Жил ирэх тусам нэмэгдэж, хүрээгээ тэлж буй аутизмын эмгэг хөндөх ёстой нэг сэдэв болсоор удаж байна. Хөгжлийн бэрхшээл бус, хэл яриа, харилцааны бэрхшээл гэгдэх уг эмгэг залуу гэр бүлүүдийн санаа зовних нэг шалтгаан болсон. Учир нь уг эмгэгт удамшил, архи, тамхи, юу ч нөлөөлдөггүй. Хэнийг ч ялгахгүй илрэх бөгөөд юунаас үүдэлтэй, яагаад үүсэж буйг Дэлхий нийтээрээ тогтоож чадаагүй байна.
Аутизмын тоо нэмэгдсээр
Манай улсад 2023 онд 1980 хүүхэд аутизмтай гэж оношлогдсон байдаг. Харин 2024 онд 2395 хүүхэд оношлогдсон бол 19 мянга орчин аутизмын хүрээний эмгэгтэй хүн байх магадлалтай гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.
Ийм эмгэгтэй хүн жил ирэх тусам нэмэгдэж, нийгэм даяараа санаа зовниж байхад улсын хэмжээнд хийсэн томоохон судалгаа, шинжилгээ одоогоор алга. Бусад улс орнууд судалж, сурталчилж, тэднийг хүлээн зөвшөөрч, таниулах өдөрлөгийг цаг тутам хийсээр байна.
Ганцхан жишээ дурдахад, АНУ- ын тухайд аутизмын эмгэгтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй нэг сургуульд, нэг ангид явуулдаг. Мөн тэдэнд зориулсан тусгай анги тухайн сургуульд нь байдаг. Энгийн хүүхдүүдтэй хамт үзэх боломжтой хичээлээ цуг үзээд, ганцаарчилж үзэх хичээлээ тусгай ангидаа үздэг бөгөөд мэргэшсэн багш нар тулж ажилладаг гэнэ. Гэтэл манай улс жил болгон 4-р сарын 2-ны өдөр л уламжлал болсон ганцхан өдөрлөгөө зохион байгуулдаг. Нэг талдаа хаягдмал гэж хэлж болно. “Асах гэрэл баясал”, “Анүүлэн аз жаргал”, “Гайхамшигт ертөнц” гэх 6-7 хувийн байгууллага аутизмыг олон нийтэд ойлгуулан таниулж байна. Тэдний ихэнх нь аутизмтай хүүхдүүдийн ээж аав байдаг аж.
Ялгаварлан гадуурхал хэвээр байна
Аутизмтай болох, аутизмтай төрөх хэний ч буруу биш. Гэвч тэднийг гадуурхах, хөгжлийн бэрхшээлтэй мэтээр ярих хандлага хэвээр байна. Манай улсын ихэнх сургууль, цэцэрлэгийн орчинд гадуурхал явагддаг хэвээр. Зарим хувийн цэцэрлэг аутизмтай хүүхдийг огт авдаггүй.
Н.Бадам гэх эмэгтэй өнгөрсөн намар 3 настай хүүгээ цэцэрлэгт өгөх гээд очиход “Манайх энгийн хүүхэд авдаг. Аутизмтай хүүхэд авахгүй” гэж хэлсэн. Манай хүү хөнгөн хэлбэрийн аутизмтай. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв “Заавал тусгай сургуульд сургах шаардлагагүй. Энгийн хүүхдүүдтэй хамт сурах боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч зарим цэцэрлэг татгалзаж, зарим нь 7 хоноод л авахгүй гэж хэлдэг гэлээ. Энэ бол ганцхан жишээ. Үүний цаана мэдэгдээгүй, оношлогдоогүй олон хүн бий. Нийгмийн ялгаварлан гадуурхалтаас болж, хүүхдээ нуудаг эцэг эхчүүд ч байдаг гэх.
Хүүхдийн сэтгэцийн эмч Д.Энхтуяа “Бид аутизмыг нийгмээрээ эмчилнэ. Түүнээс эмээр эмчилдэг байсан бол аль хэдийнэ эмчилчихсэн байгаа шүү дээ. Тэдэнд чадвар бий. Тиймээс түүнийг нь хэрхэн хөгжүүлэх, нийгэмшүүлэх тал дээр л боловсролын салбар ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Иймээс бид тэднийг хүлээн зөвшөөрөх, таниулах, аутизмтай хүүхдийг нийгэмшүүлэхэд нэн тэргүүнд анхаарах ёстой.
Одоогоор энэхүү эмгэгтэй хүмүүсийн 10% нь ажил хийдэг, 5% нь найзтай ба гэр бүлтэй болдог гэх судалгаа бий.
Эрт оношлуулах яагаад чухал вэ?
Жил ирэх тусам нэмэгдэж буй тус эмгэгийг эрт илрүүлэх тусам эрт нийгэмших, хөгжих боломжтойг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Эцэг эхчүүд хүүхдээ аутизмтай болсныг хүлээн зөвшөөрч чаддаггүй, цаг алдсанаар хүүхдээ нийгэмшүүлэх хөгжлөөс хойш татдаг. Мэдээж хэрэг хэн ч үүнтэй эвлэрэхийг хүсэхгүй.
Гэвч хүүхдэд тань хөгжлийн хоцрогдол үүсэж, ганцаараа тоглох, хэлд удаан орох гээд үеийн хүүхдүүдээс өөр зүйл ажиглагдвал эмнэлэгт хандаж, оношлуулах нь зүйн хэрэг. Тус эмгэг нярай хүүхдэд 6 сартайгаас илэрч эхэлдэг ба 1.6-3 настайд нь тогтоодог байна.
Ихэвчлэн бага насанд илэрдэг бөгөөд хүн бүрд өөр өөрөөр илэрдэг онцлогтой. Зарим хүмүүст нийгмийн харилцаа, харилцан ярианд бэрхшээл учруулдаг бол бусад нь тодорхой ур чадвар, сонирхлын тал дээр онцгой авьяас илрэх тохиолдол ч байдаг.
Б.Солонго “Хүүгээ 3 настай байхад аутизмтай гэдгийг мэдсэн. Эхэндээ хүлээн зөвшөөрөх гэж хугацаа алдсан. Тэгээд л хүүгийнхээ ирээдүйг бодож, эрт нийгэмшүүлэх ёстойг ойлгосон. Эрт хүлээн зөвшөөрч, хийж чаддаг зүйл дээр нь анхаарч, хөгжүүлэх нь чухал юм билээ. Одоо манай хүү 7 настай. Гаднаас нь харахад яг энгийн эрүүл хүүхэд шиг. Хүмүүс эрүүл хүүхэд байна. Яах гэж ингэж байдаг юм гэдэг. Гэхдээ аутизмын гол шинж нь харилцааны бэрхшээл байдаг. Ер нь надаас өөр хүнтэй юм ярьдаггүй байсан. Одоо бол юмыг маш сайн ойлгоно. Зарим зүйл дээр би хэлээгүй, зааж өгөөгүй байхад өөрөө мэдчихсэн байдаг. Анх юм асуугаад хариулахгүй би ганцаараа яриад байдаг байсан. 4 жил хүүтэйгээ ярилцаж, хөгжүүлсний эцэст яг харилцааны тал дээр, ур чадварын тал дээр ч гэсэн маш сайн өөрчлөлтүүд гарсан. Тэгээд би хүүгээрээ дамжуулж, аутизмыг хүмүүст ойлгуулахыг хүссэн учраас бичлэг хийж тавьдаг болсон” хэмээн ярив.
Хүүхдээ хүлээн зөвшөөрч, эрт оношлуулж анхаарвал энгийн хүүхэдтэй адил түвшинд хөгжих боломжтойг харуулж яваа ээжийн яриаг дурдлаа. Бид аутизмыг нийгмээрээ эмчлэх боломжтой аж.