Сонгуульд нэр дэвших эрхийг нь 5 жилээр хориглосон шийдвэрийг Марин Ле Пен “шулмын ан” гэв


Францын сөрөг хүчний хэт барууны үзэл баримтлалт Үндэсний хөдөлгөөн намын дарга Марин Ле Пенийг ЕХ-ны санхүүжилтийг шамшигдуулсан хэргээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь таван жилээр хориглосон шийдвэрийг түүний эсрэг улс төрийн шийдвэр, “шулмын ан” хэмээн нэрлэсэн байна.

Ням гарагт Францын нийслэл Парис хотноо Марин Ле Пен болон сөрөг хүчний Үндэсний хөдөлгөөн намыг дэмжигч олон мянган хүний жагсаал цуглааны арга хэмжээ зохион байгуулагдсан байна. 

Жагсаалын үеэр Марин Ле Пен хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ мэдэгдэж, сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан явдлыг “шулмын ан” буюу огт хийгээгүй хэргийг түүнд тулгасан гэжээ. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Марин Ле Пенийг 2004-2016 оны хооронд ЕХ-ны санхүүжилтээс 2.9 сая еврог шамшигдуулж, өөрийн намд зориулсан хэмээн буруутгасан бөгөөд Марин Ле Пен ч шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болоод байгаа юм.

Үндэсний хөдөлгөөн намын ерөнхийлөгч Барделла Эйффелийн цамхагийн дэргэдэх талбайд зохиогдсон ням гарагийн жагсаалын үеэр шүүхийн шийдвэрийг “олон сая эх оронч францчуудыг шархлуулсан, ардчиллын эсрэг халдсан хэрэг явдал боллоо” хэмээн хэлсэн байна. Тэрээр шүүхийн шийдвэрийг улс төрийн хүчтэй өрсөлдөгч Марин Ле Пенийг 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хасах зорилготой хэмээн буруутгажээ.

Ням гарагийн жагсаалд 15 мянган хүн оролцсон хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлсэн байна. Францын хэвлэлүүдээр мөн Үндэсний хөдөлгөөн намын дэмжигчдийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан тайван байдлаар явагдсаныг мэдээлжээ.

Марин Ле Пений эсрэг гаргасан шүүхийн шийдвэрийг мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Италийн ерөнхий сайд Жиоржиа Мелони, Унгарын ерөнхий сайд Виктор Орбан зэрэг улс төрийн барууны үзэлт эрх баригчдын зүгээс эсрэг байр сууриа илэрхийлээд байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *