“Алтайн хүдэр’’ ХХК 10 тэрбум, 800 сая төгрөг төлөхөөр боллоо


Байгаль орчинд учруулсан хохиролд нь “Алтайн хүдэр’’ ХХК-иар 10 тэрбум, 800 сая төгрөг төлүүлэхээр Улсын дээд шүүх шийдвэрлэлээ. “Алтайн хүдэр’’ ХХК Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас 2007 оноос хойш хүдэр олборлож байна. Тус компани уг уурхайгаас хүдэр олборлон БНХАУ руу Бургастайн боомтоор гаргадаг. Таянгаас Бургастай хүртэл тээвэрлэхдээ 168 км шороон замыг авто зам болгоно гэсэн ч одоо болтол шороон замаар хүдэр зөөсөөр байна. Үүнээс үүдэж, байгаль орчинд хохирол учруулж буй.

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар тус хэргийг хэлэлцэн шийдвэрлэв.

“Алтайн хүдэр” ХХК нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхэд чиглэсэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үндсэн зорилготой нийцүүлэн, хүний үйлдлийн улмаас гэмтэж, доройтсон байгаль орчин, ургамал, амьтан, ус, газрын хэвлий, хөрс, экологийн орчин анх байсан тэрхүү төрхөөрөө эргэн төлжих боломжгүйг анхаарах шаардлагатай гэж үзэн дараах үндэслэлүүдийг тусгасан шийдвэрлэжээ.
Үүнд:

  1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д байгаль орчинд учруулах хохирлын бүрдлийг, мөн зүйлийн 4-т хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлох аргачлалыг тогтоосон байх ба хариуцагч нь гэрээ, холбогдох бусад баримт бичигт заасан хугацаанд төмрийн хүдрийг хүнд даацын автомашинаар тээвэрлэн зөөх хатуу хучилттай авто замыг барих үүргээ биелүүлээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан нь тогтоогдсон.
  2. Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо эрх бүхий этгээдээс баталсан аргачлалын дагуу мэргэшсэн үнэлгээчний тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг 2-5 дахин нэмэгдүүлж байгаа нь гэм хорын эрх зүй дэх бодит хохирлыг арилгуулах ерөнхий хандлагаас ялгаатай гэж үзжээ.
  3. Анхан шатны шүүх байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохтой холбоотой Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
    Иймд эдгээр үндэслэлүүдийн дагуу “Алтайн хүдэр” ХХК байгаль орчинд учруулсан хохиролдоо нийт 10 тэрбум, 800 сая төгрөг нөхөн төлөхөөр боллоо.
,

One response to ““Алтайн хүдэр’’ ХХК 10 тэрбум, 800 сая төгрөг төлөхөөр боллоо”

  1. Муу ёрын заваан компани даа.
    Ганц сайн юм сонсогдохгүй. Дандаа болохгүй бүтэхгүй юм сонсогддог компани. Ийм компани үр хүүхдээ ажилд оруулж л болохгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *