Ч.Найдандорж: Авьяастай уран бүтээлчдийг архинд, нэр алдарт донтох, биеэ тоох, магтаалд живж ухамсаргүй болох өвчнүүд отож байдаг


УДЭТ-ын зөвлөх найруулагч, МУУГЗ Ч. Найдандоржтой ярилцлаа.

-Таныхаар театрын урлагийн хамгийн чухал мөн чанар юу вэ?

-Театр бол хүн төрөлхтний бий болгосон мөнхөд амьдаараа байх урлаг. Үзэгчид уран бүтээлчидтэй амьд харьцаа үүсгэдэг цорын ганц урлаг бол театрын урлаг. Драмын жүжигчид ам барина гэж байхгүй. Драмын урлаг бол үзэгчдийн нүдийг баясгаж, сонорыг мялааж, оюуныг хөглөж, сэтгэлийг төгөлдөржүүлдэг бурханлаг урлаг. Чухамдаа мөн чанар нь үүнд л оршиж, онцлог нь тодорхойлогдоно.

-Таныг тэтгэвэрт гарч байгаа гэж урлагийн хүрээнд ярилцах боллоо. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэж ярьдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Янз янз л байх. Н.Сувд гуайг, Г.Мягмарнаран гуайг, П.Цэрэндагва ахыг авч ирээд дүр өгөхөд би тэдэнд итгэнэ. Бэлэн байна. Хэдий тэд нас өндөр болсон ч ажиллах чадвар нь өндөр байна. Адаглаад л театрт байхдаа залуучуудад нөлөөлөх нөлөөлөл нь хаачих вэ дээ. Тэд бол домог. Харамсалтай нь тэр домгууд өнөөдөр Засгийн газрын хэмнэлтийн бодлого гэдэг зүйлээс болж төрийн байгууллагад байнгын ажиллах эрхгүй болчихлоо. Тэд театртаа ирээд бидэнтэй хамт байж, налайгаад сууж байхад л тайз дүүрдэг, уран бүтээлчдийн өрөө дүүрдэг. Хуучин цагт Г.Гомбосүрэн гуай 80 нас дөхөж байхдаа бидэнтэй цуг ажиллаад, уран бүтээлээ хийгээд явж байлаа. Тухайн үед бид Г.Гомбосүрэн гуайн сууж байгаа өрөөнийх нь үүдний хажуугаар өнгөрөхдөө өлмий дээрээ сэмээрхэн явдаг байлаа шүү дээ. Энэ нь айдас хүйдэс биш, цаанаа том соёл, ёс зүй, өв уламжлалыг агуулсан үйлдэл.

-УДЭТ шинэ удирдлагатай болж үе солигдож байгаа нь гаднаасаа тод харагдаж байна. Харин дотроо юу болж байгаа вэ. Шинэ удирдлагын бодлоготой танилцсан уу?

-Бид бүгдээрээ танилцсан. Ороо бусгаа цаг дуусаагүй байна.

Д.Цэрэнсамбуу гуай олон жил театрын захирлаар ажилласан. Ингэхдээ энэ театрыг унагалгүй, зохих түвшинд, гавьяаныхаа амралтад суут лаа авч явлаа. Театр сонгуулийн тоглоом болж болохгүй. Учир нь Монголын ард түмний оюуны хөтөч, нийгмийн оюун сэтгэхүйг чиглүүлэх чухал үүрэгтэй байгууллага. Гурван сая гаруй монголчуудаас хамгийн авьяастай нь, өөрөөр хэлбэл, монгол чуудын эрдэнэс болсон авьяастнууд энд л бий. Энэ байгууллагыг удирдаж авч явах хүн цүнх баригч байж болохгүй. Бид үүнээс их айж байсан. Гэтэл ашгүй энэ театрын захирлаар жүжигчнээс найруулагч, най руулагчаас ерөнхий най руулагч болж явсан, энэ бүхий л замыг туулж ирсэн Н.Наранбаатар гэдэг залууг Төр засаг томиллоо. Бид ч дотроо бэлдэж байсан. Д.Цэрэнсамбууг 60 нас шүргэх үеэс эхлээд би “Самбуу удахгүй сууна шүү. Би ар талынхаа хүнийг бэлдчихсэн шүү, Н.Наранбаатарыг. Чи ар талынхаа хүнийг бэлдэж байгаа юу” гэсэн яриа бидний хооронд бишгүй өрнөж байсан. Дуурийн театр боловсон хүч ний бодлогогүйгээсээ болж ямар их зовлонг туулж байв. Хүүхдийн театр ямар их эмгэнэлтэй байдалд хүрэв. Драмын театр ч энэ хүнд байдлыг үзээгүй биш, үзсэн. Бидэнд ийм туршлага бий. Өөрийнхөө үед ажиллаж амьдраад тэтгэвэртээ суугаад л театраа мартаж болохгүй. Хойч үеэ бэлдэх хэрэгтэй. Энэ бол маш эмзэг асуудал. Гэхдээ дарга болох дуртай хүмүүс маш олон. Манай жүжигчдээс, гадна дотноос, мэргэжлийн, мэргэжлийн бус есөн шидийн хүмүүс дарга болох дуртай. Бид түүнээс их айж байсан. Б.Баатар найруулагч, Б. Мөнхдорж багш, Д.Цэрэнсамбуу захирал бид дөрөв санал нэгтэйгээр “Н.Наранбаатарыг залуу байгаа дээр нь, ид хийж бүтээж яваа дээр нь итгэл өгье. Хажууд нь та бид байна. Болохгүй бол зад загнана. Зөв зүйлийг нь дэмжье. Асар Басар нохой шиг Баатар хоёулаа хажууд нь байя” хэмээн театрын ерөнхий найруулагч болгох тухай ярьж, бид энэ хүүхдийг бэлдсэн. Одоо түүнийхээ үр шимийг бид үзэх ёстой. Би энэ театртай нэр холбогдоод 40 гаруй жил болж байна. Хэдэн жилийн өмнө театрын дарга Д.Цэрэнсамбуу, уран сайхны удирдаач Н.Сувд гуай байхад театрын удирдлагын албан тушаалд горилсон хүмүүс янз бүрийн үйл ажиллагаа явуулж байсан. Би тэдэнд “Өнөөгийн театрын удирдлага гологдож байж болно. Тэгвэл яах ёстой юм. Төлөвлөгөөгөө бичээд ир. Түүнтэй чинь танилцаад хэрэв та нарын зөв, та нар театрыг хөгжүүлэхийн тулд шинэлэг зүйл хийх төлөвлөгөөтэй байвал бид гараа өргөөд бууж өгөөд зайгаа тавьж өгье” гэхэд нэг нь ч, юу ч бичиж ирээгүй. Хүссэн болгонд нь тамга бариулж болохгүй.

-Жүжгийн зохиолыг театр сонгодог юм уу, найруулагч нь сонгодог юм уу. Сүүлийн үеийн жүжгийн зохиолуудын чанарын тухайд та юу хэлэх вэ?

Янз бүр. Дэлхийн том зохиолуудыг шүүрч аваад би том бүтээл хийдэг том найруулагч болъё гэвэл учир дутагдалтай. Хүн төрөлхтний бүтээсэн утга зохиолын сан гэдэг бол далай шүү дээ. Энэ их өв сангаас хэзээ, юуг сонгох вэ гэдэг бол сонголт. Том зохиолчдын зохиолоор бүтээл хийдэг том найруулагч болж харагдах нэг өөр. Үзэгчдийн оюуны хэрэгцээ, нийгмийн захиалгыг олж харж, сонгож урлагийн бүтээл болгож, хүн очиж үзэхгүй л бол болохгүй болтол нь хийх гэдэг өөр асуудал. Манай театрын хувьд аль жүжигчин хэзээ, ямар дүрээр, яаж задалж, яаж хөгжүүлэх вэ гэдгийг бас бодно. Шулуухан хэлэхэд, УДЭТ жүжигчдийг төрүүлдэг цорын ганц гал голомт. Энд орж ирсэн жүжигчин өөрийгөө олдог, арга барил, туршлага хурдан суудаг, мэргэжилдээ ахидаг. Харин тэднийг телевиз, кино, шоу, продакшнууд мөлждөг. Оросын алдарт жүжигчин Ульянов “Би театраас авч кинонд өгдөг” гэж хэлж байсан юм. Энэ бол үнэн. Театр бол дуртай хүн нь орж ирээд дур зоргоороо дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг газар биш. Уран бүтээлийн эрх чөлөө бүтээл дээрээ харагддаг. Хэрэв жүжигчин эрх чөлөөг их хүсвэл авьяас нь хөгжихгүй. Үүнийг бид “зэвэрнэ” гэж ярьдаг юм. Өөрийн араншин, сул дорой байдлаасаа болж сайхан авьяастнууд их амархан, эрт зэвэрсэн олон тохиолдол бий. Авьяастай уран бүтээлчдийг архинд донтох, нэр алдарт донтох, биеэ тоох, ханах, магтаалд живж ухамсаргүй болох өвчнүүд отож байдаг юм. Жүжигчин дүр дээрээ ажиллах ёстой. Дээр нь өөртэйгөө ажиллах ёстой. Өөрөө өөртэйгөө ажиллана гэдэг байнгын бэлэн бай далд бэлтгэлтэй байна гэсэн үг. Тэд өөрт дутагдаж байгаа элементүүдийг олж харж, дутуугаа нөхөж, өөрийгөө хөгжүүлж байх ёстой. Харамсалтай нь би дэнд өөртэйгөө ажиллах ажиллагаа их үгүйлэгдэж байна. Өөртэйгөө ажилладаг жүжигчид бий. Тэд аль хэдий нэ түмний танил болсон. Өөртэйгөө хэдий чинээ ажил лана, төдий чинээ авьяас нь задарч ямар ч дүрд тоглоход бэлэн болдог.

-Та нийт хэдэн жүжиг найруулсан бэ. Найруулсан жүжгүүдээсээ хамгийн хайр тай, сэтгэлд хоногшсон бүтээлээ нэрлээч?

-Хэдэн жүжиг найруулснаа тоолж үзээгүй. Бүх жүжиг минь миний сэтгэлд үлдсэн. Би бүх жүжгээ аугаа гэж боддог. Найруулагч болгон “Би муу жүжиг хийгээгүй” гэж боддог. Би ч тэдэнтэй адилхан.

-УДЭТ жилд дунджаар хэдэн жүжиг тавьдаг вэ?

-Янз бүр. Гиннесийн номд орохоор олон жүжиг найруулсан хүн бол Б.Мөнхдорж багш. Багш драмын театрт 20 жил ажиллахдаа 40 гаруй жүжиг найруулсан. Үүнийг гүйцэх найруулагч байдаг эсэхийг би мэдэхгүй. Би бол үүний талд нь ч хүрэхгүй. Гэхдээ Мөнхдорж багшийн найруулсан жүжгүүдийн ихэнх нь амжилттай болсон. Зарим найруулагч гурван жүжиг амжилттай хийвэл сайн найруулагчид тооцогдоно шүү дээ. Нэг дүрийг гайхамшигтай бүтээгээд тэр нь ард түмний сэтгэлд үлдчихсэн сайхан жүжигчид бий. Гэхдээ юм болгоныг гайхалтай хийдэг хүнийг би үзээгүй.

-Монголын театрын хөгжлийг дэлхийн театрын чиг хандлагатай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ. Танай салбарт тулгамдаж байгаа асуудал гэвэл юуг нэрлэх вэ?

-Орос сургагч нар Мон голын театрын үндэс суурийг маш зөв тавьсан. Үүний дараа бид үндэсний боловсон хүчнийг бэлддэг болсон. Тухайн үед жүжигчдийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж, С.Сугар, Л.Лхасүрэн нарын маш сайн багш нар бэлдэж байлаа. Тэд нэг хэсэг МУБИС-ийн Кино драмын анги болон СУИС-д боловсон хүчнийг бэлдэх хүртэл голлогч боловсон хүчнийг бэлддэг байсан. Тэр үеийнхэн өнөө дөр Монголын хошин урлагийг, УДЭТ, орон нутгийн театруудыг нуруун дээрээ үүрч явна. Харин орчин үед жүжигчний мэргэжлийг оюутан байх хугацаандаа эзэмшиж гардаг мэргэжил гэдгийг Их, дээд сургуулиуд ойлгохгүй байх шиг. Тэд мэдлэг аваад гардаг мэргэжил болгочихоод байна. Энэ хоёр ялгаатай. Жүжигчний мэргэжлийн уран чадварын хичээлийн цагийн гуравны нэгийг нь хасчихсан. Намайг оюутан байх үетэй харьцуулах юм бол шүү дээ. Дээр нь элсэгчдийн тоо нь ихэссэн, анги танхимын хүрэлцээ багассан, багшийн тоо цөөрсөн зэрэг олон хүчин зүйл ирээдүйн театрын урлагийн хөгжлийг нэлээн доош буулгах болов уу гэсэн болгоомжлол, хардлага надад байна. Үнэнээ л хэлье. Энэ бол буруу. Оюутан сурах хугацаандаа тухайн сэдвийг эзэмших боломжгүй, ойлгоод л өнгөрөх хэмжээний болчихсон нь харамсалтай. Тухайн мэргэжлийг магадлан итгэмжлэхдээ хоёроос доош гүй тайзтай, нэг анги, танхимыг нэг курсийн оюутнууд бүтнээр нь эзэмших тухай тусгах хэрэгтэй. Ингэхгүй л бол ирээдүйд сайн жүжигчин хэ зээ ч гарахгүй гэдгийг зоригтойгоор хэлье.

-Театрын урлаг хүнд хэцүү, цалин бага, ажил ачаалал ихтэй болохоор үнэн сэтгэлтэй нь л тэсэж үлддэг гэж ярьдаг. Та юу хэлэх вэ?

-Би 1987 он хүртэл энэ театрт жүжигчнээр ажиллаж байсан. Тэр үед надад Г.Доржсамбуу найруулагч “ Найдандорж оо, чи урлагийн төлөө амьдралаа зориулаад, өөрийнхөө чөмгийг дундартал ажиллаж чадах уу. Чи бага цалин авч болно. Гэхдээ бурхан тэнгэр чамайг харж байгаа. Чи хэзээ ч гуйлгачин болохгүй. Хэрэв чамд асар их мөнгийг сонгох уу, жүжигчний мэргэжлийг сонгох уу гэсэн сонголт ирвэл чи жүжигчний мэргэжлээ сонгож үзээрэй дээ. Тэр үедээ чи асар их зүйл алдаж байгаа юм шиг боловч асар их зүйлийг олж авч байгаа гэдгийг амьдрал чамд үзүүлнэ” гэж хэлж байсан юм. Би түүнд нь итгэдэг юм.

-Та нэгэн ярилцлагынхаа үеэр өөрийн бүтээлийнхээ нээлтийг үздэггүй хэмээсэн байсан. Яагаад вэ?

-Найруулагчийн мэргэжил их адармаатай. Хүнээр дамжуулж, хүний тухай, хүнтэй ярьдаг мэргэжил. Хүнээр дамжуулж гэдэг нь жүжигчдээр дамжуулж гэсэн үг шүү дээ. Жүжигчин нэг дүрийг өдөр болгон өөр өөр тоглодог. Зарим өдөр нулимс гартал, гайхширал төртөл хийнэ. Зарим өдөр халтирах тохиолдол бий. Жүжигчид яг л миний тархи, сэтгэл зүрхэнд байгаа тэр хөг, нотоор тоглох нь маш ховор байдаг. Тэгэхээр би тэвчээр алдана, жүжигчдэдээ дараа нь янз бүрийн юм ярина шүү дээ. Тоглолт дундуур тэднийгээ тэгж үймүүлээд яах вэ дээ. “Зогс! Ингэж явахгүй дахиад эхнээс нь эхэл” гээд орилоод унавал яана. Арай ч тэгэхгүй байх л даа. Гэхдээ нээлт үзэх их тамтай байдаг. Тэгж өөрийгөө тамлаад яах вэ дээ.

-Та кино найруулж үзээгүй гэсэн. Ер нь танд кино найруулах хүсэл байна уу?

-Байхгүй. Кино найруулахын тулд би мэргэжилтэй байх ёстой. Дэлгэцийн логик, тайзны логик гэдэг өөр. Би тайзан дээр жүжгийг төсөөлөн харж чадна. Зохиолыг уншаад дэлгэц дээр төсөөлөн харж одоохондоо чадахгүй. Цаашдаа ч чадахгүй. Хоёр туулай хөөснөөс нэг туулай хөөсөн нь дээр биз дээ. Аль алинд нь амжилт гаргасан найруулагчийг би дэлхийн кино болон театрын түүхэнд сайн мэдэхгүй. Кино найруулагч гэдэг мэргэжлийг би хүндэлдэг, айдаг, өөрийн сул талыг мэдэж байгаа учраас тийшээ гар дүрэхгүй байгаа юм.

-Залуу найруулагчдадаа хандаж захимаар санагддаг зүйл бий биз дээ?

-Залуу найруулагч хэрэг тэй байна. Н.Наранбаатарыг халлаа гэхэд түүний оронд хэнийг тавих юм. Би дарга болох дуртай хү мүүс, дипломтой хүнийг хэлээгүй шүү. Чадах, мэдэх, хийх хүн хэрэгтэй. Улсын театрыг тоглоом болгоод дур зоргоороо аашлаад, уламж лалыг уландаа гишгээд, сүйдлээд устгаад дуусгах хамгийн амархан. Энэ театр байгуулагдаад зуугаад жил болох гэж байна. Би болж өгвөл амьддаа тийм юм үзэхгүй юмсан гэж бодож байна. Тэгснээс эртхэн үхсэн нь дээр шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ театрт байсан тэр бурхдын, алтан үеийнхний, тэдний дараа үеийнхний сүнс нь эндээ байдаг. Театраа гэсэн энерги нь байдаг юм. Л.Жамсранжав гуай “Намайг үхэхэд тайзан дээр битгий гаргаарай. Би амьддаа тоглож байсан тайзан дээрээ үхсэн хойноо гармааргүй байна” гэж захиж үлдээсэн. Бид хүслээр нь болгосон. Тийм сэтгэл, тийм энерги зуугаад жилийн түүхтэй театрт бий. Нямын Цэгмэд, Цагааны Цэгмэд, н.Ичинноров, Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр, Л.Жамсранжав гуайн сэтгэлийн энерги шин гэсэн энэ газар бол онцгой бүс, онцгой байгууламж. Театр маань цусанд гараа дүрэх, ухамсаргүй, дэг жаяг гүй хүмүүсийн тоглоом битгий болчихоосой. Түүнийг л үзэхгүй юмсан гэж бодож явдаг юм.

-Найруулагч М.Батболд “Тэнд хаягтай болсон мөртлөө хувийнхаа театрт 2-3 жүжиг хийлээ. УДЭТ-т жүжиг хийж амжаагүй гарсан. “Орфей”-н инерц тэсрэлтээс тэсрэлтэд хүч аван урагшилж байгаа энэ үед УДЭТ-таа миний цаг ирэхэд эргэн очъё гэж шийдээд гарсан” гэсэн ярилцлага өгчээ. Та найруулагчийн энэ байр суурийг хэрхэн хүлээж авав. Ер нь театрт юу болоод байна вэ?

-Энэ театрт их юм болж байгаа. Яг өнөөдөр театр маш эмзэг үе дээрээ байгаа. Нэгэн шинэ үеийнхэн энэ театрт ажиллаж, энэ театрын хувь заяаг нуруундаа үүрч байна. Тийм учраас би эм зэг гэж байгаа юм. Тэд маань туршлагажих ёстой, шалгарлаараа явах ёстой. Гайгүй болчихоод театраа орхиод гараад явах нь уу, энэ театраа өнгөтэй өөдтэй авч явъя гээд үлдэх нь үү гэдэг бол таавар. Ямар ч байсан энэ театрт байгаа жүжигчдийг бид хөгжүүлэх ёстой. Үзэгчдэд чанартай уран бүтээл хүргэдэг, мэргэжлийн түвшний театр гэсэн статус дээрээ байхын тулд бид уран бүтээлийн сонголт, дүрийн хуваарилалтыг зөв хийх ёстой. Авьяастай хүмүүсийг цуглуулах ёстой. Хаяад яв даг ч байсан, үлддэг ч байсан, муудалцдаг ч байсан нэг баг болж энэ театрын уламжлал, шинэчлэлийг цуг бүтээх ёстой. Тийм болгох гүүр бол Н.Наранбаатар өөрөө. Н.Наранбаатарыг мон гол чууд бүгд мэднэ. Бид дотроо түүний алдааг нь ч мэднэ, оноог нь ч үнэлнэ. Бидэнд одоо өөр сонголт байхгүй. “Broadway” гаас най руулагч авч ирэх юм уу. Тэгвэл хоноцын сэтгэлээр л нэг жүжиг хийчихээд яваад өгнө.

Хувийн театр бол улсын театраас огт өөр бодлого баримталдаг. Тийм номтой. Өөр арга байхгүй. Монголд С.Мягмар гэж найруулагч бий. Зураач хүн л дээ. Гэхдээ тэр хүн “Blackbox” гэсэн театр байгуулчихсан, хүссэн жүжгээ тавьж байна. Хүн үзнэ үү, байна уу хамаагүй инээгээд явж байдаг аз жаргалтай найруулагч нэг л байна. Өөр тийм найруулагч Монголд байгаа эсэхийг би мэдэхгүй. М.Батболд араас нь гарч ирж байж магадгүй. Хувийн театр мөнгө олохын төлөө байдаг нь нууц биш. Гэхдээ М.Батболд мөнгө олоод бай гаа эсэхийг би мэдэхгүй. Олоосой л гэж залбирч байна. Хүмүүс шуурч очоод л үзэг. Драмын театрт нэг өрсөлдөгч байвал сайн шүү дээ. Би М.Батболдын ярилцлагыг уншсан. Хэрээс хэтэрсэн юм ярьсан байна лээ. Залуу учраас тэгсэн үү, эсвэл янз бүрийн хүмүүсийн хатгалгад орсон юм уу бүү мэд. Би тэр хүүхдийг муу хэлмээргүй байна. Тэр алдаатай, оноотой хүүхэд. Гэхдээ хүн хоол олж идэхдээ эхийнхээ мөөмийг сийчиж болохгүй. Тэгвэл цус л уухаас, сүү уухгүй. Би тэгж бодсон. М.Батболд өөрөө тэгж яриад, сэтгүүлч нь зөв бичсэн байгаа даа бурхан минь гэж итгэж ядсан. Энэ театрын нэр нүүрийг, энэ театрт ажиллаж байгаа хамт олныг дэвсэлж нэр алдарт хүрнэ гэвэл голионы баас. Ярилцлагадаа “… Миний цаг ирэхээр …” гэж ярьсан байна лээ. Тэрийг үзэхэд миний нас хүрэхгүй. Би баттай хэлье. Энэ бол жудаггүй асуудал. Би олон юм мэднэ. Гэхдээ би тэр хүүхдийг бодоод олон юм ярихаа больё. И.Нямгаваа, Б.Мөнхдорж хоёр бол нэгэн үеийн, нэг багшийн шавь явсан цагийг эзэлсэн хоёр найруулагч. Гэхдээ тэд нэгнийхээ тухай, нэгнийхээ театрын тухай, нэгнийхээ хамт олны тухай сонинд иймэрхүү ярилцлага өгсөн түүх Монголын театрын түүхэнд байхгүй. Одоо цаг өөр болж, хүний мөс чанар өөр болсон юм байна, жудаг байхгүй болж гэж би бодож байна. Тархи, сэтгэл рүүгээ сүү цутгах хэрэгтэй. М.Батболдыг театраас гарахад бид нүүр нүүрээ харж зовлон жаргалаа ярьж байгаад салсан. Тэгтэл тийм ярилцлага өгчихсөн байна лээ. Би итгэж ядсан. Эцэг нь гомдох вий дээ гэж бодсон. Мягмарнаран ах. Би шулуухан л хэлье.

УДЭТ-ын дараагийн найруулагч, ирээдүйд театрыг нуруун дээрээ үүрэх хүмүүнийг бид хүлээж байна, хүсэж байна. Монголын театрт хэрэгтэй. Би бол тэтгэвэртээ гарчихсан хүн. Гэхдээ сэтгэл хоргодоод байна. Миний сүнс хоргодно шүү дээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Ө.Анхзаяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *