Одоогоос яг нэг жилийн өмнө нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Миний дэлгүүр”-ийн агуулахад гарч гарч, уг галыг унтрааж явсан гал сөнөөгч амиа алдсан. Талийгаач Д.Жанчивын эхнэр Б.Ганцэцэг, том хүү Ж.Бат-Оргил болон талийгаачийн дүү Д.Бямбацогт нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Д.Жанчив, Б.Ганцэцэг нар ханилан сууж, хамтын амьдрал эхлүүлээд 22 жил болсон бөгөөд 5 хүүхдийн эцэг эх.
Д.Жанчив агсны гэргий Б.Ганцэцэг:
-Ханиа алдаад нэг жилийн хугацаанд маш их зүйл үзэж тууллаа. Олон дарга нарын хаалгыг татаж, арга мухардаад, ингэж сууж буйдаа харамсаж байна. Миний хань Д.Жанчив онцгой байдлын албанд 25 жил ажилласан. Хань минь энэ албанд 25 жил зүтгэхдээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ биелүүлсэн. Харин төр ямар үүрэгтэй юм бэ ? Яагаад бүхэл бүтэн 25 жил ажилласан алба, хаагчаа Монгол Улсын төр үнэлж чадахгүй байгаа юм бэ? Хань минь 7000 гаруй хүний амь аварсан.
Өнөөдөр энд хэлэх гэсэн эхний асуудал бол онцгой байдлын албан хаагчдын хувцас, хэрэгсэл. Өнгөрсөн хугацаанд би олон газрын онцгой байдлын албаны хувцас хэрэгслийг өөрийн биеэр харж, танилцлаа. Монгол Улсад стандарт гэж зүйл ер алга. Ард түмнийг аврагч авардаг. Тэгвэл аврагчийг хэн аврах юм бэ ?
Эзэгтэй нар шарах шүүгээнээс хоолоо гаргахдаа хэдэн бээлий өмсдөг билээ. Харин улаан гал руу орж байгаа аврагч юу өмсөж ордог билээ. Яагаад хамгийн сайн хувцас, холбооны станц нь аврагчдад байдаггүй юм бэ ? Хав харанхуй утаан дунд хамгийн ойр байгаа төмөр нүдэж л амь аврагдаж байна.
Хоёр дахь асуудал бол баатар цол. Би ханиа баатар гэж боддог. Энэхүү шагналыг яг ямар хүнд олгодог юм бэ гэдгийг би асуумаар байна. Монгол Улс өнөөдөр дайн байлдаангүй энх тайван орон. Тангараг өргөж, үүрэг хүлээсэн алба хаагчид л энх цагт амь эрсдэж байна. Эдгээр хүмүүстээ баатар цол нэхэн олгож болдоггүй юм болов уу? Энэ хэчнээн төмөр ч гэлээ гэр бүлийнхний хувьд амь насны үнэ цэнтэй нь дүйцэхүйц шагнал гэж боддог. Ганц миний хань биш, үүрэг гүйцэтгэж яваад баатарлагаар амь үрэгдсэн олон албан хаагчийн гэр бүлийг төлөөлж, ингэж хэлж байна. Гавьяа шагнал авах болохоор дарга нар нь аваад, гал ус уруу орох болохоор хэдэн аврагчид нь ордог байж болохгүй.