Б.Ганбаяр: Татвар, НДШ-ийн дарамтаас болж дотоодын том компаниуд Монголоос гарах гэж байна


Санхүүгийн шинжээч, хөрөнгө оруулагч Б.Ганбаяртай ярилцлаа.

————————————————————————–

-Монголд бизнес эрхлэх хэцүү байна уу. Та яагаад аж ахуй эрхлэхээ больсон юм бэ?

-Би сүүний жижиг цех ажиллуулж, арваад хүнийг ажлын байраар хангаж байгаад, өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр зарсан.

-Ямар шалтгааны улмаас зарах болсон талаараа ний нуугүй ярихгүй юу?

-Аж ахуй эрхэлж буй хүнд хамгийн том дарамт нэгдүгээрт, Нэмэгдсэн өртгийн албан татвар байдаг. Хоёрт, Нийгмийн даатгалын шимтгэл. НДШ одоо ид яригдаж байна. Өмнө нь бизнес эрхлэгчид энэ тухай хоорондоо л ярихаас ил ярьдаггүй байсан. Нийгмийн даатгалыг хүмүүс ажилчин л төлдөг гэж боддог ч аж ахуйн нэгж ажилтантайгаа бараг тэнцүү хувиар нэмж төлж байна. Цалинг нь нэмье гэхээр яг тэр нэмснээсээ давсан хувиар шимтгэл төлөх ёстой болдог. Компаниас өгч байгаа хувь нь ямар шаардлагатай, ямар хэрэгтэй, ямар ач холбогдолтой вэ гэдэг нь тодорхойгүй, төлөөд л яваад байдаг.

Энэ нь эргээд ажилчдынхаа цалинг нэмэх, ажилтнаа тогтоон барих, илүү хөгжүүлэх боломжийг хаачихдаг. Сүүлдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад яваад байхаар нийгмийн даатгалын төлөлт нь худлаа гараад, эргээд ажилтандаа сөрөг нөлөөтэй байсан. Бодитоор нь төлөөд нэг хэсэг явж үзсэн. НДШ-ийн асуудлаас болж нэг хэсэг өрөнд орсон. Арай гэж өрөө дараад, “За больё” гээд цехээ зарсан.

-Цахилгааны үнэ тарифыг нэмсэн. Аж ахуй эрхлэхэд төр засгийн энэ шийдвэр хэрхэн нөлөөлсөн бэ?

-Хүмүүс цахилгааны үнэ тарифыг 20, 30-хан хувь нэмэгдсэн гэж бодож байгаа ч сайн тооцоолоод харвал зарим хэсэг дээрээ 450 орчим хувиар буюу 4.5 дахин нэмэгдсэн байгаа юм. Ялангуяа эрчим хүч, дулаан зарцуулалт дээр аж ахуйн нэгжээр тооцдог. Аж ахуйн нэгжийн төлдөг үнэ айл өрхийн тарифаас хамаагүй өндөр шүү дээ. Бизнес тасралтгүй, тогтвортой явж байтал цахилгааны өдөр, шөнийн тариф хэд дахин нэмэгдээд эхлэнгүүт гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Ингэхээр хэрэглэгчид яаж худалдаж авах билээ. Худалдан авагчгүй болно. Тэгээд орлогогүй болох нь тодорхой. Хүмүүс нэг юмыг бас анзаарахгүй байгаа юм.

-Тэр нь юу вэ?

-Цахилгааны үнэ нэмэгдсэн. Цэвэр, бохир усны, дулааны үнэ нэмэгдээгүй байна. Ялангуяа сүүний үйлд вэрлэл зэрэг хүнсний аж ахуй эрхэлдэг хүмүүсийн нэг мэддэггүй асуудал нь технологийн буюу халуун уурны тариф мөн адил нэмэгдэж байгаа юм. Эдгээрийн үнэ нэмэгдэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ордог гол процессын тариф нэмэгдэнгүүт бүтээгдэхүүний суурь үнэ дор хаяж 20 хувь нэмэгдэх болчихож байгаа юм. Та бод доо. Өнөөдөр сүү НӨАТ-гүй тулдаа л 4000-5000 төгрөгийн хооронд хэлбэлзээд яваад байна. Хэрвээ НӨАТ-тай байсан бол шууд 20 хувь нэмэгдэнэ. Технологийн уурын нэмэгдэл ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ нэмэгдвэл үйлдвэрлэгчид сүүний үнийг шууд 20 хувь нэмэхээс өөр аргагүй болно. Сүү хэрэглэж сураагүй, сүүний хэрэглээ багатай байгаа энэ үед үнэ нь нэмэгдчихвэл юу болох вэ. Талхны үнэ ойлгомжтой, шууд нэмэгдэнэ. Бас л технологийн уур хэрэглэдэг. Хүнсний салбарт байнга хэрэглэгддэг. Хүмүүс анзаардаггүй, мэддэггүй болохоос нарийн тех нологийн уур зайлшгүй хэрэглэх болдог.

-Та эрсдэлээ урьдчилж хараад бизнесээ зарахад хүрчээ дээ?

-Тийм ээ, би урьдчилж харсан.

-Бизнесээ орхиогүй гүрийгээд яваа хүмүүст ямар нэг эрсдэл учрахаар байна уу?

-Засгийн газраас өргөн бариад байгаа татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлт. НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, Татварын ерөнхий хууль. Энэ хуулиудын төслийг харахад манай татварын орчин сайжрах байдал ерөөсөө харагдахгүй байгаа юм. ААН-үүд дээр ч дарамт улам нэмэгдэж ирж байна. Хэлэлцүүлэг явуулаад байгаа хуулийн өөрчлөлтийн төслийг сайн уншаад харвал, хувь хүний орлогын албан татварыг суурь тооцоо дээр жишээлбэл, 120 сая төгрөгийн босго байгаа. Энэ босгод юу юуг хамруулж ойлгох юм бэ гэдэг нь өөр болоод явчихсан байна.

-Өмнө нь ямар байсан бэ?

-Зарим орлогуудыг тооцдоггүй байсан. Гэтэл бүгдийг нь тооцдог болгоод оруулаад ирж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, өөрийн эзэмшсэн мэргэжлээр хар яриагаар “халтуур”, зөвлөн туслах үйлчилгээ ганц, хоёр удаа үзүүлдэг. Тэр орлогыг суурь 120-ын босгод оруулж тооцохоор болж байгаа юм. Шатлалаараа тооцвол бараг 30 гаруй хувийн татвар төлнө. Одоо бид 20 хувийн татвар төлж байгаа. Уг нь бид татварыг хөнгөлье, чөлөөлье, хамрах хүрээ, татварын суурь баазаа томруулах бодлого барих байтал эсрэгээр нь суурь баазаа хумиад, дээр нь татварын шатлалуудаа нэмээд явчихаар хувь нь нэмэгдэнэ. Ингэхээр яаж өндөр цалинтай ажилчид тогтвор суурьшилтай ажиллах юм бэ.

-Монголд уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүс л гайгүй цалин авч байна. Хэрвээ татварын шатлалууд нэмэгдвэл тэдний татварын хувь хэмжээ өснө гэсэн үг үү?

-Манай уул уурхайн салбарт ажилладаг, гайгүйхэн шиг том, дунд компанийн дундаас дээш түвшний менежерийн цалин бараг хоёрдугаар шатлалтай татвартаа ороод эхэлнэ. Бараг 30 хувийн татвар төлнө гэсэн үг байхгүй юу. Хувь хүний албан татвар шүү. Энийгээ дагаад Нийгмийн даатгалын тухай хуулиараа шимтгэл нь бас өндөр болоод явчихна. Ингээд эхлэхээр аж ахуйн нэгжүүдэд гайгүй сайн мэргэжилтэй, дадлага туршлагатай хүмүүсээ ажиллуулъя, өндөр цалин хангамж олгоё гэхээр одоо мөрдөгдөж байгаа болон шинээр өргөн барьсан татварын хуулиуд энэ чигээрээ батлагдвал Монголд ажиллах хүч бүр олдохоо байна. Бизнес эрхлэх ямар ч боломжгүй болж эхэлнэ.

-Өөр анхаарал татаж буй ямар асуудал байна вэ?

-Давхар татварын асуудлыг ерөөсөө хэн ч ярихгүй байна. Нэг татвар төлсөн дүнгээс дахиад татвар аваад байгаа нь хэр зөв юм бэ. Энэ өргөн барьсан хуулийн төсөл дээр ч байхгүй байна. Ийм төрлийн татвараас авчихсан бол дараа нь нэмж авахгүй шүү гэдэг заалт ерөөсөө байхгүй хэрнээ давхардуулж авна гэсэн утгатай зүйл яваад байгаа юм. Ингээд байхаар яаж бизнес хөгжиж тэлэх вэ. Ямар ч боломжгүй болж байна. Миний ойрын хүрээнийхний мэдээлснээр, Монголын дөрвөн том компани Монгол Улсаас гарах гэж байна. Өөрөөр хэлбэл, гадагшаа гараад, Монгол Улсад бүртгэлгүй болох гэж байна гэсэн үг. Гадаадын улсад бүртгэлтэй болж, тэндээ татвараа төлье гэж байна.

-Татварын дарамт их байхад өөр яалтай ч билээ…

-Томчууд ингээд гараад эхлэх нь. Тэгвэл жижгүүд нь гардаггүй юм аа гэхэд үйл ажиллагаа явуулахаа больж байна. Жижгүүд гараад эхэлбэл улсад ажил хийдэг хүнгүй болох гээд байна шүү дээ. Татварын бодлого уг сууриараа, үндсээрээ буруу яваад байна. Үүнийг зөв тийш нь залж залруулахгүй бол маш олон асуудал үүснэ. Бид өнөөдөр зөвхөн хуулийг нь л яриад байна. Гэтэл тэр хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн заалтыг яаж хэрэглэх юм бэ гэдгийг огт ярихгүй байна. Тэр журмууд нь яг зөв гарч байгаа юм уу, тооцоолол нь зөв юм уу, тэр тооцооллыг бодсон томьёо нь зөв юм уу гэдэг дээр хэн ч нэг ч үг үсэг ярихгүй байгаа нь дараагийн том асуудал. Хуулиа батална, дагаж мөрдөх журмын тухай хуулиараа журмаа баталдаг. Тэр журам нь өөрөө асуудалтай байвал яах юм бэ. Ингээд бие биетэйгээ уялдаа, хамааралтай маш олон салбар нэгийг нь буруу хийчихэд л нөгөөхдөө дам дам нөлөөлөөд явчихаж байгаа юм. Өнөөдөр ХХОАТ гээд, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа өөрийнхөө дур сонирхлоор юм хийж буй хүмүүсээс тухайлбал, хувьцаа, бонд зарж ашгаас нь авдаг татварыг нэг хувь гээд хөнгөлж чөлөөлнө гэсэн гоё заалт байна.

-Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юу?

-Хэрэгжиж байгаа. Өнгөцхөн харахад гоё байна. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлэхээр дагаж мөрдөх батлагдсан журам нь юу вэ. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хоёрын баталсан журам нь өөрөө алдаатай. Энэ журмаас болоод зүгээр байсан хүмүүс нь өрөнд орно. Дээрээс нь манай бизнесийн орчны хамгийн том санхүүгийн салбарыг тэр чигт нь унагачихаж байна. Хууль нь зөв хууль гарсан. Гэтэл тэр хуулийг дагаж мөрдөж буй журмыг буруу гаргасан. Одоо ингээд Монгол Улсад гадны том хөрөнгө оруулагчид орж ирэхээ болиод, эсрэгээр Монголоос хөрөнгө нь гадагшаа гардаг болчихоод байна. Энэ нь хамгийн наад зах нь журмаас л болж байгаа юм. Нэг хувийн хөнгөлөлтийг яаж тооцох юм бэ, яаж тооцож авах вэ гэдэг журмаас болоод гадны хөрөнгө оруулалт Монголд орж ирэхээ больсон. Эсрэгээрээ Монголын хөрөнгө оруулалт бүгд санхүүгийн салбараас гараад, гадагшаа явж байна.

-Дотоодынх гадагшилж байгааг илтгэх нотолгоо бий юү?

-Энэ бол их энгийн статистик судалгаатай тоо л доо. Өнөөдөр дөрөвдүгээр сарын эхний долоо хоног өнгөрч байна. Гэтэл сүүлийн яг нэг жилийн хугацаанд явагдсан санхүүгийн салбар дахь нийт үйл ажиллагаа, арилжааны тоо энэ журам батлагдангуут эрс буурсан байна. Бид тэнэг хүмүүс биш шүү дээ. Буруу тооцоолол байна гээд хэлээд байхад тэр чигээр нь баталчихсан. Энэ хэрээр санхүүжилт гараад явчихаж байгаа юм. Санхүүгийн салбарын энэ байдал бусад салбартаа ч нөлөөлөөд эхэлж байна. Мөнгө нь Монголдоо байхгүй, гадагшаа гараад явчихсан. Энэ бүхний эцэст Монголд мөнгө байхгүй, ажиллах хүч байхгүй болно. Дээр нь том компаниуд нь Монгол Улсад бус, татварын таатай улсуудад бүртгүүлээд явж байна. Энэ бол бүр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр яригдсан асуудал юм. Би ямар нэгэн байдлаар таагаагүй, тэдгээр компаниудын нэрийг хэлж болохгүй. Энэ бүхэн манай хууль цогцоороо, системээрээ буруу яваад байгаагийн л илрэл.

-Энэ байдлыг хамгийн түрүүнд мэдэрч байгаа салбар гэвэл?

-Санхүүгийн сал барын хан. Дараа нь жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн. Жижиг, дунд дотроо хүнсний салбарынхан илүүтэй мэдэрч байна. Дараа нь хувцас, оёдлын салбарынхан бүр их мэдэрч байна. Худалдан авагчгүй болж эхлэхээр ажлаа яах вэ, борлуулалтаа яах вэ, өр зээлээ яах вэ гээд дагаад санхүүгийн салбартаа буцаад ирнэ. Зээлийг хэнээс авах вэ, банк болон банк бусаас авч байгаа. Зээлээ төлж чадахгүй болвол чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдээд эхэлнэ. Үүнийг дагаад банкны өр, зээлийн харьцаа алдагдана. Ингээд улсын эдийн засаг унах нөхцөл бүрдэнэ. Эндээс манайд яригдаж байгаа асуудлууд бүгд орвонгоороо буруу яваад байна. Тиймээс татварын зөв бодлого барих хэрэгтэй. Одоо бидний ярих дуртай, АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп хамгийн түрүүнд гаргасан татварын бодлогоороо дотоодод байгаа татварыг бүгдийг нь тэглэчихлээ. Харин гадаадаас бараа оруулж ирж байгаа бол нэмнэ гээд, хамгийн бага нь 10, тэгээд 40, 50 гээд явчихаж байна. Тэрэнтэй адилхан биш юм аа гэхэд бид тэр хүмүүсийн зөв юмыг дуурайх хэрэгтэй байна шүү дээ.

-Тухайлбал?

-Татварыг ямар нөхцөлд тэглээд байна вэ, ямар татварыг нэмэх ёстой вэ гээд. Гэтэл манайх дотооддоо үйлдвэрлэж байгаа хүмүүсээсээ өндөр татвар авна гээд, импортоор орж ирж байгааг татвараас чөлөөлнө, тэглэнэ гэж яриад байгаа нь өөрөө манай бодлого яг эсрэгээрээ, буруу яваад байгааг харуулж байгаа юм. Гэтэл манайхаас өөр ийм бодлого барьж байгаа орон алга. Хорвоо дээр бараг ганцхан буруу системтэй, буруу бодлоготой нь манайх болчихоод, дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нар нь ямар ч боломжгүй, эхнээсээ гарч эхэллээ. Энэ маш том асуудал болж байна.

-Ийм байдлаас яаж ангижрах вэ, ямар гарц байна гэж та хэлэх вэ?

-Хамгийн түрүүнд хуулиа концепци, системтэй нь томоор нь харахгүй бол Монголын эдийн засаг унаж байна. Макро түвшинд өнөөдөр том зургаараа унаад эхлэхэд эргээд маш богино хугацаанд жижиг түвшиндээ хурдан мэдрэгдэнэ. Яагаад вэ гэвэл, манай эдийн засаг тийм том биш. Олон салбартай ч биш. Уул уурхайгаар дагнасан ганцхан эдийн засагтай. Тэрнээсээ олсон жаахан юмаа бусад салбартаа тарааж шингээдэг л эдийн засаг. Гэтэл ингээд татварын бодлого эсрэгээр явчихвал уул уурхайд ажиллаж байгаа тэр өндөр цалинтай хүмүүсийнхээ цалинг яах юм бэ. Татвар хоёр, гурав дахин нэмэгдээд явчихаар тэр хүмүүс яах вэ. Бодлогууд энэ мэт буруу яваад, харьцуулсан судалгаанууд ерөөсөө хийгдэхгүй байна. Нөгөө талд гишүүд хууль боловсруулахдаа яг тухайн салбарт нь байдаг, ажиллаж амьдардаг хүмүүсээс ерөөсөө санал авахгүйгээр хууль тогтоомжийн тухай хуулиар төрийн байгууллагаас судалгаа, санал авна г эдэг. Гэтэл төрийн байгууллагын ажилтан төрийн албан хаагч. Тэр тухайн салбарт ажилладаг хувийн хэвшлийн хүн биш. Тухайн хуулийг шууд өөр дээрээ авч хэрэгжүүлдэг субьект биш байхад очиж саналыг нь авдаг нь буруу байгаа юм. Ерөөсөө манай бүх хууль хорино, хаана, бооно, түгжинэ, торгоно, шийтгэнэ гэсэн агуулгатай байдаг. Ийм байхад бизнес яаж хөгжих юм бэ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Д.Эрдэнэтуяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *