Газарзүйн улсын XXIX олимпиад 4 дүгээр сарын 7-ны өдөр албан ёсоор эхэллээ. Уг олимпиад сурагчдын ангилалд IX анги, XII анги, багшийн ангилалд онол, дадлага, мультимедиа тест төрлүүдээр МУБИС дээр зохион байгуулж байна.
Энэ жилийн олимпиадад “Газарзүй – Бүсчилсэн хөгжил” сэдвийн дор хоёрын даваанд оролцсон 2000 гаруй багш, сурагчдаас шалгарсан 191 оролцогч газарзүйн мэдлэг чадвараараа өрсөлдөнө. Мөн шалгалтын үеэр багш нарт зориулсан тусгай өдөрлөг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн дээр болох юм.
Хорооны дарга, профессор В.Батцэнгэл нээлтийн үеэр бүсчилсэн хөгжлийг бодлогыг дэмжиж, энэ жилийн олимпиадад Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа тухай онцлон тэмдэглэлээ. Мөн тус хүрээлэнгийн захирал, доктор Д.Эрдэнэбаяр оролцогчдод сонирхолтой илтгэлээ танилцууллаа.
Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар Боловсролын ерөнхий газар, Монголын газарзүйн олимпиадын хороо, МУБИС, МУИС хамтран ажиллаж байна.