Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2011 оноос хойш элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монголдоо амжилттай нутагшуулж, 2025 оны эхний улиралд 300+ дахь мэс заслаа хийлээ. Энэ бол зөвхөн элэг шилжүүлэн суулгах багаар зогсохгүй, тус эмнэлгийн бүхий л хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм.
Монголдоо Дэлхийн шилдэг технологийг нутагшуулсан түүхээс:
Анх 2007 онд тэр үеийн УНТЭ-ийн эмч нар болох О.Сэргэлэн, С.Эрдэнэ, П.Батчулуун нар энэхүү эмчилгээг Монголдоо нутагшуулах санаачилга гаргаж, гадаадын шилдэг төвүүдтэй холбогдож, олон удаагийн сургалт, уулзалт хийсээр 2010 онд БНСУ-ын Асан анагаах ухааны төвийн Lee.S.G профессортой уулзаж, монгол ёсоор хадаг барин шавь орж, өнөөдрийн амжилтын анхны суурийг тавьжээ.

Ийнхүү 2008 оноос одоогийн АШУҮИС-ийн сургалтын лабораторийг түшиглэн, гахайн дээр олон удаа туршилтын мэс засал хийсэн юм.
2011 онд БНСУ-ын Асан төвтэй хамтран, анх удаа хүнээс хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн нь Монголын анагаах ухаанд хийсэн томоохон үсрэлт болсон байна. Үүнээс хойш Асан төвийн багш нартай хамтран, 32 мэс заслыг хийсний дараа 2016 оноос УНТЭ-ийн баг бие даан элэг шилжүүлэн суулгадаг болсон юм. Элэг шилжүүлэн суулгах бүрд шинэ сорилттой тулгарч, суралцаж чадваржсаар өнөөдөр тус баг 300+ дахь хүндээ элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ.

Энэ хугацаанд УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг дараах олон дэвшилтэт технологи, аргачлалыг амжилттай нэвтрүүлжээ. Үүнд:
- Элэг тайрах мэс ажилбарыг бага хөнөөлт технологи (CUSA, ERBE)-иор гүйцэтгэх аргачлал
- Микроскоп ашиглан нарийн голчтой судаснуудыг залгах бичил мэс заслын арга
- Донорын суулгац элгийг нөхөн сэргээх ширээн дээрх мэс засал
- Үлэмж хэмжээний цус алдалтын үед алдсан цуснаас цусны улаан эсийг шүүж, эргүүлэн юүлэх технологи
- Донорт үлдэх элэгний хэмжээ, өвчтөнд суулгах элэгний эзлэхүүн, үйл ажиллагааг тодорхойлох арга
- Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах арга
- Хүүхдэд элэгний зүүн дэлбэнг шилжүүлэн суулгах мэс засал
- Насанд хүрэгчдэд элэгний зүүн дэлбэнг суулгах мэс засал
- Өвчтөнөөс авсан элэгний венийн судсыг ашиглан, суулгац элгийг нөхөн сэргээх мэс засал
- Олон салаалсан болон нарийн голчтой цөсний замыг нөхөн сэргээх мэс засал
- Мэс заслын дараах судас болон цөсний замын хүндрэлийг ангиографи болон эндоскопын аргаар эмчлэх технологи
- Цусны бүлэгнэлтийг Rotem анализатораар нарийн түвшинд хянаж, оновчтой менежмент хийх аргачлал
- Элэгний том хавдартай өвчтөнд гүүр эмчилгээ хийж, элэг шилжүүлэн суулгах технологи
- Цөсний замыг микроскоп ашиглан залгах мэс засал
- Донорын элгийг дурангаар тайрч авах мэс засал

Тус баг анх элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэхдээ өөрсдийн гэсэн багажгүй, зориулалтын өрөө тасалгаагүй, бүгдийг тэгээс нь эхэлж байсан бол одоо өөрсдийн мэдлэг туршлага дээрээ суурилан, SCOPUS-д бүртгэлтэй олон улсын сэтгүүлд судалгааны өгүүлэл тогтмол хэвлүүлдэг, бусад орны эмч мэргэжилтнүүдэд зааж сургах хэмжээнд хүртэл хөгжжээ. Гэсэн хэдий ч тэд суралцахаа зогсоосонгүй. Олон улсын хурал, симпозиумд тогтмол оролцож, Асан анагаах ухааны төвийн багш нараасаа жил бүр дахин суралцахын сацуу багийнхаа шинэ, залуу гишүүдийг дотооддоо сурган бэлтгэж байна.
УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн туршлагаас Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг суралцан, тус эмчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа аж. Энэ нь Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлж буй чухал алхам болж байна.
Эдгээр амжилт бүрийн цаана зөвхөн мэс заслын баг гэлтгүй мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, элэг судлал, дүрс оношилгоо, лабораторийн эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн захиргаа, удирдлагууд эмзүйн алба, мөн тоног төхөөрөмжийн инженер, ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээ, гал тогоо гээд эмнэлгийн бүх хамт олны оролцоо чухал байсныг дурдахгүй өнгөрч болохгүй.
One response to “Улсын 1 дүгээр төв эмнэлэг 300 дахь хүндээ элэг шилжүүлэн суулгалаа”
Алтан гартай эмч нартаа болон ажлын хамт олонд нь сайн сайхан бүхний дээдийг хүсэе.та хэд маань баатарлаг шүү амжилт