Токиогийн их сургууль 70 жилийн шинэ тэнхим нээхээр болжээ


Токиогийн их сургууль 70 жилийн дараа буюу 2027 оны намраас шинэ тэнхим нээхээр болсон байна.

UTokyo College of Design хэмээх уг шинэ тэнхимийг тус их сургуулийн Токио хот дахь Хонго салбарт 2027 оны 9-р сард нээх төлөвлөгөөг олон нийтэд танилцуулаад байна.

Тус тэнхим хичээлүүд нь 100% англи хэл дээр явагдах, Япон болон олон улсын шилдэг оюутнуудыг татах, бакалавр болон магистрын 5 жилийн хөтөлбөрийг санал болгох бөгөөд дэлхий дахинд тулгарч буй нийгмийн сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чадвартай ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой гэдгийг Токиогийн их сургуулийн зүгээс онцолжээ.

Мөн түүхэндээ анх удаагаа гадаадын мэргэжилтэн тус их сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллах юм байна.

Их сургуулийн зүгээс мэдэгдсэнээр бакалавр болон магистрын хөтөлбөрт хамрагдагсдын тал гаруй хувь нь олон улсын оюутнууд байх бөгөөд суралцах явцдаа нэг жилийг гадаад улс оронд суралцах болон гадны компаниудад дадлагажигчаар ажиллах хэлбэрээр өнгөрүүлэх ажээ. Түүнчлэн анх элсэж ороход шаарддаг бичгийн шалгалтын форматыг өөрчилж, элсэгчийн бүрдүүлсэн бичиг баримтуудыг шалгах болон ярилцлага хэлбэрээр явуулахаар төлөвлөж байгаа ба элсэлтийн арга хэлбэрийг энэ оны 7-р сарын эхээр зарлахаар болжээ.

Токиогийн их сургууль хамгийн сүүлд 1958 онд эмзүйн шинжлэх ухааны тэнхимийг нээж байсан түүхтэй бөгөөд 2027 онд тохиох 150 жилийн ойгоороо ийнхүү ирээдүйн дэлхийн манлайлагчдыг бэлтгэх шинэ тэнхимийг нээхээр болсныг тус их сургуулийн ерөнхийлөгч Фүжи Тэрүо албан ёсоор зарлаад байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *