АНУ-ын Техас мужид дэгдсэн улаанбурхан өвчний халдварын улмаас 2 хүүхэд нас бараад байна


АНУ-ын Техас мужид улаанбурхан өвчний вирусын халдвар газар аван дэгдээд байна. Халдварын улмаас тус мужид хоёр хүүхэд нас бараад байгаа бөгөөд хоёр дахь хүүхэд өнгөрсөн пүрэв гарагт амиа алджээ.

Улаанбурхан өвчнөөр халдварлаж нас барсан хоёр дахь хүүхэд огт вакцинжуулалтад хамрагдаагүй сургуулийн насны буюу 8 настай охин байсан бөгөөд улаанбурханы хүндрэлээр эмнэлэгт байхдаа нас барсан талаар албаныхны зүгээс мэдээлсэн байна.

Ням гарагт мөн АНУ-ын эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннеди улаанбурхан өвчний халдвар дэгдээд байгаа Техас мужид биечлэн очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.

Тэрээр нас барсан охины ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, Техас мужийн эрүүл мэндийн албаныханд дэмжлэг үзүүлэх үүднээс мэргэжлийн тусгай багийг тус мужид илгээж, вакцин, эм тариа болон бусад дэмжлэг туслалцааг үзүүлэхээр болсноо мэдэгдэж, улаанбурхан өвчний халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол MMR вакцин гэдгийг онцолсон байна.

Он гарсаар Техас мужид улаанбурхан өвчний нийт 480 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ба зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд халдварын 60 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар тус мужийн эрх баригчид мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын хэмжээнд 2025 он гарсаар улаанбурхан өвчний нийт 600 гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь Техас мужид бүртгэгдсэнээс гадна бараг бүх халдварын тохиолдлууд вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс байгаа ажээ. АНУ дахь энэ удаагийн улаанбурхан өвчний халдвар дэгдэлт вакциныг эрс эсэргүүцдэг шашин давамгайлсан жижиг хот, суурингуудаас анх эхэлсэн байна.

Түүнчлэн улаанбурхан өвчний халдвар Техас мужийн хөрш зэргэлдээх Нью Мексик, Оклахома, Канзас зэрэг мужуудад тархан бүртгэгдээд байна.

АНУ 2000 онд улаанбурхан өвчнөөс ангид улс болсноо зарлаж байсан түүхтэй ч түүнээс хойш ард иргэдийн дунд вакцины эсрэг үзэл нэмэгдсэнтэй холбоотойгоор улаанбурханы халдвар дэгдэх болсон ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *