Дарханд олон улсын жишигт нийцсэн шүүх барина


ШЕЗ Монгол Улсын хэмжээнд анх удаа Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн шүүх барих гэж байна. Манай улсад нийт 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар бий. Эдгээр нь 40 барилгад үйл ажиллагаа явуулж байна. Үүний 13 шүүх, 5 шүүхийн Тамгын газар өөрийн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх юм.

Тус шүүх 1997 оноос эхлэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын харьяа барилгыг түрээсэлж байна. Өрөө тасалгааны хүртээмж, зай талбай бага, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын ажиллах орчин нөхцөл стандарт бус.

2025 онд Шүүхийн ерөнхий зөвлөл нийт 5 шүүхийг зориулалттай барилгатай болгохоор барилга бариулж эхэлжээ. Шинээр барих гэж буй энэ барилга 30×33 метр хэмжээтэй, 6138 ам м талбайтай, 5 давхар байх аж. Шүүхийн байрны стандартад нийцүүлэн иргэд болон шүүгч, ажилчдын орц. гарцыг тусад нь гаргана. Шүүгдэгч, яллагдагчийг түр саатуулах өрөөнөөс эрүүгийн шүүх хурлын танхим руу оруулах цахилгаан болон явган шаттай.

Шүүгчийн аюулгүй байдлыг архитектурийн шийдлээр хангахыг зорьжээ. Зөвлөлдөх тасалгаа бүхий 8 хурлын танхимтай. Оролцогч олонтой хэрэг маргаан шийдвэрлэх 7,5 метрийн өндөртэй 105 ам м талбайтай 1 танхимтай.
Шүүгч, захиргааны ажилтнуудын 98 өрөө болон өмгөөлөгч, прокурор, насанд хүрээгүй этгээдийн, эд мөрийн баримт хадгалах, архив, сервер зэрэг шүүхэд шаардлагатай бүхий л өрөө тасалгааг төлөвлөжээ.

Барилгын үндсэн гүйцэтгэгчээр шалгарсан “Бүтээлч трейд” ХХК үүнийг 2026 оны 8-р сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *