын орлоготой болох ямар ч боломжгүй. Тийм байхад миний орлого 4 жилийн дараа 10 тэрбумын хөрөнгөтэй болоод буух боломжгүй. Хэрвээ би тийм болчихсон байвал энийг шалгах ёстой.

-Эрх чөлөө бол өмчөөр өнгөлөгдөж үнэ цэн нэмэгддэг. Өмч бол чөлөөт зах зээлийн хүчээр нэмэгддэг зүйл. Энэ ардчилсан парламент энэ зүйл рүү хутаг дүрж болохгүй гэж бодож байна.

-Би Лхагваа нэг зүйл тодруулчих уу?

-За

-Бусдын эрх чөлөө, бусдын хүртэх ёстой баялгийг хулгайлаад өмч хөрөнгөтэй болчхоод энийгээ эрх чөлөө гээд сууж болох юм уу. Зарим эмэгтэйчүүд хүний амьдрал самраад айлын баян нөхөр булааж авч суучхаад чадаж байгаа юманд арга алга гээд сууж байна. Тэрнээс ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Иргэдийн нийтээрээ тэгш хүртээмжтэй хүртэх байсан баялгийг төр засагт холбоо хамаарал бүхий хүн нь байгаа нөлөөгөөрөө дамжуулж Монгол Улсын нийт иргэдийн жигд тэгш хуваарилалтаар хүртэх байсан боломжийг ганцхан хүн хэдхэн хүн хамж баяжчихаад тэгээд тэрийгээ би бүтээж чадсан, хөдөлмөрлөж чадсан, сэтгэж чадсан гээд суух чинь өөрөө шударга зүйл мөн юм уу.

-Би таны санааг ойлгож байна. Гэхдээ хууль бусаар хөрөнгөжсөн гэдэг нь тогтоогдчихсон бол хурааж авах зүйл нь Эрүгийн хууль болон Авлигын эсрэг хуулинд байгаа. Тэгсэн атлаа бидний нөхцөл байдал ийм байна. Энэ бол хуулийн байгууллагын системийн үйл ажиллагаа нь доголдсны шинж. Ийм байхад дахиад ийм хууль оруулж ирэх нь зөв үү л гээд байгаа юм.

-За яах вэ. Гэхдээ наадах чинь өнгөрсөн хугацаанд байсан энэ бүх авлигын эх суурийг тавьсан тэр бүх цаг хугацааг уучилья л гэсэн үг шүү дээ.

-Та бол энэ хууль орж ирснээр тэрийг уучлахгүйгээр шийднэ гэж та бодож байх шиг байна. Гэхдээ бид бүхэн өмнө нь эдийн засгийн ил тод байдал гээд өршөөлийн хуулийг баталсан. Таныг өршөөлөө гэж хэлчхээд хэсэг хугацааны дараа таныг өршөөхөө болилоо. Та хариуцлагаа хүлээгээд ялаа эдэл гэж хэлж болох уу?

-Наадах чинь өөр жишээн дээр холбогдох гээд байна л даа. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд улс төрийн салбарын нөлөөллөө ашиглаад авилгал хээл хахуулиар хэмжээлшгүй баяжсан бизнесийн салбарынхныг хэн уучилчихсан юм.

-Би татвараас зугтаад энэ хөрөнгөө нуучихсан байсан юм аа гээд нэг удаа хэлэхэд өршөөнө гэдэг хууль 2015 онд гарчихсан. Энэ жишгээр бол 2002 гэдэг заалт тавьчихсан ч гэсэн 2016 оноос хойшхи хүмүүс дээр л үйлчлэх гээд байгаа юм. Хоёулаа энэ сэдвийг орхиод дараагийн сэдэв рүүгээ орцгооё. Таны улс төрийн үзэл баримтлал юу вэ?

-Би өөрийгөө лебирал үзэлтэй хүн гэж бодож байсан. Гэтэл би консерватив үзэлтэй хүн юм байна гэдгээ улс төрд орж ирээд мэдэрсэн. Мэдээж либерал бол миний амин сүнс шүү дээ. Ганцхан миний ч биш бүх хүмүүсийн дотор байдаг суурь нь байхгүй юу. Бас нөгөө талдаа надад зүүний жаахан үнэр байна. Яагаад гэвэл нэгэнт баялгын хувиарлалт тэгш бус явагдаад 30 жилийн дараа баян ядуугийн ялгаа ийм өндөр болчихсон цаг үед үнэхээр аргаа олохгүй байгаа, сэхэх гээд сэхэж чадахгүй байгаа хүмүүсийг төр засаг хайрлаж халамжлахаас өөр аргагүй байна. Мэдээж хөл, гар нь бүрэн бүтэн ажил хийх бүрэн боломжтой хэрнээ халамж хүлээгээд ангайгаад сууж байгаа хүмүүс багтахгүй. Баялагийг хүртэхийн тулд чи өөрөө энэ баялгийн нэг нь байх ёстой гэдгийг монгол хүн бүрт ойлгуулах ёстой юм байна. Газрын ухаад, газрын баялгаа зараад сар бүр хэдэн төгрөг аваад ангайгаад амьдран гэж байхгүй. Байгалийн баялаг гэдэг чинь дуусдаг зүйл, хязгаартай зүйл гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна. Зарим тохиолдолд бид нарын баялаг гэж бодсон зүйлс дэлхий дээр баялаг байхаа болиод эхэлж байна. Тиймээс бидний баялаг бол бидний хөдөлмөр юм байна гэдгийг ойлгосон цагт манай улс урагшилж хөгжлийнхөө гараа руу орох юм болов уу гэж харж байна.

-Хариуцлагын асуудлыг их ярьдаг болж. Хариуцлага тооцох ёстой гэдэг үгийг их ашиглаж байна. Миний санаж байгаагаар энэ парламентийн хамгийн анхны хариуцлага тооцуулсан хүн нь та байх?

-Би бол энэ парламентийн түүхэн хүн болох нээ. Ёс зүйн хороогоор байнга ордог.

-Олон нийтийн шүүмжлэл бас их байх шиг байна. Саяхан пэйсбүүкийн комментоос болоод бас нэлээн асуудал үүслээ шүү дээ. Ер нь яагаад ийм ёс зүйн асуудал гаргаад байдаг юм бэ?

-Ёс зүй гэж яг юу вэ гэдэгт хүмүүс хариулах цаг нь бас болчихсон байгаа байхгүй юу. Одоо монголчууд бол надаас маш их ёс зүй нэхдэг болж байна л даа. Нэг талаараа сайн хэрэг. Гэхдээ нөгөө талаараа жинхэнэ ёс зүйгүй үйлдлийг тоодог ч үгүй хүмүүс надаас ёс зүй нэхээд байхаар ёс зүй гэдэг чинь зөвхөн хүндээ л байдаг асууудал юм биш үү гэж би хувьдаа бодож эхэлж байна. Ялангуяа эмэгтэй хүнд. Ялангуяа яг өөрсдийнх нь дундаас гарсан магадгүй илүү шударга хүнд. Өнгөрсөн цаг хугацаанд хулгай хийсэн улс төрийнхөн гишүүд олон байсан. Ёс зүй нэхээд буулгаж чадсан хүн байгаа юм уу. Өнгөрсөн цаг хугацаанд УИХ-д бидний хайртай охид эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг хүмүүс ч гэсэн байсан. Тэд нараас охидоо хамгаалаад тэр ёс зүйгээ нэхээд буулгаж чадсан хэн байгаа юм.Тэгсэн мөртлөө надтай ёс зүй яриад байдаг. Монголын эмэгтэйчүүдийг доромжилсон, монголын ээжүүдийг доромжилсон гээд хүмүүс яриад байгаа юм. Тийм юм хаана байгаа юм. Нэг хүн миний хэзээ, хаана, юу ярихыг заасан. Тэгэхдээ намайг доромжилж, албадсан байдлаар хэлсэн. Харилцаанаас харилцаа үүсдэг учраас би тохирох хариултыг нь л өгсөн. Надаар юм хийлгэмээр байгаа бол намайг доромжлохгүй, албадахгүй, албатай юм шиг аашлахгүй байх ёстой байхгүй юу. Би хэдийгээр энэд олон нийтийн төлөөлөл болоод орж ирсэн ч гэсэн хэзээ, хаана, юу ярихаа хэн нэгнээр заалгах ёстой гэсэн үг биш. Би хүүхдийн мөнгө ярьдаг учраас надаас өнөөдөр ингэж албатай юм шиг нэхэж байгаа байхгүй юу. Ярихгүй байгаа хүмүүсээс нэхэж чадахгүй байгаа биз дээ.

-Та төлөөлөл нь болоод орчихсон юм чинь танаас нэхэж, асуух нь зөв л дөө?

-Эмэгтэйчүүд хүүхдүүдийн асуудлыг эмэгтэй гишүүдэд нялзайдаг асуудал байдаг. Гэхдээ эрэгтэйчүүд ч гэсэн ярих ёстой. Ярьдаг эрэгтэй гишүүд ч гэсэн байгаа. Нөгөө талаараа энэ олон эмэгтэй гишүүдээс ганцхан би л ярьдаг учраас надтай тэгж харьцаж байгаа юм. Гэхдээ би нэг талаараа УИХ-ын гишүүн мөн боловч М.Нарантуяа гэдэг хувь хүн. Бусадтай л адилхан уурлаж, бухимдаж, зэвүү, дургүй хүрнэ. Тэвчээр алдарвал тэрийгээ гаргана. Гишүүн байхаас түрүүлээд би хүн байхгүй юу. Би 42 нас хүртлээ гишүүн байгаагүй. Би гишүүн болонгуутаа нирваанд хүрээд зан араншин маань гэнэт соён гэгээрээд нигүүлсэнгүй, хүлцэнгүй бүтээгдэхүүн болчихгүй байхгүй юу. Тэрийг бас хүмүүс ойлгох хэрэгтэй. Зарим талаараа монголчууд өөрсдийнхөө үнэнийг сонсож, үнэнтэйгээ тулж сурах хэрэгтэй. Үнэнийг хэлж чадахгүй ордонд залардаг хүн байснаас үнэнээ хэлээд лайваа хийгээд явсан нь надад хамаагүй дээр. Ингээд ярихаар хүмүүс энэ нэг гудамжны лайвчин гэдэг. Бүгдээрээ гудамжинд байж юундаа хэн нэгнийгээ илүү, дутуу үзээд байдаг юм гэж хэлмээр байна.

-Гишүүн хүн гэдэг төр төлөөлж байгаа хүн. Тэр утгаараа ямар байх ёстой юм бэ гэдэг хэм хэмжээ үлгэр дууриалалыг л хүссэн учраас шүүмж явж байгаа байх. Та өөрөө л бодож, тунгааж, шийдэх ёстой асуудал болов уу?

-Би өмнө нь хэлсэн шүү дээ. Би хичээе ээ гээд. Гэхдээ амар биш байхгүй юу. Угаасаа 40 нас хүртэл суучихсан занг гэнэтхэн өөрчил гэхээр тамхи татдаг хүмүүсийг өнөөдөр шууд тамхинаас гар гэж байгаатай агаар нэг шүү дээ. Гэхдээ би хичээж байгаа. Бүр маш их.

-Таныг гадаад томилолтод олон удаа явлаа. Гадагшаа явж юу хийгээд байгаа юм гишүүнийхээ ажлыг хий гэсэн шүүмжлэлүүд бас гарч байна. Та ер нь хэдэн удаа гадаад томилолтод явчхав?

-Хагас жилийн хугацаанд гишүүд гадаад томилолтод хэд хэдэн удаа яваад ирж байгаа харагдаж л байсан. Манай зөвлөх, туслахууд манай гишүүнийг огт явуулахгүй юм. Яагаад юм бол гээд ярьж л байсан юм байна лээ. Гэхдээ надад бол гадагшаа явах нь сонин биш. Урлагийн буянаар, өөрийнхөө буянаар дэлхий 30 гаруй улс руу яваад үзчихсэн. Явмаар санагдвал хүссэн үедээ хүссэн газар руугаа явах боломж байгаа. Тэр утгаараа би гадаад томиололтод явмаар байна гэж огт бодож байгаагүй. Өнгөрсөн хоёрдугаар сард Нийгмийн бодлогын байнгын хорооныхоо ажлаар Япон явсан. Дараа нь Ерөнхийлөгчийн Польш, Чех улсад хийсэн төрийн айлчлалын багт багтсан. Хамгийн сүүлд УИХ-ын даргын айлчлалд Иргэний зориг ногоон намынхаа төлөөлөл болоод яваад ирсэн. Би ийм ажлаар ингэж яваад ирлээ гэдгээ байнга танилцуулж, тайлагнадаг. Бусад гишүүд хэзээ, хаашаа, ямар ажлаар явж байгаагаа төдийлөн танилцуулдаггүй. Тэгэхээр би олон удаа яваад байгаа юм шиг харагдахад хүргэж байж болох юм.

-Жагсаалтын онцлог бол нам нь өөрөө энэ хүн болохгүй байна аа гэвэл буцааж татаад дараагийн хүнийг оруулж ирэх боломжтой гэдгээрээ онцлогтой. Хэрэв танай нам дотор таныг эргүүлж татах асуудал яригдвал та яаж хүлээж авах вэ?

-Үүнийг нам дангаараа шийддэг тогтолцоо байхгүй юм байна лээ. Хэрэв жагсаалтын гишүүдийг нам нь дангаараа шийдээд буцааж татдаг болчих юм бол. Нам дотроо хэлэлцээд намын дэд даргаас буулгаж чадаж байгаа хүмүүс намайг эргүүлэн татах бол цаг хугацааны л асуудал болох байх. Ашигтай үедээ дэвшүүлээд ашиггүй шедээ буулгачихна гэдэг шиг өөрсдөд нь ашиггүй болоод эхлэнгүүт даргад мөнгө амласан дараагийн хүнийг оруулж ирдэг болчихвол улс төрийн бизнес гэдэг асар том юм хөгжинө.

Хүмүүс УИХ-ын гишүүн гэхээр хэтэрхий том төсөөлөлтэй байдаг. Бид нар батлаад байгаа төсвөө тоолоод сууж байдаг хүмүүс биш сарын 5-6 сая төгрөгийн цалингаа аваад амьдарч байгаа хүмүүс. Сүүлд бид нарыг 30 саяын цалинтай гэдэг мэдээлэл яваад байсан. Би асуумаар байна. Хаана, хэн нь 30 саяын цалин аваад байгаа юм бэ. Нийтээрээ аваад байгаа юм бол адилхан авмаар байна шүү дээ. Тэгэхээр хүмүүсийг бас мэдлэгжүүлэх хэрэгтэй байна аа. УИХ-ын гишүүдэд сар бүр тойрогтоо ажиллах, хууль сурталчлах, судлахад зарцуулах төсөв байдаг. Тэр нь 20 сая төгрөг. 23 сая байсан чинь хасагдчихсан. Яг юм хийж байгаа хүнд энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй.

-Бидний ярилцах цаг энэ хүрээд дуусаж байна. Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа.

-Урьж ярилцсанд баярлалаа. Би бас нэг юмыг хэлмээр байна. Нэг юмыг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын иргэд бүгдээрээ чадахаараа ажил хөдөлмөр эрхэлж, Монгол Улсынхаа төсвийг бүрдүүлж байна. Нөгөө талд иргэдийг турхирч байгаа нэг хэсэг байгаа. Үүнийг би иргэдэд онцолж хэлмээр байна. Тэр хүмүүс бол энэ төрөөр амьдраад сурчихсан. Төрөөс ашигтай шим тэжээлтэй бүх юмыг нь шимэгчлээд сурчихсан хүмүүс энэ төргүйгээр амьдарч чадахгүй , амьсгалж чадахгүй болоод ирэхээрээ хөшигний цаанаас удирдаж, хэвлэл мэдээллийг худалдаж авч, шантаажны хэвлэлүүдийг явуулж сурсан зангаараа байгаа гэдгийг битгий мартаарай. Ялгаж салгадаг байгаарай гэдгийг л хэлмээр байна. Хэдхэн хүмүүс хуйвалдахад амархан байдаг. 126 хүн тойрч суучихаад хуйвалдан гэж байхгүй. Тийм ч учраас зохион байгууллалтайгаар турхирч, харлуулаад байгаа энэ зүйлд иргэд хэрсүү байгаасай. Ухаантай хандаасай л гэж хүсмээр байна.

Г.Лхагвадорж


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *